Рио Тинтогийн Монгол дахь зэс, алтны уурхай ёстой л мөрөөдлийн гэмээр байршилтай. Дэлхийн хамгийн том зах зээл болсон Хятадын хажууханд оршино. Гэвч энэ төсөлд илүү их хяналт тавих гэсэн Монголын хүсэл сонирхол Риогийн буруугаар эргэсэн өөр нэг уурхайн гашуун туршлагыг сануулах болов.
Монголын Засгийн газар улсынхаа хамгийн том хөрөнгө оруулалт болох Оюу толгойн төслийн зардалд 6,6 тэрбум ам.доллар гаргачихаад байгаа Риогийн менежментийг шүүмжлэх болсон. Хууль тогтоогчид нь Оюу толгойн ашгаас илүү хувийг хүртэх хэрэгтэй хэмээн маргаж байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь төслийн менежментэд илүү хяналт тавих сонирхолтой байгаагаа мэдэгдсэн билээ. 2011 онд эдийн засаг нь 17,3 хувиар өссөн атлаа гурван сая шахам хүн амынх нь тавны нэг нь ядууралд автсан хэвээр байгаа энэ улсад ирэх зургадугаар сард Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж, Ц.Элбэгдорж өрсөлдөх юм.
Гэвч Рио Оюу толгойн гэрээг өөрчлөх Засгийн газрын шаардлагад татгалзсаар байгаа нь байдлыг улам хурцатгаж, хориод жилийн өмнө Риогийн өөр нэг зэсийн уурхайд болсон явдал давтагдах вий гэж бодоход хүргээд байна. Пангуна төсөл гэдгээр олонд танигдсан Папуа Шинэ Гвинейн Бугэйнвилле арал дахь Рио Тинтогийн зэсийн уурхай нутгийнхны эсэргүүцэл тэмцлээс болж хаагдан, өдий хүртэл АНУ-ын шүүхэд маргаан дагуулсаар байгаа юм.
Уул уурхайн үзүүлж буй хор нөлөө их байтал компаниас хангалттай нөхөн төлбөр өгөхгүй байна гэж нутгийн ард иргэд эсэргүүцсэнээс энэ бүх явдал эхэлсэн юм. Уурхайд ажилладаг нэгэн эр анх энэ тэмцлийг эхлүүлж, эцэстээ тэр нь арлыг тусгаар тогтносон улс болгох томоохон хөдөлгөөн болон тэлсэн юм.
Тиймээс Папуа Шинэ Гвинейн Засгийн газар тэнд цэргээ оруулан, онц байдал тогтоосон нь эцэстээ олон мянган хүний аминд хүрсэн гашуун түүхтэй. Яван явсаар энэ хэрэг АНУ-ын шүүхэд очиж, Рио Тинто компани Папуа Шинэ Гвинейн Засгийн газраар геноцит үйлдүүлж, хүний эрхийг ноцтой зөрчиж, байгаль орчинг сүйтгэсэн гэдэг гомдлыг арлын иргэд гаргасан юм. 2011 оны аравдугаар сард болсон шүүх хурлаар Рио ялагдсан ч АНУ-ын Дээд шүүхэд давж заалдаад, одоо хүртэл шийдвэр гараагүй байгаа.
Харин Монголын Оюу толгойн хувьд энэ хоёр төслийг хооронд нь харьцуулах аргагүй гэлцэж байна. Ирэх долдугаар сард үйлдвэрлэлээ эхлэх энэ уурхай 50 жил ашиглах нөөцтэй. Энэ нь 1972-1989 оны хооронд гурван сая тонн зэс олборлож, таван саяыг нөөцөлсөн Пангунагийн уурхайгаас даруй гурав дахин том гэсэн үг.
Хоёр талын эсрэг тэсрэг байр суурь гэрээг өөрчилж чадахгүй байх гэж шинжээч Жэйн үзэж байна. Учир нь, “Рио Тинто Монголын Засгийн газрын саналыг зөвшөөрчихвөл бусад улс орон ч ийм зүйл шаардаад эхэлнэ. Тиймээс магадгүй хөшигний цаана тохиролцоо хийх биз” гэж тэрээр таамаглаж байна.
Магадгүй одоохондоо баялгаа ухаж гаргахыг тэд төдий л яарахгүй байж болох ч 10 юм уу 15 жилийн дотор хоёр тал тохиролцоонд хүрчих байх гэж уул уурхайн шинжээчид үзэж байна. 23 жилийн өмнө хаагдсан Риогийн уурхай хоёр долоо хоногийн өмнөөс дахин нээгдэх сураг гараад байна шүү дээ. Учир нь, тэнд одоо хүртэл өмнө нь ухаж гаргаснаас ч илүү их алт, зэс байгаа болохоор.
Бэлтгэсэн Б.Сэвжидмаа