Дэлхийн уул уурхайн томоохон компаниудын нэг “Anglo America Plc” Монголд салбараа нээж, даргаар нь “Эрдэнэс Таван Толгой”-н дэд захирал байсан Грэм Хэнкокийг тавьсан байна. “Эрдэнэс Таван Толгой”-н дэд захирлын суудлаас өнгөрсөн сард буусан Грэм Хэнкок “Anglo America Plc”-ын Монгол дахь ахлах төлөөлөгч, ерөнхийлөгчөөр томилогджээ. Грэйм Хэнкок “Anglo American компанийг Монголын Засгийн газар, бизнесийн хүрээлэл, иргэд, орон нутгийнхантай холбож, харилцаа холбоогоо бэхжүүлэхийг гол зорилгоо болгон ажиллах болно” гэж мэдэгджээ. Рио Тинто компанийн томоохон өрсөлдөгчдийн нэг ийнхүү Риог Монголын Засгийн газартай тааруухан харилцаатай байгаа үед орж ирсэн нь уул уурхайн шинжээчдийн анхаарлыг татаж байна.
“Anglo America Plc” бол Лондонд төвтэй Британийн үндэстэн дамнасан компани бөгөөд платинум үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэхийн зэрэгцээ алмааз, зэс, никель, төмрийн хүдэр зэргийн олборлолтоор тэргүүлэгчдийн нэг юм. Африк, Ази, Австралази, Европ, Хойд Америк, Өмнөд Америкт үйл ажиллагаа явуулдаг, Лондонгийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалдаг ажээ. Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудаас хөрөнгийнхөө хэмжээгээр 15-д бичигддэг байна.