Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН “ДУТУУ ТӨРӨЛТ”


Уул уурхайн салбарынхан анхаарал хандуулж буй Ашигт малтмалын хуулийн анхны хэлэлцүүлгийг хийв. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөс авахуулаад уул уурхайд салбарт энэхүү хуулийн төслөөс шалтгаалан зогсонги байдалд орчихсон, хүлээлт үүсчихсэн зүйл зөндөө. Ашигт малтмалын хууль бол маш олон эрх зүйн харилцаанд оролцдог том хууль. Ерөнхийлөгч санаачилсан энэхүү хуулийн төсөл хоёр жилийн босгон дээр эхний хувилбараа уул уурхайн салбарынханд албан ёсоор танилцуулж буй нь энэ.

Хуулийн төслийг боловсруулах­даа нэгдүгээрт, уул уурхайн үйл ажиллагаан дахь төрийн оролцооны талаархи асуудал, хоёрдугаарт, сонгон шалгаруулалт, түүнийг явуу­лах журам, гуравдугаарт, гэрээний хугацаа, түүний нөхцөлийг тохирох үед баримтлах зарчим, татварын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, гэ­рээнд өөрчлөлт оруулах тохиолдолд баримтлавал зохих зарчим зэрэг гэрээг байгуулах үндсэн зарчмыг то­дорхойлжээ. Дөрөвдүгээрт, шийд­вэр гаргах процессыг ил тод, тунгалаг болгоход чиглэсэн, тавдугаарт, уул уурхайн үйл ажиллагааг даатгалын тогтолцоонд бүрэн хамруулахыг зорьсон гэв. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Миний мэдэхээс өнгөрсөн 20-иод жилд Үндсэн хуулийг эс тооцвол Ашигт малтмалын тухай хуулийн төслийг анх удаагаа веб хуудсанд байрлуулан олон нийтийн санал бодлыг сонсч, ул суурьтай хэлэлцүүлэх ардчилсан үйл явц болж байна.

Хамгийн гол нь, хуулийн төслийг боловсруулахдаа өнгөрсөн хугацааны алдаа, оноо, сургамж, нийгэм юу хүлээж байна вэ гэдгийг харсан. Нөгөө талаас, хөгжиж байгаа болоод хөгжсөн орны алдаа, оноо, туршлагыг судалсан. Урьд нь, бидэнд “Австрали, Кана­дыг хар” гэхээр нь “За” гэдэг байсан. Эхлээд бид Монголоо, хоёрдугаарт тэдгээр орныг харсан. Энэхүү хуулийн төсөлтэй холбоотой өгсөн зөвлөгөөн дотор “Та нар Скандинавын орнуудыг битгий хар” гэсэн. Хүүхдийг “Битгий чихэр ид” гэж аав, ээж нь хориглох ту­сам шохоорхдогтой адил бид Скан­динавын орнуудын туршлагыг ч гэсэн харж байгаа. Норвегийн Ерөн­хий сайдаар хоёр удаа ажиллаж байсан ноён Кьелл Магне Бондевик, мөн Боловсрол, Газрын тосны сайдаар ажиллаж байсан Ейнар Стийнснас нарын бидэнд өгсөн зөвлөгөөг дагасан. Гэхдээ түүнийг дагахаас гадна бусад орныг ч харсан. Өмнөд Африкийн хуулийг ч харсан” гэв. “Газар доор байхаараа ард түмний баялаг. 100 тн-ын даацтай машинд ачигдчихаараа яахаараа хувийн өмч болчихдог юм бэ. Өмчлөх эрхтэй холбоотой ямар ч зохицуулалт алга”, “Бичил уурхайчдын асуудлыг хуульд огт тусгаагүй байна”,”Уул уурхайн салбар бол 100 компанийн 95 хувь нь дампуурдаг. Гэтэл энэхүү хуулиар бүгдээрээ дампуурахаар харагдаж байна”, “Ашигт малтмалын газар, МХГ-ын уул уурхайн салбарыг хам­татгаад нэг даргын мэдэлд оруу­лах хэрэгтэй”, “Төр болон хувийн өм­чийн компанийн харьцааг тэнц­вэржүүлэх хэрэгтэй. Яагаад хувийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулж буй компани дэргэд дэх талбайгаа авахын тулд тендер давуу эрх эдэлж болдоггүй юм” зэрэг товчхон сана­лууд гарч байлаа. Хуулийн төслийн та­лаар холбогдох хүмүүсээс да­раахь тайлбаруудыг өглөө. Уул уур­­­­­­­­­­­­хайн салбарт ажиллаж буй мэр­гэжлийнхэн болон эрдэмтэн суд­лаач, иргэний байгууллагуудын тө­­­­­лөөлөл хуулийн төслийг дутуу бай­­­­на гэсэн шүүмжлэл хэлж байсан юм.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Ерөн­хийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Энэ хууль батлагдвал сайн. Батлагдахгүй бол бас л сайн. Хэлэлцүүлэг явсаар байна. Төслийг боловсруулж явсаар өнөөдөртэй золгосон. Хууль тогтоох ардчилсан процесс явж байна. Гадныханд хандаж нэг зүйл хэлмээр байна. Төрийн өмч бол ард түмний өмч. Төрийн мэдэлд, хяналтанд ч байна. Гэхдээ бид төрийн хяналтаа заавал бизне­сийн үйл ажиллагаанд оролцох зарчмаар тавих нь буруу байж магадгүй.  Хяналтыг зөв шударга, авлигагүй тавих гэдэг нь өөр асуудал. Хэрвээ хөрөнгө оруулагчид маань хариуцлагатай уул уурхайн төлөө байх юм бол ямар ч айх аюул байхгүй. Хамгийн найдвартай, амар амгалан, хариуцлагатай,  боловс­ролтой нь Монголын ард түмэн шүү дээ. Ний нуугүй хэлэхэд Монголын алдаа онооноос гадна Австрали, Канад улсын хуулийн олон зүйл заалтыг авчраад суулгах гэхээр Монголын амьдралд таарахгүй маягийн юмыг ярих гээд байгаа зарим хөрөнгө оруулагч нар бий. Бид нар Австрали шиг хариуцлагатай уул уурхайг бүтээмээр байна. Бид нар эрх зүйн орчноо боловсронгуй болгоё гэсэн санаа байгаа болохоос тэс ондоо болгож өөрчлөх санаа байхгүй.
Тэгээд та бүхэн санаа бодлоо 12 хоногийн дотор өгөх бүрэн боломжтой. Хуулийн төсөл дээр ажилласан ажлын хэсгийнхэн хийе гэж бодсон байх. Дутуу дулимаг зүйл ч байгаа байх” гэв.


Н.ДАШЗЭВЭГ: ХУУЛИЙН ТӨСӨЛД ОРСОН УУЛ УУРХАЙН НЭР ТОМЪЁОНУУД ОЙЛГОМЖГҮЙ БАЙНА

/Эдийн засагч/

Ашигт малтмалын тухай хуулийг 15-20 жилийн хугацаанд тогтвортой байж чадахаар хууль гарах ёстой. Тогтвортой байдлын гэрээ яаж ч өөрчлөгдөж болно. Хамгийн гол нь, энэхүү хуульд ойр ойрхон засвар орохгүй, тогтвортой байх шаардлагатай. Хуулийн төсөлд байгаа уул уурхайн нэр томъёонууд ямар ч ойлгомжгүй байна. Нэг бүрчлэн дахин сайтар хэлэлцүүлэг хийх шаардлагатай. Компаниудын ТУЗ-д хараат бус ТУЗ-ийн төлөөлөл оруулж, мэргэжлийн бус хяналтын гадны төлөөлөл оруулаач. Хайгуул олборлолт, боловсруулалтын холбоотой асуудлыг уг хуулиар улам нарийсгая. Хувийн хөрөнгөөр эрэл хайгуул хийсэн компаниудад давуу эрх олгоё. ОХУ гэхэд сонгон шалгаруулалтаас татгалзаж байгаа. Манайх ч гэсэн үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэхүү хууль бол хөрөнгө оруулалтыг түлхсэн юм уу даа. Өөрсдөө ядаж хөрөнгө босгож чадахгүй учраас хөрөнгө оруулалтыг түлхсэн бус дэмжсэн бодлого баримтлах ёстой.


С.АВИРМЭД: СТРАТЕГИЙН ОРД ГЭДЭГ ҮГИЙГ ЯАГААД ЭНЭ ХУУЛИАС ХАСЧИХАВ АА

/Эдийн засагч, уул уурхайн инженер/

Ашигт малтмалын тухай хууль бол Үндсэн хуулийн дараа орох томоохон хууль. Гэтэл энэ хуулийг хаалттай хаалганы цаана хэдхэн хүн хийчихээд өнөөдөр ингэж хэлэлцүүлж буй нь сонин байна. Хэлэлцүүлнэ гэсэн атлаа 15-хан минутаар хязгаарлаж байгаа нь харамсалтай. Хуулийн үзэл баримтлал тодорхой бус байна. Төрийн бодлого хаана байна вэ. Сайншандын цогцолбор барина гэж байна, 1800 км төмөр зам барина л гэхийн. Хамгийн гол нь, түүнд хэрэглэх түүхий эдээ ингээд урсгаад байх уу. Өнгөрсөн 16 жилийн үйл ажиллагаанд дүгнэлт хийгээгүй гэдэг нь энэхүү хуулинаас харагдаж байна. Эцэст нь, ард түмэн уул уурхайн салбарынхныг хараад үзэн ядаж байна шүү дээ. Стратегийн ордуудаа хэрхэн ашиглах юм цаашид. Стратегийн орд гэдэг үгийг яагаад энэ хуулинаас хасчихав аа. Энэ үг чинь төрийн бодлого, хяналтыг зохицуулахын тулд байх ёстой.


Т.НАРАН: СТРАТЕГИД НЭМЖ ОРУУЛАХААР ЗЭХЭЖ БАЙСАН 39 ОРДЫГ ЧӨЛӨӨЛСӨН НЬ МАШ ЗӨВ АЛХАМ

/Монголын нүүрс ассоциацын гүйцэтгэх захирал/

Хөрөнгө оруулалтын хуулийн араас Ашигт малтмалын тухай хуулиа ийм чанга баталчихвал уул уурхайн салбарт орох гадаадын хөрөнгө оруулалт шууд л багасна. Стратегид нэмж оруулахаар зэхэж байсан 39 ордыг чөлөөлсөн нь маш зөв алхам. Энэхүү жагсаалтаас гадаадын хөрөнгө оруулагчид болгоомжилж сонирхол нь буураад байсан. Стратегийн орд гэдэг ойлголтыг энэ хуулиар нэгмөсөн халчихмаар байна. Хуулийн төслийн 24, 25 дугаар зүйлд “тусгай зөвшөөрлийг Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжид сонгон шалгаруулалт зарлахгүйгээр олгож болно” гэж заасан байна. Энэ нь хувийн өмчит аж ахуй нэгжийг ялгаварлан гадуурхсан шинжтэй заалт юм. Яахав, Эрдэнэтээр жишээ авахад одоо ашиглаж байгаа талбайгаа томсгох гэхээр тендерт орох болчих учраас гэж хуулийн төслийнхөн тайлбарлаж байсан. Гэхдээ хэн ч өмчөөр ялгаварласан байна гэж ойлгоно шүү дээ.


Н.АЛАГАА: ГУРВАН ЗААЛТАД ЗОРИУЛАЛТ, ТОДОРХОЙ ҮНДЭСЛЭЛ АЛГА

/Уул уурхайн үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал/

Хуулийн төслийн 13, 14, 15 дугаар зүйл огт өөр бодлого чиглэлтэй заалтууд байна. Нэгдүгээрт, талбайг нөөцөд авна гэж тусгасан. Ашигт малтмалыг 1997 онд болон 2006 оны хуульд талбайг нөөцөд авах зохицуулалт байсан. Лицензийн бүртгэлийг цэгцлэх зорилгоор нөөцөд авах мэт тодорхой үндэслэл зориулалт заадаг байсан. Гэтэл энэ хуулийн төсөлд ямар тохиолдолд нөөцөд авах талаар заагаагүй. Нэгэнт зориулалт байхгүй учраас шууд нөөцөд авна. Хувийн хөрөнгөөр орд нээсэн ч нөөцөд авна. Лицензийн хугацаа дуусахаар бодит зардлыг нь нөхөөд сонгон шалгаруулалтад оруулна гэж байгаа юм. Аймаг, орон нутгийн тусгай хэрэгцээнд авна. Мөн л бодит зардлыг нь олгоод тусгай хэрэгцээнд авна гэжээ. Энэ гурван заалтад зориулалт тодорхой
үндэслэл алга. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан