Ашигт малтмал манай улсын экспортыг бүрдүүлдэг гэж болно. Тэр дундаа нийт экспортын 53 хувийг нүүрс, зэс 22, төмрийн хүдэр 10, газрын тос зургаа, алт, цайр тус бүр гурван хувийг эзэлж байна. Сүүлийн жилүүдэд эдийн засаг огцом өссөн нь уул уурхайн салбар хүрээгээ тэлсэнтэй холбоотой. Манай улсад хэдийгээр уул уурхайн салбар жилээс жилд хүрээгээ тэлж байгаа ч судлаачид хэд хэдэн онцлогтой хэмээн тодорхойлж буй. Тухайлбал, усны хомсдолтой, байгаль орчны тогтоц эмзэг, дэд бүтцийн хөгжил сул, дэлхийн хамгийн эрчимтэй хөгжиж буй зах зээлтэй ойр оршдог гэсэн өнцөгөөс харж байгаа.
Уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулалт нэмэгдэх тусам хөрс, ус бохирдож, хүн, амьтан хордох, ургамлын төрөл зүйл устах, экологийн тэнцвэр алдагдах нөлөө өндөр болох хандлага бий. Жишээ нь, нүүрс болон хүдрийн уурхайгаас хүчиллэг ус ихээр тунаран гардаг.
Үүнийг соруулан авч нуур цөөрөм үүсгэдэг билээ. Энэ нь гадарга дахь ус болон хөрсөөр дамжиж, ойр орчмынхоо гүний ус, гол мөрөнд нийлж бохирдуулах аюул дагуулна. Иймд энэ усанд агуулагдах хорт бодисуудыг бүрэн саармагжуулах ёстой. Уг хүчиллэг ус ямар байх нь тухайн ордын хүдрийн найрлага, хөрсний тогтоц зэргээс хамаардаг ажээ.
Төмрийн хүдрийн уурхайгаас хүчиллэг ус шүүрдэг. Ингээд түүнд агуулагдах төмрийн пирит агаарт исэлдэж, хур тунадасны үйлчлэлээр хувиралд орж хүхрийн хүчил үүсгэх тохиолдол байдаг ажээ. Иймд усны хүчилтөрөгчийн агуулга буурч хүн, амьтан, ургамал хордуулах нөхцөл бүрдүүлж, хөрс, усанд нэвчдэг байна. Уурхайн гүнээс тунарч буй ус нь улбар шар өнгөтэй байвал хүчиллэг ус ялгарч байгаагийн тод шинж тэмдэг гэдэг. Төмөр, хөнгөнцагаан, мангани гэх мэт металл уусгасан хүчиллэг ус байгаль орчинд хамгийн их сөрөг нөлөөтэй байдаг аж.
БНСУ-ын Ионсей их сургууль, ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачид Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн талбайн ус, хөрсийг судалжээ. Мөн төмрийн хүдрийн томоохон ордуудын хүдрийн найрлагад тулгуурлаж олборлолт, боловсруулалтын үед гарч болох усны бохирдол, түүнийг яаж саармагжуулах талаар судалгаа хийсэн аж.
Хүрэн нүүрс олборлоход ус ихээхэн хэмжээгээр ялгардаг. Судалгааны үеэр Шивээ-Овоо нүүрсний уурхайн орчмын худаг, булаг шандын усыг шинжилжээ. Жишээлбэл, уурхайгаас найман км зайд орших “Цоорхой булаг”, “Ламын худаг” 3.6 км-т байх хаягдлын сан зэрэг 40 гаруй цооногоос дээж авсан байна. Урд нь тус уурхайн орчимд ийм судалгаа хийж байсангүй. Үүнээс гадна хөрсний дээж авахдаа уурхайн мөргөцгийн дээд, дунд, доод үе болон овоолго ойр орчим зэргээс 15 дээж авч шинжилжээ.
Шинжилгээгээр уурхайн орчмын гүний ус нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол Улсын ундны усны стандартад нийцэж байж. Стандартад зааснаар нэг литр усанд төмрийн агуулга 0.3 мг байх учиртай. Гэтэл дээж авсан зарим цэгт төмрийн агуулга нэг литр усанд 1.4-7.52 мг гарсан аж. Иймд тухайн цэгийн ус хэт их бохирдолтой бөгөөд өнгө нь улаан хүрэн байжээ. Мөн зарим цэгт шохойн чулуу, магнийн давсны найрлагатай гарч. Энэ усыг унданд хэрэглэвэл дотор муухайрах, цусны даралт багасах, гүйлгэх зэрэг сөрөг нөлөө хүний биед үзүүлдэг байна.
Хөрсний зарим дээжээс хүхэр, кальци илрэв. Тэгэхээр хур тунадасны үйлчлэлээр урвалд орж, хүчиллэг ус үүсгэж болох тал бий гэнэ. Шинжилгээний дүнгээр “Шивээ-Овоо” уурхай орчмын ус саармаг орчинтой байгаа боловч цаашид байнга хяналт тавьж, сэргийлэх арга хэмжээ авч байхгүй бол хүчиллэг болох магадлал тун өндөр байгаа аж.
Геологичид Монгол оронд нэг тэрбум тонн төмрийн хүдрийн нөөц бий хэмээн таамагладаг. Өнөөдөр төмрийн хүдрийн 33 ордод 660 сая тонн нөөц бий гэж баттай тогтоогоод байгаа. Тухайлбал, Төмөртийн овоо 217, Төмөртэй 188, Баянгол 150, Богдын рашаан 60, Мөнгөнцээж 56, Хонгор 50, Төмөр толгой 25, Төмөр чулуут 18, Харганат 3.9, Шивэйн гол 3.5 сая тонн нөөцтэй. Манай орны томоохон төмрийн орд, илрэл нь төмрийн пирит, магнетит, гематит гэсэн эрдэсээс тогтсон байдаг аж. Эдгээр ордыг ашиглах явцад ялангуяа пиритийн төрлийн ордоос их хэмжээний хүчиллэг ус шүүрэх нь тодорхой гэнэ. Шивэйн гол, Төмөр чулуут, Богдын рашаан орд исэлдсэн төмрийн хүдэр агуулдаг байна. Харин Тамирын голын хойд хэсгийн орд, илрэл 4.75, Төмөртэйн орд 0.07-3.88 хувийн хүхэртэй ажээ. Төмрийн хүдрийн зарим орд нь шохойн чулууны хамт үүсэн тогтжээ. Иймд ордыг ашиглах явцад шүүрсэн ус нь шохойн чулууны нөлөөгөөр саармагждаг гэнэ. Жишээ нь, Харганатын орд ийм тогтоцтой юм. Уг судалгаагаар манай орны томоохон төмрийн ордууд пиритийн хүдэртэй байна. Тиймээс тухайн ордыг ашиглах,хүдрийг нь боловсруулах үед хүчиллэг усыг саармагжуулах, бохирдлыг нь арилгах талаар тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй аж.
Манай улсын эдийн засаг, орлого зарлага уул уурхайн салбараас хамааралтай. Харин уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэл устай салшгүй холбоотой. Гэтэл одоо ашиглаж буй томоохон ордууд бүгд ус бага, эмзэг хөрстэй бүс нутагт бий. Тэгэхээр усны хомсдол үүсгэхгүй, бохирдуулахгүй, хөрс, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах арга хэмжээ авах, экологид аюулгүй технологи ашиглах хэрэгтэйг эрдэмтэн судлаачид анхааруулж байна.