Австралийн алт хайгч залуу 5 кг 505 грамм жинтэй байгалийн цулт алт олсон байна. Алтыг Австралийн Виктория мужийн Балларт хотоос холгүйхэн гадаргуугаас ердөө 60 см-ийн гүнд байхад нь болсон байна. Азтай эр алт олсон даруйдаа ашигт малтмал хайхтай холбоотой элдэв тоног төхөөрөмж зардаг дэлгүүрт очиж мэргэжлийн хүнээс зөвлөгөө авчээ. Ингэхэд дэлгүүрийн эзэн юуны өмнө хэзээ ч ийм том төрмөл алт харж байгаагүй гэдгээ хэлжээ. Дараа нь хайлуулж зарвал ойролцоогоор 300 мянган ам.доллар болно. Харин байгалиас олсон чигээр нь зарвал хамаагүй ихийг олох боломжтой гэж хэлжээ. Азтай залуу мэргэжлийн хүний зөвлөгөөг даган байгалийн төрмөл алтаа ийм зүйл цуглуулагч нарт, эсвэл музейд илүү өндөр үнээр зарахаар болжээ. Ойрын өдрүүдэд 5 кг алт олсон газар орчимд алт хайгчдын бужигнаан эхлэх нь гарцаагүй гэж дэлгүүрийн эзэн хэлж байна. Улмаар өөрийнх нь дэлгүүрийн алт хайгч хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжөөс эхлээд эгэл жирийн шигшүүр хүртэл бүгд маш өндөр гүйлгээтэй болно гэдэгт найдаж байгаагаа хэлжээ. Балларт хотын орчмоос 2012 оны зун 3,66 кг жинтэй цул алт бас олдож байсан юм байна.
ХАЖУУ ТАЛААС ВИДЕОГ ҮЗЭЭРЭЙ