Өнгөрсөн баасан гарагт Оюу толгойн асуудлаар Засгийн газраас УИХ-д нээлттэй хэлэлцсэнд хөрөнгө оруулагч тал ихэд эмзэглэжээ. Тэд “Бид сайхан зүйл хийгээд байхад Монголын Засгийн газар, ард түмэн буруугаар хүлээж авч байна. Та бүхэн биднээс уучлалт гуйх шаардлагатай” гэсэн байна. Үүний хариуд манай тал “Монгол парламентын засаглалтай, ардчилсан, хуулийг дээдэлдэг орон. Тиймээс парламент дээрээ нээлттэй авч хэлэлцсэн. Олон нийтийн байр суурь ямар байх нь ард түмнээс хамаардаг болохоос та бүхний хүслээс болдоггүй. Усыг нь уувал, ёсыг нь дага гэдэг. Та бүхэн Монголын хууль журамд захирагдах учиртай. Үүнийг ойлгохгүйгээр үйл ажиллагаагаа явуулна гэвэл эндүүрэл шүү. Танай, манай хоёр тал хамтарч ажиллаж байгаа учраас энэ төслөө цаашид авч явахын тулд харилцан тохиролцоод явах хэрэгтэй. Хөрөнгө мөнгө босгох асуудлаа та бүхэн Монголын талтай яагаад ярьдаггүй юм бэ. Уг асуудлыг ТУЗ нь авч үзээд 100 хувийн саналаар дэмжсэн тохиолдолд шийдвэр гаргадаг. Гэтэл та бүхэн Монголын хуулийг зөрчсөн. Та нарт санхүүгийн хүндрэл байгаа бол илэн далангүй яриад хамтдаа шийдвэл яасан юм бэ. Хамгийн гол нь, энэ гэрээ монголчуудын эрх ашигт нийцсэн байх ёстой” гэжээ.