Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал боллоо

Энэ удаагийн хэвлэлийн хурлын эхэнд Уул уурхайн яам 2013 онд хийж хэрэгжүүлэх томоохон ажлаа танилцуулж байна. Уул уурхайн сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар нийт 66 ажлын хэсэг байгуулагдан 15 нь ажлаа дуусгаж 51 ажлын хэсэг ажиллаж байна.


Уул уурхайн яам энэ онд хийхээр төлөвлөж буй олон ажил байгаагаас цөөн хэдийг нь онцолье. “Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн төсөл” болон “Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, “Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг тус тус хэлэлцүүлнэ. Дээрх хуулиудыг хэлэлцүүлж батлуулснаар геологи, уул уурхайн салбарын эрх зүйн орчны тулгуур хуулиуд бий болох юм.

2. Монгол Улс 2016 онд Газрын тос боловсруулах үйлдвэртэй болно
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нэгдүгээр сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар жилд 2 сая тн газрын тос боловсруулах хүчин чадалтай, төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийг 2015 онд багтаан барьж дуусгах Засгийн газрын 9 дүгээр тогтоол гарсан.

Энэ тогтоолын хүрээнд хоёрдугаар сард багтаан зээлийн хэлэлцээр хийх, мөн түүнчлэн түүхий эдийн хангалт, төрийн өмчийн оролцооны оновчтой хувь хэмжээг тогтоох зэрэг асуудлыг хариуцаж ажиллах үүрэг даалгавар холбогдох сайд нарт өгөгдсөн, энэ чиглэлээр шуурхай ажиллаж байна.
Та бүхэн мэдэж байгаа байх. Энэ үйлдвэрийг Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны хөнгөлттэй зээлээр санхүүжилж, мөн японы “Тоёо инженеринг” корпорацийн технологиор барьж байгуулснаар олон улсын жишигт хүрсэн чанар бүхий бензин, шатахуун/дизель/, битум, мазут, шингэрүүлсэн хий зэрэг 6 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг бүрэн хангах болно. Засгийн газар болон Уул уурхайн яам нийт есөн компанийн Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг судалж үзээд японы “Тоёо инженеринг” корпорацийн төслийг дэмжсэн. Үйлдвэрийн түүхий эдийн хангалтын асуудлыг хэд хэдэн хувилбараар судалж байна.
3. Нефтийн бүтээгдэхүүний асуудлаар ОХУ-д хийсэн айлчлал
Уул уурхайн Дэд сайд тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-д айлчилж ОХУ-ын Эрчим хүч яам, Гадаад хэргийн яам мөн Роснефть компаний удирдлагатай уулзсан. Эдгээр уулзалтаар яригдсан асуудлын талаар товч мэдээлэл өгье.
ОХУ-ын Засгийн газар сүүлийн 4 сар экспортын татвараа бууруулсан ба дэлхийн зах зээлд газрын тосны үнэ харьцангуй тогтвортой байсан. Гэтэл Роснефть компаниас нийлүүлж байгаа бүтээгдэхүүний хилийн үнэ байнга нэмэгдэж ирсэн. Тухайлбал ОХУ-ын Төв банкны статистик мэдээлэлд үндэслэн хийсэн судалгаагаар ОХУ-аас бусад орнуудад нийлүүлж буй үнээс Роснефть компанийн Монголд нийлүүлж буй үнэ дунджаар 300 ам.доллараар өндөр байгаа. Үүнтэй холбоотой Оросын талд манай талаас дараахь саналуудыг тавьсан:
1. Роснефть компанийн бүтээгдэхүүний үнэ экспортын татвар болон дэлхийн зах зээлийн үнэтэй уялдахгүй байна.
2. Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг шинэчилж уг гэрээнд үнийг 6 сарын хугацаанд тогтвортой байлгах, санхүүгийн хэрэгсэл /форвард, фьючерс, хеджинг/ ашигласан гэрээ байгуулах.
3. Боловсруулах үйлдвэр барих төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой “Роснефть” компанитай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, 2 сая тонн газрын тос худалдан авах боломжтой эсэх саналыг Роснефть компанид тавьсан.
Оросын тал манайхаас тавьсан саналыг хүлээн авч газрын тосны бүтээгдэхүүний үнээ эргэж харах болно, бусад асуудлыг судалж хариу өгөхөө илэрхийлсэн болно.
4. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн талаар
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрсний улмаас компанийн үйл ажиллагаа нь доголдож байна. Шалтгаан нь тус компанийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээлийн эх үүсвэрийн 60 гаруй хувийг “Хүний хөгжил сан”-д татан төвлөрүүлсэн, нүүрсний зах зээлийн уналт, Чалко Трэйдинг Хонконг ХХК-тай байгуулсан гэрээний зарим нэгэн заалт зэрэг хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байгаа. Өнгөрсөн онд нүүрсний зах зээлийн үнэ 30 шахам хувиар буурсан нь “Эрдэнэс Тавантолгой” ХК алдагдалтай ажиллахад хүргэсэн байна. Өнөөдөр тус компанийн 1 тонн нүүрсний тээвэрлэлтийн зардал орсон өртөг нь 58 ам.доллар болж байхад, гэрээний дагуу 53.6 ам.доллараар нүүрс нийлүүлэх болж байгаа нь тонн тутамд 4.4 ам.долларын алдагдал хүлээх болоод байгаа юм.
Одоогийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК дотоод, гадаадын банк, аж ахуйн нэгжүүдэд 300 гаруй сая ам.долларын өртэй байна.
Монгол Улсын Засгийн газар төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тулгарсан энэхүү хүндрэлт байдлыг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор тус компанийн удирдлагад менежментээ сайжруулах, өртөг зардлаа бууруулах болон хятадын талтай гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг тохирох зэрэг чиглэл өгөхийн зэрэгцээ тулгамдаад буй санхүүгийн асуудлыг оновчтой эх үүсвэрээс санхүүжүүлэхээр судалж байна. Энэ асуудлыг ойрын үед Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх болно.
5.Оюутолгой хувь нийлүүлэгчдийн хурал болно

