“SouthGobi Sands LLC”-гийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Капла хил давах эрхгүй болсон тул өөрийн уугуул нутаг АНУ-ын Миннесота мужийн эрх баригчдад ханджээ. АТГ-аар шалгаж буй авлигын хэрэгт түүнийг гэрч болно хэмээн үзэж, Монголоос явахыг нь хориглосон юм байна. Харин тэрээр энэ хоригийг цуцлуулах талаар арга хэмжээ авч, туслахыг хүсэн Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам болон Миннесота мужаас Конгресст сонгогдсон төлөөлөгчдөд ханджээ. Тэрээр өөрийн нөхцөл байдлыг илтгэсэн захидлыг Миннесотад амьдардаг гэр бүлийнхнээрээ дамжуулан мужийнхаа сенаторуудад илгээсэн байна.
Өчигдөрхөн ял хүлээсэн Д.Батхуягтай холбоотой хэргийг шалгах явцад “SouthGobi Sands”-т дөрвөн лицензийг нь хууль бусаар буцаан өгсөн, нэгийг нь өөр компанид шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Хэдийгээр энэ явдал Жастин Каплаг тус компанид ажиллахаас өмнө болсон учраас гэрч байх боломжгүй хэмээн тэрээр хууль хяналтын байгууллагад учирлаж тайлбарласан ч улсын хил давах эрхгүй хэвээр л байгаа ажээ. Каплагийн нөхцөл байдлын талаар АНУ-ын Төрийн департмент тодорхой мэдээлэлтэй байгаа, түүнд хууль зүйн зөвлөгөө тусламж өгөх талаар анхаарч байгаа гэж Америк дахь гэр бүлийнхэнд нь мэдэгдсэн байна.
Жастин Капла нь Монгол эхнэртэй, хоёр хүүхэдтэй гэнэ.