Манай улс газрын доорх баялгаараа дэлхийд танигдаж, хамтарч ажиллаж, хөрөнгө оруулалт хийх саналыг томоохон улс гүрнүүд тавих болсон. Энэ ч утгаараа Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт гэх мэт ихээхэн нөөцтэй ордуудаа түшиглэн зарим улстай хамтарч ажиллаж, томоохон төслүүд хэрэгжүүлж буй. Гэвч үүнийгээ дагаад “Оюу толгойн гэрээг улсдаа ашиггүй хийсэн, Таван толгойн нүүрсээ хямдхан зарж байна. Манай байгалийн баялаг дуусангуут ухаж сэндийчсэн газар шороо үлдэнэ” хэмээн шүүмжлэлтэй хандах байдал нэмэгдсээр. Асар их нөөцтэй орд газар Норвегид илрэхэд тэд санал тавьсан болгонтой хамтарч ажиллахгүйгээр дотооддоо маш нухацтай ярьж төлөвлөсний дүнд өдгөө хөгшин Европын хөгжилтэй орнуудын дээгүүрт жагсах болсон. Харин манай улсад уул уурхайн лицензийн тоо зах замбараагаа алдан, зарим аймгийн нутаг дэвсгэрт сэглэгдсэн газар үлдэж, мал бэлчээрлэх ч боломжгүй болсон. Энэ бүхнийг хазаарлах зорилгоор 2010 онд ҮАБЗ-ийн шийдвэрээр ашигт малтмалын лиценз олгохыг зогсоосон билээ.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулж УИХ-аар хэлэлцүүлэх гэж буй. Уг хуулийн төслийн талаар “Иргэний танхим”-д өчигдөр нээлттэй хэлэлцүүлэг болсон юм. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгч хөтлөн явуулж, тус хуулийн талаар санал бодлоо илэрхийлэв. Тэрээр “Энэ хуулийн төслийн танилцуулгын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээс харахад ард түмэн, эрх баригчид дурамжхан байгаа юм билээ. Эндээс бид нэгдсэн ойлголтод хүрээгүй байсныг ойлголоо. Хуулийн төсөлд гурван асуудлыг гол болгож харлаа. Хамгийн чухал нь ашигт малтмалын хайгуулын лицензтэй холбоотой учраас эхлэлээ зөв тавимаар байна. Гэтэл манайхан буруу эхлээд байна шүү дээ. Манай улс зах зээлийн тогтолцоо руу шилжээд геологи гэдэг зүйлийг орхигдуулсан. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогоо гаргаагүй. Одоо энэ асуудлыг ярья” гэв.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хайгуулын 2253, ашиглалтын 1255 лиценз байгаа аж. Үүнд шүүхээр асуудал нь шийдэгдэж буцсан 100 гаруй лиценз ч багтаж буй гэсэн. Энэ тухай мэдээллийг Ерөнхийлөгч сонсоод “Манайд ашиглагдах 1255 уурхай байна гэсэн үг. Үүнээс 400 гаруй нь Өмнөговьд бий. Тэгэхээр энэ хуулийг батлуулах гэж юунд яараад байгаа юм. Хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар оруулж хэлэлцүүлэхгүй. Яагаад гэхээр бүх зүйл чинь түүхий байна. ҮАБЗ-ийн үзэл бодол болон улс хоорондын харилцааг аваад үзье гэхээр бодлого нь алга. Тийм учраас үүнийгээ бий болгож авъя. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө улс төржиж байна гэж бодож магадгүй. Үүнд улс төржих зүйл байхгүй, энэ хуулийг сайн болгож батлавал цаана нь Монгол Улсын эрх ашиг явж байгаа. Бид лиценз олгохыг яах гэж зогсоосон юм. Энэ сургамж дээрээ үнэлэлт дүгнэлт өгөх гэж шүү дээ” хэмээн тодотгосон.
Манайх сургамжийн жагсаалт гаргахаар болжээ. Бид өнгөрсөн хугацаанд Оюу толгой, Таван толгой, бусад алтны болон бичил уурхайнуудад маш олон зүйл алдсан. Энэ бүхнээс суралцсан зүйлээрээ жагсаалт гаргах нь хамгийн оновчтой арга гэнэ. Улмаар Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогоо тодорхойлж, дараа нь ерөнхий хуулиа гарган үе шаттайгаар ажиллах юм байна. Харин хууль гаргах бүртээ татварын өөрчлөлт хийх шаардлагагүй гэдгийг Ерөнхийлөгч онцолж байв.
Түүнчлэн уурхай бүр ашигт малтмалынхаа онцлогоос хамааран дүрэм журамтай байх тухай дээрх хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн. Учир нь, бусад улсад ийм жишиг аль хэдийнэ тогтсон атал байгалийн баялгаараа дэлхийд дээгүүрт ордог манайд ямар ч зохицуулалт байхгүй аж. Эцэст нь Ерөнхийлөгч “Хурдан хугацаанд түүхий юм гаргаж, араас нь зовж байхаар сайн бодож, асуудлуудаа ярьж байгаад нэг мөр сайн хууль гаргая. Ажлын хэсгээ ч шинээр байгуулъя. Хуучин ажлын хэсгийг тарааж байгаа юм биш. Өргөтгөнө гэсэн үг. Бидэнд өөрийн гэсэн үндэсний онцлогтой бодлого хэрэгтэй байна. Ирээдүйд бид хүссэн хүсээгүй нүүрсээ шингэрүүлж түлш гаргаж авна. Тиймээс стратеги буюу төлөвлөлтөө сайн бодож хийх хэрэгтэй. УИХ-ын гишүүд нэг, хоёроороо нийлж хууль санаачилдагийг болимоор байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын талаар тусгайлсан хууль гаргахгүй бол Байгаль орчны хуулийн дагуу одоо үйл ажиллагаа явуулж байгаа 70 гаруй карьерын аж ахуйг хаахаас өөр аргагүй болно. Усны тухай л гэхэд Туул голын хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд ямар ч зөвшөөрөлгүй хашаандаа худаг гаргаад гүний болон хөрсний усыг тоолуургүй ашиглаж байна. Боливи, Нигери, Монгол гурав нэг замаар замнаж эхэллээ. Тиймээс энэ хуулийн төсөлд нухацтай хандаж батлах ёстой” гэв.
Дээрх хэлэлцүүлэгт оролцсон эдийн засагч, сайд асан Ч.Хурц “Ашигт малтмалын тухай хууль Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болж байдаг.Тиймээс уг хууль төрийн байнгын хяналтад байх ёстой. Үнэндээ тусгай зөвшөөрөл гэдэг чинь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл. Гэтэл одоо газар эзэмших зөвшөөрөл юм шиг л болчихоод байна. Өнөөдрийн хууль бидний ашиг сонирхлоос хэтэрхий хөндий байгаа” хэмээн үзэл бодлоо илэрхийлэв.