Оюутолгойн зэс, алтны ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулагдснаас хойш 3 жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Оюутолгой төслийн эхний шат амжилттай хэрэгжиж, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр нээлтээ хийж, бүтээгдэхүүнээ экспортод гаргахад бэлэн болоод байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 45 дугаар захирамжаар “Оюутолгойн ордыг ашиглах төслийн хэрэгжилтэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, гэрээний биелэлтэд хяналт тавих, Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахтай холбогдон Улсын Их Хурлаас гарсан шийдвэрүүдүүдийг хэрэгжүүлэх, гэрээний зарим заалтыг тодорхой болгох талаар хөрөнгө оруулагч талтай өмнө нь хийсэн яриа хэлэлцээг үргэлжлүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг”-ийг байгуулсан.

Дээрх ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор тус яаман дээр дэд ажлын хэсгийг байгуулж, Оюутолгойн ордыг ашиглах үйл ажиллагааг ил тод болгох, гэрээний хоёр талын хүртэх ашиг, үр өгөөжийг тэнцвэртэй болгох чиглэлээр холбогдох санал, дүгнэлт боловсруулсан.

Оюутолгойн хөрөнгө оруулагч Рио Тинтогийн төлөөлөгчидтэй “Оюутолгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурлыг 2013 оны 02 дугаар сарын 06-нд хийхээр тохироод байна. Түүний өмнө Төлөөлөн удирдах зөвлөл хуралдана. Хурлаар Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт нэмэгдсэн шалтгааныг тодруулах, гүйцэтгэх удирдлагын түвшинд монголын талын төлөөллийг ажиллуулах, Оюутолгойн ханган нийлүүлэгчээр үндэсний компанийг түлхүү оролцуулах зэрэг асуудлыг ярихаар төлөвлөж байна. Төслийн анхны хөрөнгө оруулалт нь 2 орчим тэрбум ам.доллар буюу 40 гаруй хувиар нэмэгдээд байна. Анхны хөрөнгө оруулалт нэмэгдсэн шалтгааныг тодруулж байгаа.

7. Налайхын уурхай
Налайхын нүүрсний их уурхай хаагдсанаас хойш иргэд 20 гаруй жилийн турш гар аргаар нүүрс олборлож байна. Уул уурхайн аврах албаны судалгаагаар уурхайн ослоор нийт 198 хүн амь насаа алдаад байгаа тоо гарсан байна. Энэ бол маш харамсалтай асуудал.
Уул уурхайн аврах албанаас явуулсан үзлэг, тооллогоор Налайхын уурхайн 174 аманд 1413 хүн ажиллаж байгаа юм.
Уул уурхайн яам “Налайх дүүрэгт хууль бусаар нүүрс олборлож байгаа үйл ажиллагааг зогсоох талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
Тогтоолын агуулга нь Налайхын ордод иргэд хувиараа нүүрс олборлохыг зогсоох, ордын үйлдвэрлэлийн ач холбогдолтой нөөцтэй хэсэгт стандартад нийцсэн уурхай байгуулах, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, иргэдийг ажлын байраар хангах үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлтэй болно.
Тогтоолоор “Налайхын нүүрсийг хувиараа ашиглаж байгаа иргэдийн үйл ажиллагааг зохицуулах тухай” Засгийн газрын 2008 оны 89 дүгээр тогтоолыг хүчингүй болгоно.
Мөн Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-д “ Нүүрсний далд уурхайд /бичил уурхай/ гар аргаар олборлолт явуулахыг хориглосон” нэмэлт өөрчлөлт оруулах саналыг боловсруулаад байна. Ил асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

6. Шатдаг занар
Монгол Улсад шатдаг занар эрэх, хайх, олборлох, боловсруулах, ашиглах асуудлыг судлан, нийлэг газрын тос, хийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах, эрх зүйн орчинг болосвронгуй болгох, “Шатдаг занар” бодлого, хөтөлбөрийн төсөл боловсруулахаар ажиллаж байна. Монгол Улсын нутаг дэвсгэр дэх занарын тархацыг судлан үзэж, шатдаг занараас нийлэг хийн конденсат гарган авах боломжийг тодорхойлж, занарыг байгаль орчинд хоргүй аргаар газрын гүнд нь боловсруулж газрын тосны бүтээгдэхүүн (бензин, дизель болон онгоцны түлш, шатдаг хий зэрэг) үйлдвэрлэх технологийг нутагшуулах боломжийг судална.
2012 оны 6 дугаар сард Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас (хуучин нэрээр) АНУ-ын “Жени Ойл энд Газ” компанитай “Шатдаг занараас хийн конденсат гаргах боломжийг тодорхойлох судалгааны ажлын гэрээ” байгуулсан байдаг. Дээрх компаниас гадна Франц улсын Тотал компани Монгол улсад шатдаг занарын хайгуул, судалгааны ажил хийх боломжтой талаар саналаа илэрхийлээд байгаа бөгөөд дотоодын хэд хэдэн аж ахуйн нэгж (Монголын Алт ХХК, Нарантуул трейд ХХК) шатдаг занартай холбоотой асуудлаар судалгааны ажил явуулж эхлээд байгаа болно.

8. “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн
эргэлтэд хяналт тавих тухай” хууль

“Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хуулийн төслийг манай яамнаас боловсруулсан.
Дээрх хуульд “Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг Монгол Улсын иргэн, хуулийн этгээд эзэмшинэ” гэснийг “66-аас доошгүй хувь” болгон өөрчлөх,
-Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангаж, харуул хамгаалалтыг дотоодын цэргийн байгууллага гүйцэтгэх, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлтэй холбоотой гарсан дуудлага, мэдээлэл, болон зөрчил, аюул илэрсэн тохиолдолд Гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн байгууллага аюулгүй болгох арга хэмжээг авах,

-Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд оролцож байгаа хуулийн этгээд нь үйл ажиллагааны эрсдэл, иргэний амь нас, эрүүл мэндийг заавал даатгуулсан байх, мөн уг харилцаанд оролцогчдын эрх үүргийг тодорхой болгож, хариуцлагыг чангатгах, хүнд суртлыг зохистой түвшинд багасгах зорилго бүхий зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудыг тусган УИХ-ын бүтцээр хэлэлцүүлж байна.

9. “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” болон “Газрын тосны бүтээгдэхүүний тухай” хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулна
Газрын тосны бүтээгдэхүүний худалдааг зохицуулах зорилгоор “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” болон “Газрын тосны бүтээгдэхүүний тухай” хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлж байна.
Дээрх хуулийн төсөлд шатахууны импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа цогцоороо нэг тусгай зөвшөөрөлтэй болох харилцааг зохицуулахаар тусгасан.
Одоо мөрдөгдөж байгаа хуулиар бол шатахууныг зөвхөн бөөнөөр худалдаалахад тусгай зөвшөөрөл олгож байгаа юм.

Энэ хууль батлагдан гарснаар шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх нөхцөл, шаардлагыг тодорхой болгож бүх төрлийн шатахууныг импортлох, худалдах үйл ажиллагаанд тавих төрийн хяналт зохицуулалт тодорхой болж, бүтээгдэхүүний хангамжийг хэвийн явуулах, бүтээгдэхүүнийг худалдаалахад үүсдэг зөрчил багасч, аюулгүй ажиллагаа, хангамж нийлүүлэлтэд тавигдах хяналт, зохицуулалт сайжрах зэрэг эерэг үр дагавар гарна. Нөгөөтэйгүүр шатахууны үнэ, ялангуяа жижиглэнгийн үнэ харьцангуй тогтвортой байлгахад нөлөө үзүүлж манай улсын зах зээлийн эдийн засгийн суурь үнэ, ханш, түүнчлэн иргэдийн амьжиргааны өртгийн тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлэх юм.
Шинэчлэлийн Засгийн газраас иргэдийн амьжиргааны өртгийн тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгахын тулд “шатахууны бөөний худалдаанд татварын хөнгөлөлт үзүүлдэг тогтолцоог өөрчилж, жижиглэнгийн үнийг тогтворжуулах” бодлого, үндэсний аюулгүй байдлыг хангах арга хэмжээний нэг болох газрын тосны бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс сэргийлж шатахууны улсын нөөц бүрдүүлэх зорилт арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Шатахууны худалдаа эрхэлж байгаа болон эрхлэх аж ахуйн нэгжүүдийн үүрэг, хариуцлага зохистой түвшинд хүрнэ.


10. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын 15 ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг УИХ-аар тогтоолгох шийдвэрийн төслийг боловсруулж байна

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 43 дугаарт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтыг шинэчлэн, томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг эрчимжүүлэх. Стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийг нэгтгэн, корпорацийн зохион байгуулалтад оруулж, Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу иргэдэд давуу эрхийн хувьцаа олгоно” гэсэн заалтын дагуу Уул уурхайн сайдын тушаалаар Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, хилийн заагийг шинэчлэн тогтоох, шинээр хамруулах ордуудын талаар санал бэлтгэх ажлын хэсэг ажиллаж байна.
Ажлын хэсэг Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын 15 ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг дахин нягталж, шинэчлэн тогтоох санал болон хил хүрээг шинэчлэн тогтоох саналуудыг бэлтгэсэн. Мөн Стратегийн ач холбогдолтой ордод шинээр хамруулах боломжтой 30 орчим ашигт малтмалын томоохон ордуудын судалгаа, танилцуулгыг нэгтгээд байна.

11. Автобензины 62 хоногийн нөөцтэй байна
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах, түүнчлэн хөнгөлөлттэй зээл олгох, валютын ханшын эрсдлээс хамгаалах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ шатахууны хангамжийг тогтвортой байлгахын тулд улсын болон компанийн бүрдүүлэх нөөцийн хэмжээ 40 хоног байсныг 60 хоног байхаар тогтоож, холбогдох журмыг Засгийн газрын хуралдаанаар батлуулан хэрэгжүүлж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар автобензин 62 хоногийн нөөцтэй байна. Энэ нь шатахууны хомсдол үүсэх эрсдлээс хамгаалах, үнэ тодорхой хугацаанд тогтвортой байх нөхцөл бүрдсэнийг илэрхийлж байна.

12. “Монгол-Хятадын Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны зөвлөл”-ийн ээлжит 3 дугаар хурлын тухай
“Монгол-Хятадын Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны зөвлөл”-ийн ээлжит 3 дугаар хуралдаан энэ сарын 15-нд Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрлөө. Энэхүү хуралдаанд Хятадын талаас БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн улсын хороон дэд дарга Жан Сяоцян тэргүүтэй Хятадын Гадаад хэргийн яам, Худалдааны яам, Төмөр замын яам, Хөгжлийн банк болон манайтай хамтын ажиллагаа хөгжүүлж буй төрийн өмчит компанийн төлөөлөл оролцлоо.

Хуралдаанаар геологи, уул уурхай, газрын тос, эрчим хүч болон банк санхүү зэрэг салбарын хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар харилцан мэдээлж сонирхсон асуудлаар санал солилцов.

Нүүрсний борлуулалтын хувьд Засгийн газар хооронд ерөнхий хэлэлцээр байгуулж тоо хэжээг тохирох, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний дамжин өнгөрөх тээврийг дэмжих, далайн боомтыг ашиглах зэрэг асуудлыг 2 тал судалж нааштай шийвдэрлэхээ илэрхийлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан