Ашигт малтмалын шинэчилсэн найруулгыг олон нийтэд танилцуулж эхний хэлэлцүүлгээ хийсэн. Уг хуулийн төслийг боловсруулах дэд ажлын хэсгийн ахлагч Д.Мөнхтуяатай ярилцлаа.
-Ашигт малтмалын тухайн хуулийн төслийн ажлын хэсэгт ямар хүмүүс ажилласан бэ?
-2001 онд Ерөнхийлөгчийн захирамжаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахаар П.Цагаан даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Боловсруулах хэсгийг нь би ахалж, уул уурхайн салбарын гурван мэргэжилтэн, дөрвөн хуульчтай гар нийлэн ажилласан. Эрэл хайгуултай холбоотой асуудлыг Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбооны тэргүүн Бат-Эрдэнэ, уулын ажил олборлолтыг АМГ-ын Уул уурхайн хэлтсийн дарга Даваацэрэн, УУЯ-ны газрын дарга Жавхланболд нарын мэргэжилтэн хамтарч ажилласан.
-УИХ-ын тогтоолоор нэгэнт баталчихсан 15 ордыг стратегийн ордоос хасах үндэслэл юу байсан бэ. Хэлэлцүүлгийн үеэр зөв, буруу гэж нэлээд яригдлаа шүү дээ?
-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэдэг ангилал нь өөрөө тодорхойгүй. Яг ямар ангиллын орд газрыг оруулах эсвэл орохгүй байх шалтгаан нь хууль зүйн хувьд ямар ч тодорхойлох боломжгүй. Бодлогын хувьд л бүс нутгийн эдийн засагт нөлөөтэй байх ёстой гээд л яриад байгаа. Гэтэл эргээд бүс нутгийн нөлөөтэй байхыг тодорхойлох тоон шалгуурууд нь хаана байна аа. Үүнээс үүдэн стратегийн орд газарт хамруулна, хамруулахгүй гэсэн маргаан ерөөсөө тасардаггүй. Өнөөдрийн байдлаар үндсэн стратегийн 15, араас нь 39 орд гээд 2007 оноос хойш энэ ангиллаас гарч чадахгүй байна л дээ. Гэтэл стратегийн ордын шалгуур байнга хэлбэлзэж байдаг. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унах юм бол өндөр ач холбогдолтой нь яах юм. Стратегийн орд газрыг хууль зүйн талаасаа тайлбарлахад маш хэцүү. Нөгөө талаар, сөрөг үр дагавар гараад байгаа.
-Ямар сөрөг үр дагавар гэж?
-Төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно гэж хэлэнгүүт олборлогч нар нь аль болохоор ордуудаа жижиглээд бүртгүүлчихдэг. Стратегийн орд газар гэсэн ангилалд хамруулахгүйн тулд. Гэтэл эдийн засгийн үр ашиг нь аль болох томоор нь олборлож байж улс оронд хэрэгтэй шүү дээ. Нөгөө талаар, төр хувь эзэмшиж бизнесийн үйл ажиллагаанд хамтарч оролцоно гэдэг. Энэ нь эргээд төр өөрөө бизнес хийдэг субьект мөн юм уу. Төр бизнесийн харилцаанд хувь нийлүүлэгч болж орчихоор зохицуулалт, мониторингийн үүрэг нь яах вэ. Бизнес гэдэг өөрөө эрсдэл дагуулдаг. Гэтэл санхүүгийн эрсдэл учирлаа гэхэд төр үүнд ямар үүрэг хүлээх юм. Төсвийн хөрөнгө бизнесийн эрсдэл хүлээх чадвар байхгүй шүү дээ. Эдгээр шалтгааны улмаас төр өөрөө хувь эзэмшигч болох нь буруу юм байна. Тийм учраас стратегийн орд газар гэдэг ангилал цаашдаа явах шаардлагагүй гэж хуулийн төсөлд орсон.
-Тэгэхээр энэхүү хууль батлагдчихвал стратегийн 15 орд хүчингүй болох уу?
-Шууд энэ хуулиар хүчингүй гэж үзэж болохгүй. Эдгээр 15 ордтой холбоотой гэрээний болон хуулийн зохицуулалтыг оруулж өгсөн. Хуулийн энэ концепци батлагдчихвал 15 орд дээр нэмэхгүй, харин хасагдах журмаар явна. Цаашдаа стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд гэж байхаа больж, төр ашигт малтмалын ордод хувь эзэмших асуудал байхгүй болно. Стратегийн орд гэж шинээр зарлахгүй.
