Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай нүүрсний үйлдвэрийн хөгжлийг усны менежмент тодорхойлно

Доктор Ч.Хурцтай уул уурхайн үйлдвэрлэлийн талаар ярилцлаа.

-Өнөөдөр Монголын уул уурхайн салбарын хөгжлийн чиг хандлага ямар байна гэж та дүгнэж байна вэ?
-Зах зээл нь байвал манайд нүүрснээс их юм алга. Тэгэхээр нөөц уурхайнуудын хүчин чадлын хувьд айх хэрэггүй. Гагцхүү тээврийнхээ асуудлыг яаралтай зөв шийдэх хэрэгтэй.
Аль ордоо хэзээ, яаж ашиглах жагсаалт гаргаад, УИХ-аар батлуулаад мөрдөх ёстой. Сүүлийн үед салбарын хөгжлийн бодлого гэж л нэг баримт бичиг хийх юм. Сурах бичиг шиг юм хийчихээд ямар ч хугацаагүй, орд газрын нэргүй, юунд хүрэх гэж ямар бодлого зорилго тавьж байгаа нь ч мэдэгдэхгүй. Зүгээр л Монголд геологи хэрэгтэй, уул уурхай хөгжих ёстой, нүүрс­ний ашиглалт нэмэгдэх шаардлагатай гэж биччихээд түүнийгээ бодлого гэж батлах хэрэггүй. Бүх зүйл тодорхой байх учиртай. Түүнээс биш уул уурхайн сурах бичиг гаргаад үр дүнд хүрэхгүй. Өнөөдөр нүүрсний аж үйлдвэрийн бод­­логыг нь тодорхойлоод, хэ­рэгжүүлэх ажилдаа шууд орох нь чухал.
-Монголын “Нүүрсний сал­барын мастер төлөв­лө­гөө” гэж саяхан гаргасан. Олж харав уу?
-Янз, янзын хөтөлбөр гарч байна. Японы “Жайка”-ын шугамаар олон эрдэмтэн “Нүүрсний салбарын мастер төлөвлөгөө” гаргаад Уул уурхайн яаманд танилцууллаа. Тэрийг харахад Монгол өөрийнхөө зах зээлийг он удаан жил хадгалах асуудлыг маш туйлбартай шийдэх хэрэгтэй болж. Өөрөөр хэлбэл, бид нүүрс экспортлогч орны хувьд худалдан авагчтайгаа олон жилийн тохиролцоо хийх ёстой гэсэн үг. Жилд хэдий хэмжээний нүүрс ямар үнээр яаж авах тухай тогтвортой гэрээ хэлцэл хийх ёстой. Өнөөдрийнх шиг нүүрс их олборлон зарж байгаад үнэ нь уначихдаг байвал нүүрсний аж үйлдвэр тогтвортой хөгжихгүй. Иймд тогтвортой худалдан авагч, үйлдвэрлэл байж л сая уул уурхайн үйлдвэрлэл үр өгөөжөө өгнө.
-Сүүлийн үед нүүрсээ бо­ловсруулан экспортлоё гэж их ярих болсон. Энэ талын хөрөнгө оруулалт манайд хэр орж ирдэг юм бол?
-Гадаадын хөрөнгө оруу­­лагчид боловсруулах үйлд­­­вэрт нэг их хөрөнгө оруу­лахгүй байх. Монголд гэхээ­сээ  түүхийгээр нь аваад нутагтаа боловсруулъя гэсэн газар олон бий. Нэг тонн нүүрс  баяжуулахад 70 гаруй хувь нь баяжмал, 20 гаруй хувь нь хаягдал болдог. Үүнийг хог гээд зүгээр хаяж болохгүй шүү дээ. Ашиглаж болно. Ер нь, хамгийн эхэнд цахилгаан станц байгуулах хэрэгтэй. Өнөөдөр баяжуулсан нүүрс хамгийн үнэтэй, зах зээлд хялбар олдож байгаа ашигт малтмал. Иймд бид нүүрсээ аль болох баяжуулах хэрэгтэй. Үүний тулд усныхаа асуудлыг шийдэх ёстой. Дэлхийд нүүрс баяжуулах усны 70-80 гаруй хувийг эргүүлэн ашигладаг технологи нэвтрээд байна. Монголын нүүрсний аж үйлдвэрийн хөгжих чиг хандлагыг тодорхойлогч нь усны менежмент байх болно. Хаана усаа зөв хуримтлуулж чадна, тэнд уул уурхайн боловсруулах үйлдвэр хөгжинө. Өнөөдөр шатах занар, хүрэн нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэнэ гэж ярьдаг. Энэ чинь усыг ёстой залгигч юм. Ийм үйлдвэр усаа задлаад хэрэглэдэг учраас үлдэх юм байхгүй. Тэгэхээр гадаргын устай газарт ийм үйлдвэр байгуулах нь тохиромжтой.  
