Дэлхийн зах зээлд сүүлийн жилүүдэд нүүрсний үнэ өссөн. Иймд манай улсын нүүрсний эрэл хайгуул, олборлолтод хөрөнгө оруулалт хамгийн их орж ирсэн юм. Үүний хүчинд нүүрсний экспорт огцом өсч, улсын төсвийн хамгийн том бүрдүүлэгч болсон. Өөрөөр хэлбэл, нүүрснээс олох орлого зэсийнхээс илүү гарсан гэсэн үг. Гэвч өнгөрсөн жилийн зургадугаар сараас эхлэн нүүрсний үнэ, экспорт огцом буурсан. Үүнд, дэлхийн эдийн засгийн хямрал, урд хөршийн эрэлт буурсан зэрэг шалтгаан нөлөөлсөн билээ. Гэхдээ өнгөрсөн жилийн эцсээр нүүрсний үнэ сэргэх хандлага ажиглагдсан. Иймд нүүрсний салбарынхан “Энэ жил нүүрсний экспортын хэмжээ, үнэ ханш өнгөрсөн оныхоос буурахгүй” хэмээн төсөөлж байгаа юм. Тэгэхээр улсын төсөвт нүүрсний оруулах орлого урдын адил өндөр хэвээр байна гэж үзэж байна. Хэдийгээр нүүрсний экспорт буурч, үнэ хямдарсан ч өнгөрсөн онд Монгол Улс нийт 31.9 сая тонн нүүрс олборлож, түүнийхээ 20.5 сая тонныг экспортолсон дүн бий. Ингээд улсын төсөвт 825.5 тэрбум төгрөгийн орлого оруулжээ. Нүүрсний үнэ өндөр байсан 2011 онд 18 орчим сая тонн нүүрс экспортолж, улсын төсөвт 900 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлж байсан удаатай. Энэ онд нүүрсний үнэ сэргэсэн хэвээр байх юм бол нүүрсний экспорт 30 сая тоннд хүрэх бололцоотой ажээ.
Нүүрсний нөөц 4.9 тэрбум тонноор нэмэгдэв
Геологчид манай улсад 173.3 тэрбум тонн нүүрсний нөөц бий хэмээн таамаглаад байна. Цаашид энэ нөөц өсөх магадлал тун өндөр. Эдүгээ 21.5 тэрбум тонн нүүрсний нөөцийг нарийвчлан тогтоож, уурхай нээн олборлолт явуулж буй юм. Өнөөдөр 15 сав газарт 300 гаруй орд нээгдээд байна. Нүүрсний эрэл хайгуул сүүлийн жилүүдэд эрчимжсэн. Тухайлбал, 2007-2011 онд 12.3 тэрбум тонн нүүрсний нөөц тогтоож, Монгол Улсын Эрдэс баялгийн санд бүртгүүлээд байгаа билээ. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд нүүрсний баталгаатай тогтоогдсон нөөц 4.9 тэрбум тонноор нэмэгдсэн юм. Нүүрсний салбарт орж ирэх хөрөнгө оруулалт жилээс жилд нэмэгдсээр байгаа.
Жишээлбэл, 2011 онд 828.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол өнгөрсөн онд 838.4 тэрбум төгрөгт хүрчээ. Нүүрсний салбарт шинээр хөрөнгө оруулалт татахаас илүү ороод ирсэн хөрөнгө мөнгийг зөв ашиглах учиртай гэдэгт тус салбарынхан санал нэгддэг. Иймд уг асуудлыг энэ сарын 21-22 нд болох “Coal Mongolia 2013” чуулга уулзалтаар нухацтай ярилцах нь.
Зөвхөн нүүрс бус уул уурхайн салбарт дэд бүтэц хөгжүүлэх нь энэ тэргүүний зорилт болоод байгаа. Дэд бүтцийн хөгжил сулаас эрдэс баялгаа үнэд хүргэж чадахгүй байна. Нөгөө талаар, ганцхан худалдан авагчаас хараат болчихоод буй. Иймд Засгийн газар нүүрс, зэсийн баяжмал болон бусад ашигт малтмалаа экспортлох төмөр зам тавих, Таван толгой ордыг түшиглэж цахилгаан станц барих шийдвэр гаргаад байгаа. Уул уурхайн яамны мэргэжилтнүүд дээрх шийдвэр хэрэгжих таатай нөхцөл бүрдсэн. Учир нь, бонд гаргаж мөнгө босголоо. Үүнээс гадна нэгдсэн бодлого, шийдвэр гарч байна хэмээж байгаа. Удахгүй болох нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын уулзалтын бас нэг гол сэдэв бол гуравдагч зах зээл хэрхэн бий болгох, түүнд яаж хүрэх тухай асуудал юм. Үүнээс гадна байгаль орчин, нөхөн сэргээлт, усны менежментийн талаар дэлгэрэнгүй илтгэл хэлэлцүүлэх ажээ. Мөн чуулганд нүүрсний салбарын эдийн засгийн шинжээчид оролцох нь. Тухайлбал, зах зээлийн судалгаа хийдэг “Вүүд Маккензи” компанийн Ази Номхон далайн судалгааны баг, нүүрсний өртөг судлаач Эдвард Куран оролцож, Хятадын нүүрсний зах зээл Монголд хэрхэн нөлөөлөх талаар илтгэл тавина. Төмөр замын инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Л.Пүрэвбаатар ОХУ, БНХАУ-ын төмөр замын сүлжээ болон нүүрсний тээвэрлэлт, хамтран ажиллах боломжийн талаар ярих аж.
Манай улс эрчим хүч, дулааныхаа 80 гаруй хувийг зөвхөн нүүрс ашиглаж гарган авдаг. Өнөөдөр нүүрсний 140 ордод ашиглалтын лиценз олгоод буй. Гэвч дөнгөж 40 орчим уурхай үйл ажиллагаа явуулж буй юм. Эдгээр компанид 9700 хүн л ажилладаг. Үүний 1700 нь эмэгтэй бол гадаадын 170 иргэн байгаа аж. Японы “Жайка” байгууллагатай хамтарч “Нүүрсний салбарын мастер төлөвлөгөө” гаргаж байна. Энэ судалгааны тайлангийн хурлыг маргааш хийх ажээ. Уг судалгаанд Монгол Улс ойрын хугацаанд жилд 50 сая тонн нүүрс экспортлох бололцоотой хэмээн дурджээ. Нүүрсний одоо орж ирээд байгаа хөрөнгө оруулалт, техник технологи нь жилд бараг 100 сая орчим тонн нүүрс олборлох хүчин чадалтай гэсэн тооцоо гарсан байна.