-Уул уурхайн салбарт төрийн оролцоо тодорхой төвшинд байх ёстой юм биш үү?
-Шинэ хуулийн төслөөр төр уул уурхайн бизнест хувь эзэмших байдлаар хамтран оролцох эрхийг нь хязгаарласан. Төр 34 хувь, 51 хувь эзэмшинэ гэсэн ойлголт байхгүй. Төрийн бизнесийн оролцоог хааж, хяналтаа тавь, зохицуулалтынхаа чиг үүргийг хэрэгжүүл гэж л байгаа юм. Харин Монголынхоо үндэсний компаниудыг уул уурхайн үйл ажиллагаанд заавал оролцуулдаг байхаар хуульчилж байгаа. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагч нартай хамтарч олборлолт явуулснаар эдийн засгийн үр ашиг гэхээс илүүтэй менежмент, техник технологи, мэргэжилтнүүдийн өндөр ур чадварыг монгол компаниуд авч үлдэх ёстой.
-Хөрөнгө оруулалтын хуулийн араас Ашигт малтмалын тухай хуулиа ингээд чангалчихвал уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх нь юу л бол гэж хэлэх хүн олон байна?
-Манай уул уурхайн салбар ямар ч хараа хяналтгүй задгай явж ирсэн. Төрийн хяналтад орох болонгуут дургүйцээд байна. Тэрнээс биш энэхүү хуулийн төсөлд ямар ч хөрөнгө оруулалтыг боосон, хязгаарласан бодлого байхгүй. Бид зүгээр зохицуулалтад оруулах гэж байгаа. Миний бодлоор олон улсад үйл ажиллагаа явуулдаг хэд, хэдэн улс орны хууль тогтоомжийг мэддэг, мөрддөг гадаадын хөрөнгө оруулагчид үүнд нэг их гайхаад байхгүй байгаа. Маш өндөр шаардлага, шалгуур тавигддаг улс орнууд бий шүү дээ. Манай хууль хэнд хатуу байх вэ гэвэл уул уурхайн салбарт олон тусгай зөвшөөрөл эзэмшдэг атлаа хайгуул хийдэггүй, зөвхөн мөнгө олох хэрэгсэл болгож буй тэр нөхдүүдэд хүндээр тусна. Амар хялбар аргаар баахан алт олж авчихаад, нөхөн сэргээлт хийдэггүй компаниудад бол хатуудна. Уул уурхай хүн болгоны хийж байдаг бизнес биш. Эрсдэлээ үүрэх чадвартай, хөрөнгөтэй, техник технологитой компаниуд нь чаддагаа хийгээд бусад нь дагалдах үйлчилгээнүүд үзүүлнэ биз. Чанар муутай компаниуд нь тэр хэмжээгээр шигшигдэнэ.
-Уул уурхайн салбарт бүхэлдээ энэхүү хууль батлагдах хүртэл хүлээлтийн байдалтай байгаа. Хэзээ хуулийн төсөл бүрэн боловсорч хэрэгжиж эхлэх бол?
-Эхний хэлэлцүүлгийг явуулсан. Цаашдаа ч хийгдэнэ. Хэлэлцүүлгийн үр дүнгээс гарсан саналуудыг төсөлдөө тусгана. Тэгэхээр хэзээ өргөн барьж батлагдахыг хэлж мэдэхгүй байна. УИХ дээр очоод хэр удахыг хэн ч мэдэхгүй. Гэхдээ хүлээлт зөндөө байгаа учраас аль болох хурдан батлагдчих болов уу.
-Манай уул уурхайн салбарт нөхөн сэргээлттэй холбоотой заалт орж байгаа юу?
-Маш том өөрчлөлт орж байгаа. Энэ хуулийн үндсэн зорилгуудын нэг нь уул уурхайн салбарт орсон л бол нөхөн сэргээлт хийх. Нөхөн сэргээлтийг хийсэн шиг хий. Хэрвээ хийх чадваргүй бол битгий уул уурхайн салбарт ор гэсэн шаардлага тавина.