-Уул уурхайн салбар Монголын хөгжлийн хөдөл­гүүр гэх болсон. Тиймдээ ч хөрөнгө оруулагчдыг татаж байх шиг?
-Уул уурхай манай улсын хөгжлийн ирээдүй мөн. Гэхдээ уул уурхайгаа дагасан бусад үйлдвэрлэлээ ч хөгжүүлэх учир­тай. Бид Эрдэнэтийн үйлд­вэрийг байгуулагдахад гэр бүлийн хүмүүсийг нь ажил­­тай болгохын тулд Хивс­ний үйлдвэр барь­сан. Цэцэрлэг, сургууль бай­гууллаа. Тэгэхээр манай Эрдэнэт бол нийгмийн болоод уул уурхайн үйлдвэрлэлийг сонгомлоор нь шийдсэн менежмент сайтай үйлдвэр. Улсын үйлдвэр учраас манай зарим удирдлага  энэ үйлдвэрт янз бүрийн бараа бүтээгдэхүүн шахах гэж үйл тамыг нь үздэг. Энэ үйлдвэрийн бие даасан байдлыг ийн сарниулж байгаа нь төр муу менежер шүү гэж хэлэхийн оронд зохион байгуулалтын арга хэмжээ авмаар байна. Түүнээс биш төрийн үйлдвэр хувийнхаас илүү дэмжлэгтэй байж муу менежменттэй байна гэж байхгүй. Манай төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд гадны нөлөөлөл асар их хүчтэй байдаг. Энэ нь, менежментийг нь унагадаг. Энэ нөлөөллийг нь хориглоод хяналтын хүчтэй систем тогтоох хэрэгтэй. Уг нь, төрийн дэмжлэгтэй компани түргэн хугацаанд дэвжих учиртай. Өнөөдөр дэлхийн бүх зэс үйлдвэрлэгчид төрийнхөө дэмжлэгтэйгээр явж байгаа. Нүүрсний томоохон үйлдвэрүүд бас ийм л чиглэлээр явах боллоо. Үр өгөөжтэй үйлдвэр байгуулах гэж байгаа бол төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай.
-Манай томоохон ордууд ус багатай говьд байна. Тэгэхээр үйлдвэрлэлийн хэрэгцээний усыг яаж шийдэх ёстой юм бол оо?
-Говийн гүний усыг шавхаж болохгүй. Энэ ус 40, 50 мянган жилийн турш хуримтлагдаж ирсэн юм. Үүнийг дөрөв, таван жилийн дотор шавхчихаар экологийн сүйрэл болно. Иймээс гадаргын усаар хангах асуудлыг шийдэх ёстой. Өнгөрсөн онд Хэрлэн гол ердийн урсгалаасаа 2.5 дахин илүү ус гаргалаа. Ердийн нөхцөлд 25 шоо метр устай гол бороо хуртай, зуны гурван сард 68 шоо метр болсон юм. Тэгэхээр бид энэ сайхан нөхцөлийг алдаад байгаа. Үүнийг л зөв ашиглах хэрэгтэй.
-Монголын эдийн засаг ганц уул уурхайд түшиглэж байна. Судлаачид ашигт малт­малд суурилсан эдийн засаг эрсдэлтэй гэж ан­хааруулсан?
-Дээр хэлсэн. Эрдэнэт үйлдвэрийг байгуулсан менеж­ментээр л явах учиртай. Одоо Өмнийн говийн төмөр замын бүтээн байгуулалт гээд улс орон даяар асар том хөрөнгө оруулалттай стратегийн ач холбогдолтой ажил өрнөх гэж байна. Хаана нь үйлдвэр, цэцэрлэг, сургууль, хот суурин байгуулах юм, хэдэн ам нь хэд байх уу, хэнийг хаанаас авчирч тэр төмөр замын станцуудыг эзэнтэй болгох юм гээд хоорондоо уялдаа холбоотойгоор иж бүрэн шийдэх ёстой. Оюу толгой шиг баяжуулах үйлдвэрээ барьчихаад нийгмийн асуудлаа шийддэггүй, байшин барилга барьдаггүй байж таарахгүй.
Нэг шавар овоохой босгочихоод түүнийгээ гэр гэж болохгүй. Гэтэл бидэнд Эрдэнэт гэж уул уурхайн салбарыг хөгжүүлсэн бэлэн сайхан жишээ бий. Тухайлбал, энэ үйлдвэрийг барьж байх үед таван жилийн хугацаанд байгуулна гэсэн. Тэгээд үйлдвэр, дараа нь 19 мянган хүнтэй хотынх нь орон сууц зэрэгцээд боссон шүү дээ. Дээр нь, уурхайчдын гэр бүлийнхний ажиллах ажлын байрыг хүртэл бэлэн болгосон юм.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан