Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭКСПОРТОЛЖ БУЙ НЕФТИЙНХЭЭ ОРОНД ШАТАХУУН АВАХААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА


Монгол Улсын ДНБ-ий 20.2, экспортын 88.2 хувийг  уул уурхайн салбар бүрдүүлж байгаа. Өнөөдөр 400 орчим уурхайд 50 гаруй хүн ажиллаж буй тооцоо бий. Манай улс нүүрс, төмрийн хүдэр, зэс, цайр, цагаан тугалганы баяжмал, газрын тос хамгийн их экспортолдог. Үүний гол худалдан авагч нь Хятад юм. Нөгөө талаар, сүүлийн жилүүдэд урд хөршийн хөрөнгө оруулалт тав дахин нэмэгдэж, 2.3 тэрбум ам.долларт хүрчээ. Иймд Монголд хөрөнгө оруулсан уул уурхайн компанийн тоогоор тэргүүлж байна. Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүчний хамтын ажил­лагааны гуравдугаар хурал­­даан өчиг­дөр Улаанбаатарт боллоо.
Энэ хуралдаанаар хэд хэ­дэн асуудал хөндөн ярилц­жээ. Тухайлбал, ашигт малтмалын үнэ тариф болон тээврийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх та­лаар  ярилцсан аж. Хоёр улс Дэлхийн худалдааны бай­гуул­лагын гишүүн орны хувьд олон улсын гадаад худал­даа­ны жишиг, бүс нутгийн нөх­цөл байдалд нийцсэн худал­дааны эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай та­лаар ярилцсан байна. Мөн Баянхошуу-Өвдөгийн боом­тоор  Монголоос газрын тос экспортолж байгаа. Энэ боом­тыг байнгын ажиллагаатай болгох, экспортод гаргаж буй газрын тосоо урд хөршид боловсруулж, шатахуун авах тухай яриа өрнүүлжээ. Үүнээс гадна 2008 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газар БНХАУ-ын Үндэсний газрын тосны корпорацтай /CNPC/ санамж бичиг байгуулсан. Уг санамж бичигт  манай улс сар бүр 10 мянган тонн шатахуун авахаар  тохиролцсон юм. Энэ санамж бичгийг хэрэгжүүлж сар бүр тодорхой хэмжээний шатахуун худалдан авч байх  саналаа манай талд илэрхийлсэн аж.

Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сай­дын орлогч Ли Көцян нар уулзсан. Энэ үеэр Ли Көцян “Монголын өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн тэр дундаа ашигт малтмалыг Хятадын нутгаар дамжуулан гуравдагч оронд гаргахад Хятадын тал баяртай байх болно. Монголын тал төмөр замын бүтээн байгуулалтаа хурдасгах нь далайд гарах гарцаа нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Эдгээр асуудлаар үргэлжүүлэн ярилцахад бэлэн” гэсэн байна. Иймээс  манай улсын талаас ашигт малтмалаа Хятадын нутгаар тээвэрлэх, газрын тосны бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлээс авч тус улсын нутгаар дамжин өнгөрүүлэхэд дэмжлэг авах тухай яриа ч бас өрнөж байгаа ажээ. Эдүгээ урд хөрштэй хамтарч Монгол, Хятадын хилийн дагуу геологийн өндөр нарийвчлалтай иж бүрэн зураглал хийсэн. Цаашид Төв Азийн таван орны хамтарсан төслийн хүрээнд “Ази тивийн гүний процессууд ба металлогени” төсөл хэрэгжүүлэх, бүс нутгийн орд газруудын зүй тогтоцын судалгаа, геологийн тоон мэдээллийн сан бий болгох чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэнэ.

Дээрх хуралдааны зав­сар­лагаа­наар хоёр орны тө­лөөлөгч хамтарч  мэдээлэл хийсэн юм.  Энэ үеэр Уул уурхайн сайд  Д.Ганхуяг ”Хоёр орон эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц, санхүүгийн салбарт амжилттай хамтран ажиллаж ирлээ. Энэ удаагийн хурлаар Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газрын зүгээс спортын болон гадаад худалдаанд нэг цонхны бодлого баримтлах асуудлыг Хятадын талд тавьсан. Үүнийг хөрш дэмжсэн байгаа. Жилд худалдан авах ашигт малтмалын тоо хэмжээг хоёр орны Засгийн газар тохирно.  Харин бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, үнийн асуудлыг  худалдах,  худалдан авах компаниуд хоорондоо ярьж шийдэх талаар хэлэлцлээ. Мөн дэд бүтэц,  төмөр замын хөтөлбөрт хамтарч ажиллахаар ярилцаж байна. Бас нефть болон нефтийн бүтээгдэхүүний  салбарт хамтарч ажилладаг. Үүнд, хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн нь урд хөрш. “Петро Чайна Дачин Там­саг” компани 1.4 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байгаа. Одоогоор газрын тос түүхийгээр нь экс­портолдог. Үүний оронд газ­рын тосны бүтээгдэхүүн авах хэлэлцээр хийж байна”  хэмээв.

БНХАУ-ын Хөгжил, шинэт­гэлийн үндэсний хорооны дэд дарга Жан Сяоцян” Хятад, Монгол хоёр улс найрсаг хөрш. Өнгөрсөн онд хоёр улсын худалдааны эргэлт 6.6 тэрбум ам.доллар болсон. Энэ нь Монголын гадаад худалдааны 60 хувийг эзэлж байгаа. Мөн экспортын 70 хувь нь Хятадад гарчээ. Үүний ихэнхийг нүүрс, зэсийн баяжмал бүрдүүлдэг. Хоёр орны уул уурхай, эрчим хүчний хамтын ажиллагааны гуравдугаар зөвлөлгөөн болж байна. Уг зөвлөлгөөнөөр хоёр орны уул уурхай, эрчим хүчний хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар ярилцаж байгаа юм. Энэ хамтын ажиллагааны төвшинг дээшлүүлэхэд цаашид харилцан ашигтай, хамт хожих, хоёр ард түмэнд буян үйлдэх зарчмаар явуулах хэрэгтэй байна. Уул уурхай, эрчим хүчний хамтын ажиллагаанаас гадна төмөр зам, боомтын дэд бүтцийг  заавал уялдуулан хөгжүүлэх ёстой. Түүхий эдийг гүн боловсруулах талаар хамтран ажиллах хэрэгтэй. Түүнчлэн хууль тогтоомжийн таатай орчин бүрдүүлэх шаардлага бий. Энэ нь арилжаа, тээвэр хийхэд тус дөхөм үзүүлэх учиртай.  Хоёр талын хүчин чармайлтаар уул уурхай, эрчим хүчний хамтын ажиллагаа, стратегийн харилцааг хөгжүүлэхэд чухал  үүрэг гүйцэтгэнэ  гэж найдаж байна” гэлээ.

Цаашид манай улсын эдийн засгийн хөдөлгүүр болоод буй ашигт малтмалын томоохон худалдан авагч Хятад хэвээр байх нь тодорхой. Мөн манай уул уурхайн салбар шинэ шатанд гарч хөгжихөд  нөлөөлөх нь гарцаагүй юм. Хамгийн гол нь, хоёр тал ойлголцох, харилцан ашигтай хамтран ажиллах, уул уурхайн салбарт байгаль орчинд хор хөнөөл багатай технологи нэвтрүүлэх нь чухал ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан