УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдаж, “Эрдэнэс Таван толгой” компанийн талаар хөндөн ярилцлаа. Уг хуралдаанд мэдээлэл өгөхөөр тус компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь болон бусад холбогдох албан тушаалтнууд ирсэн юм. Тус компани санхүүгийн хувьд нэлээд хүнд байдалд ороод байгаа аж. Учир нь уг компанийг 2010 онд анх байгуулахдаа “Голомт” банкнаас 131 сая ам.долларын зээл авч эхлүүлж байсан бөгөөд улмаар өнгөрсөн 2011, 2012 онд Хятадын “Чалко” компаниас 350 сая ам.долларын зээл авсан байна. Гэтэл “Эрдэнэс Таван толгой”-гоос УИХ-ын өнгөрсөн сонгуулийн өмнө Хүний хөгжил сангаас ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгөх сая төгрөгийг тараахаар 418 тэрбум төгрөг авсан нь үйл ажиллагааг нь доголдуулахад хүргэжээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга ““Эрдэнэс Таван толгой” төрийн өмчийн компани. Танай компанийн өнгөрсөн захирлуудын үед хэзээ ч ашиглагдахгүй долоон тэрбум төгрөгийн бараа материал, хүнд даацын автомашин, дугуйнууд шахсан гэсэн, үнэн үү. Энэ мэдээлэл үнэн бол үүний хариуцлагыг хэнд, хэрхэн тооцсон бэ” гэхэд Я.Батсуурь “Дахин ашиглагдахгүй бараа материал, машин байгаа нь үнэн. Тус бүр нь 160 сая төгрөгийн үнэтэй 10 машин нийлүүлсэн. Уг машиныг зүүн Цанхид олборлолт хийж байгаа компани ашиглах боломжгүй гэсэн тул сул зогсч байгаа.
Түүнчлэн энэ машинуудын бичиг баримт олдоогүй. Мөн тав орчим тэрбум төгрөгийн дугуй бий. Үүнээс 3.6 тэрбум төгрөгтэй тэнцэх дугуйны хэмжээ таарахгүй байна. Эдгээр бараа бүтээгдэхүүнийг тендер зарлаж авсан юм билээ. Тиймээс хариуцлага алдсан тодорхой албан тушаалтнуудыг ажлаас нь халсан” гэв. Үүний дараа Х.Баттулга гишүүн дахин тодруулж “2010 онд УИХ-аар төмөр замын бодлого батлагдсан. Үүнийг хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг. Гэтэл Тавантолгой нь “Монголын төмөр зам” компанитай нийлээд нарийн цариг нэвтрүүлэхээр ярьж байгаа гэх юм” хэмээн лавлахад “”Монголын төмөр зам” компанийн захирал М.Энхсайхан ийм санал тавьсан. Гол нь нарийн, бүдүүн царигтаа байгаа юм биш. Гашуун сухайтын замыг эхэлж тавья гэдэгт л гол нь байгаа юм. Өөрөөр хэлбэл, ТЭЗҮ нь бэлэн, далангийн ажлын тал нь явчихсан учраас бондоос 200-300 сая ам.долларын хөрөнгө өгнө гэж хэлсэн. Чухам аль замыг эхэлж тавихыг УИХ шийднэ гэдгээ хэлсэн” гэхэд Уул уурхайн сайд Д.Ганхуяг УИХ-ын шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлдэг. Засгийн газрын шийдвэрийг компани хэрэгжүүлнэ. Тиймээс УИХ-аас өргөн төмөр зам гээд баталчихсөн болохоор энэ дагуу л явна хэмээн нэмэлт тайлбар хийв.
Нийт эргэлтийн хөрөнгийнхөө 418 тэрбум төгрөгийг Хүний хөгжилд сангаар дамжуулаад иргэдэд өгчихсөн болохоор арга буюу үлдсэн зээлээрээ үйл ажиллагаа явуулж байсан ч өнгөрсөн оны наймдугаар сард ажил нь зогсчээ. Тиймээс Засгийн газраас “Хөгжлийн банк”-аар дамжуулан өнгөрсөн оны аравдугаар сард 100 сая ам.долларын зээл олгосноор үйл ажиллагаагаа эхлүүлээд байсан ч эргээд санхүүгийн хүнд байдалд ороод буй аж. Одоо тус компани 30 гаруй тэрбум төгрөгийн өртэй гэнэ. Иймд дахин “Хөгжлийн банк”-наас 200 сая ам.долларын зээл олгох шийдвэрийг Засгийн газар өнгөрсөн сард гаргасан ч өнөөг хүртэл зээл нь орж ирээгүй буй гэсэн. Үүнээс гадна тус компанийнхны хамгийн хүндрэлтэй асуудал нь Хятадын “Чалко” компаниас авсан 350 сая ам.долларын зээл аж. Уг зээлийг авах үед хийсэн гэрээ нь монголын талд маш их алдагдал хүлээлгэхээр байгаа гэнэ.
Өөрөөр хэлбэл, гэрээнд хятадын тал тонн нүүрс тутмыг нь 70 ам.доллараар авах бөгөөд хэрэв энэ үнэ унавал тухайн буурсан үнээр тооцох аж. Харин үнэ өсөхөд 70 ам.доллар хэвээрээ байх нь. Өнөөдрийн байдлаар Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ унаж 53 ам.доллар болсон нь манай улсад улам их алдагдал авчирч байна. Тиймээс тус компанийнхан уг гэрээг өөрчилж дахин хийхээр ажиллаж эхэлжээ. Гэсэн ч “Чалко” компаниас зээлсэн 350 сая ам.долларыг ирэх оны зургадугаар сард төлж дуусах ёстой юм байна. Зээл төлснөөс хойш таван жилийн хугацаанд монголчууд олборлосон нүүрснийхээ 80 хувийг дээрх ханшаар өгөх заалт ч тусгасан байна. Засгийн газраас нүүрснийхээ үнийг дэлхийн зах зээлийн үнээр зар гэсэн чиглэлийг тус компанийн удирдлагуудад өгөөд байна. Тиймээс Засгийн газрын дэмжлэгтэйгээр өрнөөс салж, улмаар олон худалдан авагчтай болж байж хөл дээрээ зогсох боломжтой болно. Ямартай ч тус компанид санхүүгийн томоохон хэмжээний дэмжлэг үзүүлбэл 2015-2016 онд иргэдэд 1072 ширхэг хувьцааных нь ноогдол ашгийг хүртээх боломж бүрдэх юм байна. Энэ талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг “ “Чалко”-той үнэхээр шудага бус гэрээ байгуулсан байна билээ. Нүүрс 70 ам.доллараас үнэтэй байхад ч энэ үнээрээ зарна гэсэн. Түүнчлэн Зүүн Цанхийн 80 хувийг өгнө гэх зэргээр гэрээнд тусгасан байгааг өөрчлөх ёстой. Төмөр замаа барьж байж олон худалдан авагчтай болно. Ингэснээр үнэ ч нэмэгдэж, Тавантолгойн ашиг орлого өсөн нэмэгдэнэ шүү дээ” гэлээ.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад хамгийн түрүүнд Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд ажлын хэсэг гаргажээ. Эндээсээ төмөр замын ажлын хэсгийг салгаад хөрөнгө оруулагчидтай уулзаж эхэлсэн аж. Нийт 1800 км төмөр замыг тав орчим тэрбум ам.доллараар барихаар төлөвлөжээ. Ингэхдээ Хятад болон тус улсын нутгаар Солонгосын хойг хүртэл төмөр зам тавих боломж бий гэсэн. Түүнчлэн төмөр замын салбар ашигтай тул худалдан авагч хөрөнгөөс гаргах хөрөнгийг түлхүү байлгахад анхаарах гэнэ. Өөрөөр хэлбэл, манай талын хөрөнгө оруулалтыг тэрбум ам.доллар үүний 600 орчим саяыг нь газрын төлбөрөөс, үлдсэнийг нь бондоос гаргах нь зөв гэж үзжээ.
Таван толгойгоос нүүрс тээвэрлэн Цагаан хаданд аваачиж буулгаад гаалийн бүрдүүлэлт хийсний дараа дахин ачдаг аж. Энэ үеэр Цагаан хаданд их хэмжээний тоосжилт үүсч байгаагаас байгаль орчин болон хүний эрүүл мэнд ихээхэн хохирч буй гэнэ. Тиймээс нүүрсийг буулгалгүйгээр шууд нүүрсний уурхай дээрээс гаалийн бүрдүүлэлт хийгээд гаргавал тоосжилт арилах юм байна. Мөн “Энержи ресурс” компани засмал зам тавьсан учир тэд энэ замаар тонн тутамд нь 5000 төгрөг төлж нүүрсээ тээвэрлэх болжээ. Ингэснээр байгаль орчинд бага хохирол учруулж, осол гарах нь ч багассан байна.