Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.АЛАГАА: МОНГОЛ УЛС НҮҮРСНИЙ ҮНИЙГ ТОГТООЖ ЧАДАХ ТОГЛОГЧ БИШ

Монголын уул уурхайн ассоциацийн тэргүүн Н.Алагаатай энэ онд хийхээр төлөвлөж буй ажлынх нь талаар ярилцлаа.
 
 -Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулна гээд байгаа. Та бүхнээс хуулийн төсөлтэй холбогдуулан ямар нэгэн санал хүсэлт авсан уу?

-Бид хэлэлцүүлгээ хийгээд явна, санал бодлыг маань ч тусгах байх. Хуулийн төсөл бэлэн болж интернэтэд тавигдах хүртэл нэг ч удаа биднээс санал аваагүй. Хэлэлцүүлгийн үеэр яригдах санал бодлыг тусгах юм байна гэж ойлгосон.
-Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өгсөх биш уруудаж байна. Мэдээж үүнээс үүдэлтэй нүүрс экспортлогчдод хүнд цохилт өгөх нь ойлгомжтой. Хятадын талтай үнийн талаар яригдсан зүйл бий юү?
-Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтран ажиллах зөвлөл гэж Засгийн газрын голдуу байгууллагууд байдаг юм. Хятадын талаас гэхэд Шинэтгэлийн хорооны дэд дарга, төрийн өмчит компаниуд, “Чалко”, “Шин Хуа” болон банкуудын төлөөлөл байх жишээтэй. Монголын талаас Уул уурхайн яам, Эрчим хүчний яам, ҮХААЯ хамтран оролцдог. Яахав Хятадын талаас ялгагдах зүйл гэвэл Монголын тал хувийн хэвшлийн байгууллага, компаниудын төлөөллөө урьж оролцуулаад цаашид яах талаараа хуралдсан. Ганхуяг сайдын ярианаас харахад нүүрсний үнэ, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын талаарх уулзалт үр дүнтэй болсон нь анзаарагдлаа. Тэр битгий хэл Хятадын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэрлэлтийн асуудлыг хүртэл судлаж үзэхээр болж. Гэхдээ үүнийг хурдан хугацаанд шийдчих боломжтой асуудал биш. Хятадын талтай ойр, ойрхон хуралдаад асуудлаа ярилцаад явбал зүгээр юм байна.

-Тэгэхээр цаашдаа нүүрс­­ний үнэ өсөх боломж харагдаж байх нь ээ?

-Нүүрсний үнэ өсөх нь хоёр талын Засгийн газар ч юм уу худалдан авч байгаа компанитай холбоотой асуу­дал биш болчихоод бай­на. Хятадын эдийн засгийн хөгжил импорт, эскпортоос хамааралтай. Гангийн үйлд­вэрлэл, эрчим хүчний салбарт хэрэглэж буй хагас коксжих нүүрсний хэрэглээ буурахгүй байх шаардлагатай. Хятадын зах зээлд Австрали, Монгол гэсэн хоёр өрсөлдөгч бий болчихоод байна. “Шин Хуа” гээд төрийн өмчит компани Өвөрмонголд дангаараа 40 орчим салбар уурхай ажиллуулж 200 сая тонн нүүрс олборлож байна. Гэтэл Монголд бүх аж ахуй нэгж нийлээд 20 орчим сая тонн нүүрс арай гэж олборлодог. Өвөрмонголын ганц том компани л 10 дахин илүүг олборлочихож байна шүү дээ. Тэгэхээр нүүрсний зах зээлийн үнийг тогтоох тоглоомд хэр зэргийн тоглогч вэ гэдэг нь харагдаж байгаа биз. Гэхдээ яахав, Хятадын импортоор авч байгаа хагас коксжих нүүрс 10 хувийг эзэлдэг.   Дэлхийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт, Атлантын далай, Номхон далайн эрэгт ирж буй нүүрснүүдээс шалтгаалан үнэ хэлбэлздэг. Тэрнээс биш Хятад, Монгол хоёр ярьж байгаад нүүрсний үнийг өсгөчихдөггүй.
-Дэлхийн эдийн засгийн хямрал ашигт малтмалын үнэд нөлөө үзүүлж байгааг судлаачид ярьцгааж байна. Энэ онд хямрал газрын бая­лагт хэрхэн нөлөө үзүүлэх талаар судалгаа гарсан уу?
-Дэлхий дахинаа томоохон судалгааны байгууллагууд бий л дээ. Гэхдээ барин тавин яг тийм байна гэж хэлж чад­даггүй. Нэгдүгээрт эрэлт, нийлүүлэлтээс хамаарна. Хөгжил бий болж байж тэ­рийг дагаж эрэлт бий болно. Хямрал гэдэг хөгжлийг саа­руулж буй том хүчин зүйл. Нөгөө талаар, том хэмжээний тоглогч байгаа газар улс төр, нийгэм эдийн засгийн байдал хүртэл нөлөөлнө. Хямрал эрэл­тийг бууруулж буй хүчин зүйл учраас нийлүүлэлтийг дав­хар багасгана. Тэгэхээр ний­лүүлэх боломжтой байсан үнэ нь дагаад буурна. Эдийн зас­гийн хямралыг жолоодоход хэцүү шүү дээ. Жолооддог, удирд­даг байсан бол хямрал га­рахгүй. Гэхдээ нэгэнт эхэлсэн хям­ралыг сааруулж таараа, да­хин сэргэх боломжтой. Тэр үед үнэ нэмэгдэх л боломжтой байх.
-Манайхан сүүлийн үед уул уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулъя гээд дээр, дооргүй ярьцгааж байна. Нүүр­сээ шингэрүүлээд неф­тийн бүтээгдэхүүн боловс­руулъя л гэх юм. Хамгийн гол нь, бэлэн болсон тө­сөл хөтөлбөр, бүтээн бай­гуулалтын ажлаа эхэлсэн нь хэр байна?
-Шинэчлэлийн Засгийн газрын бодлого ч үүнд чиглэг­дэж байна. Хүрэн нүүрс­нээс шингэн түлш, хий гаргаж авах асуудлыг дэмжих чиглэ­лийн бодлого их яригдах бол­лоо. Энэ чиглэлээр “Мак” компани гэхэд Дорнод аймагт төсөл хэрэгжүүлэхээр төлөв­лөсөн. Бусад нүүрсний чиглэлийн компаниуд ч ийм бодолтой яваа. Зэс хайлах, төмөр боловсруулах, нүүрс угаах, ялгах үйлдвэрүүдийг байгуулахаар олон уурхай зэхэж байна. Төмрийн хүдэр хайлуулах үйлдвэр барихаар үндэсний компаниуд хөрөнгө оруулалтаа нэгтгэж байгаа.  Гэхдээ төр засгийн зүгээс дэм­жинэ гээд хөтөлбөр бат­лаад хаячихаж болохгүй. Эдийн засаг, хөрөнгө оруулалт цааш­лаад гааль татварын дэмжлэг гээд бодитоор дэмжих бодлого хэрэгтэй. Өрсөлдөөн ихтэй салбар учраас амаргүй л дээ.
-Манайд энэ чиглэлийн зах зээлийн судалгаа хэр хийгдсэн юм бол?
-1994 оноос хойш ху­вийн хэвшлийнхэнд уул уур­хайн хайгуул энэ тэр хийх зөвшөөрөл олгож эхэлсэн гэ­хээр 18-хан жил болж байна. Төрийн байгууллагууд судал­гаанд оролцдоггүй. Ха­рин судалгаанд үндэслэж гарч ирсэн бодлогод шийдвэр гар­­гаж залах үүрэгтэй. Үн­дэс­ний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн чадавхитай судалгааны байгууллага манайд алга. Төр засгаас ч дэмжлэг алга. Бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд хамгийн бодитой мэдээлэл авахад яалт ч үгүй судалгаа хэрэгтэй. Гадаадын компаниуд өөр, өөрсдийн эрх ашигт тааруулж хийнэ. Монголын төлөө бүгдийг нь судлаад явж байдаг сайн дурын уран сайханч маягийн гадаадын байгууллага байхгүй шүү дээ.  
-Тэгэхээр аж ахуйн нэг­жүүд маань өөрсдийн хэм­жээндээ тааруулаад судал­гаа хийгээд явж байгаа гэсэн үг үү?
-Мэдээж. Үндэсний хэм­жээ­ний томоохон аж ахуй нэгжүүд хөрөнгө оруулалтаа ашигтай хийхийн тулд ямар зах зээл, боломж бололцоо байгаа талаар судалгаа хийх ёстой. Ашиг олохгүй хөрөнгө оруулалт гэж байхгүй. Эрх мэдэл байна, хөрөнгө мөнгөө гаргачих чадалтай, шийдвэр хурдан хугацаанд гаргах боломжтой учраас дор нь хийчихнэ. Гэтэл төр үүнийгээ мэдэрдэггүй атлаа бүг­дийг нь мэднэ, чадна гээд хөтөл­бөрүүдээр жагсаалт гаргаад л. Мөрөөдлийн жаг­саалт маягийн юм туугаад л байдаг.
-Уул уурхайн салбар 90 жил насалжээ. Энэ хуга­цаанд гарсан шинэ дэвшил, алхмуудын талаар та юу хэлэх бол?
-Хятадын өмчлөлд бай­сан Налайхын уурхайг нийгэм­чилсний 90 жилийн ой юм уу даа. Өмнөх түүх нь Манжийн үеэс эхэлдэг.Улиастайд байсан Манжийн амбан, Бээжинд байсан Оросын элчин сайдтай Манжийн эрхшээлд байгаа Монголын алт болон бусад ашигт малтмалын олборлох концевсын гэрээг 25 жилээр хийснээр эхэлдэг. Уул уурхайн хөгжлийн үе шат гэвэл Манжийн эрхшээлд байсан үе, Богд хаант засгийн үе, ардын хувьсгалын үе, 1991 оноос хойш гээд улс төр, нийгэм эдийн засгийн байгууламжийн он цаг үед давхцаж хуваагддаг. 1913 онд Богд хаан хамгийн анх  удаа “Олон зүйлийн уурхайг нээн шийдэх дүрэм” гэж дүрэм гаргаж байсан.  1921 оноос хойш нийгмийн үед хуулиар биш  улс орнууд харилцааны том бодлогоор явагдаж байсан учраас хөгжлийн түүх нь ил тод биш. Зөвхөн манай эрх ашиг бус бусдын төлөө ЗХУ-ыг түүхий эдээр хангах бодлогоор 1990 он хүртэл явсан. ЗХУ-ын Уралын зэс хайлуулах үйлдвэрийг хангахын тулд л Эрдэнэтийг байгуулсан. Бор-Өндөр, бусад жоншны үйлдвэрүүдийг яах гэж байгуулсан юм. Украйн, ОХУ-ын гангийн үйлдвэрийн жоншийг хангах л зорилготой байсан. Зүүнбаян яагаад дампуурсан гэвэл ОХУ-ыг нефтээр хангах гэж байгаад Тюменьд их хэмжээний нефть илрэнгүүт л шууд хаясан.
-1992 оноос хойш уул уурхайн салбарт арай ахиц гарсан байх тийм үү?
-Үндсэн хууль 1992 онд батлагдаж хувийн өмчийг өмчлөхийн шударгаар дэм­жи­нэ л гэсэн. Анхны ашигт малтмалын хуулиар “Та ол­борлох ажилд хувийн хөрөн­гө оруулалт оруулж болно” гээд 1992 онд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг зөвшөөрч шинэ үе эхэлсэн л дээ. Гэхдээ мэдлэггүй, туршлагагүй хэдий ололт амжилт, алдаа дутагдал сөрөг үр дагаврыг дагуулсан 18 жилийг ардаа үлдээчихэж. Шинэ үеийн түүх маань өн­гөрс­нөөс сургамж аваад алдаа­гаа давтахгүй байх үйл явц. Хувийн хэвшлийнхэн маш их бэрхшээлийг даван туулж өнөөдрийн төвшинд хүр­сэн. Монголын уул уурхайн сал­барынхан 50, 100 жилийн да­раа дэлхийд тэргүүлэх хэмжээ­ний  болохыг хэн үгүйсгэх юм.
-Уул уурхайн компаниуд ил тод байдлыг санаачлах хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж ярьцгаасан. Үүнд үнэхээр идэвхтэй хамрагдаж чадах эсэх талаар?
-Компаниудын хувьд идэвх сайтай байгаа. Тэр битгий хэл тайлангаа гаргадаг болчихож. Гэхдээ мэдээлэл нь ард иргэдэд хангалттай хүрч чадахгүй байна. Цөөн хэдэн хүн тайланг нь нэгтгээд аудит хийж байгаа. Гурав, дөрвөн жилийн өмнө энэхүү санаачилгад нэгдсэн дэлхийн 32 улс орноос амжилттай хэрэгжүүлж буй гэсэн статусаар дөрөвт бичигд­сэн. Олон улсын хамтын нийгэмлэгээс сайн хэрэгжүүлж байна гээд дүгнэчихсэн.  
-Бичил уурхайчдыг сүү­лийн үед төр засгаас ху­вийн компаниуд гэлтгүй ча­дах хэмжээндээ дэмжиж байгаа?
-Арга ядсан л арга хэмжээ. Яагаад гэвэл нинжа гэдэг бол үзэгдэл. Зөвхөн Монголд байгаа юм биш. Дэлхийн хэмжээнд уул уурхай хөгжсөн газарт 100 сая хүн бий. Улс орнууд бичил уурхай гээд нэгдсэн зохион байгуулалтад оруулж дэмжих л бодлого барих ёстой. Тэгэхгүй бол үзэгдэл гэдэг утгаар хориглож, зогсоож дийлэхгүй. Монгол орны хувьд том газар нутагтаа цөөн хүн амтай учраас зогсоож чадахгүй. Аймаг, сум бүрт л шорон байгуулахгүй бол яахын. Хөөгөөд явууллаа гэхэд эргээд л ирнэ. Чанартай ажлын байр, улс орны хөгжил дэвшил дээшилж нөөц нь дуусаад ирэхийн алдад аяндаа л алга болно.
-Манай улс уул уурхай хөгжиж буй орнуудын аль хавьд нь явна вэ?
-Янз бүрийн өнцгөөс хардаг. Олон улсын бүтээгдэ­хүүн гэхээр жоншоор авч үзвэл эхний 4-5 дугаарт, нүүрс, зэсээр хойгуур бичигдэж байх жишээтэй. Нөөцөөр ч гэсэн алтан дээр суусан гуйлгачин гэдгийн л адил. 2000 онд ӨАБНУ жилдээ 400 тонн алт олборлож байсан. Тэр үед манай алтны нөөц 160 тонн байсан. Тэгэхээр жишихэд их хэцүү. Уул уурхай руу чиглэсэн бодлого, гадаадын болон хувийн хөрөнгө оруулалт хэр хийгдэж байгааг нь судлахад доогуур 10-аад орон бичигддэг. Уругвай, Болив гээд авлига, хүнд суртал ихтэй лиценз авахад төвөгтэй  улс орнуудтай зэрэгцэн бичигддэг. Нүүрс, зэс гээд манайд нээгдэх боломжтой нөөц газар бий. Оюу толгой, Таван толгой гээд дэлхийн дахинаа анхааралд орсон учраас хөрөнгө оруулагчид манайхыг сонирхож байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан