Төсвийн тогтворжуулалтын санд 2012 оны эцсийн байдлаар 336.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.4 хувьтай тэнцэх хөрөнгө төвлөрсөн байна. Энэ нь тус сан байгуулагдсанаас хойшхи хоёр жилийн хугацаанд төвлөрсөн мөнгө гэдгийг Сангийн яамны Төсвийн бодлогын газрын Баялгийн сангийн удирдлагын хэлтсийн дарга О.Хуягцогт хэлж байв.
Өнгөрсөн жил улсын төсөвт тодотгол хийхдээ энэ санд 101.3 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгажээ. Гэвч нүүрсний экспортын хэмжээ буурсан, үнэ хямдарсан тул Төсвийн тогтворжуулалтын санд төлөвлөсөн мөнгөө хийх боломжгүй болсон аж. Ингэснээр тус санд өнгөрсөн жил 94.7 тэрбум төгрөг л төвлөрчээ. Харин ашигт малтмалын үнэ өндөр байсан 2011 онд 241.5 тэрбум төгрөг төвлөрүүлж байжээ.
Төсвийн тогтворжуулалтын санд энэ жил 169.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр улсын төсөвт тусгасан. Тэгэхдээ энэ мөнгөний 103.8 тэрбум төгрөг буюу 61 хувийг зэсээс, 66 тэрбум төгрөг буюу 39 хувийг нүүрснээс оруулна гэж тооцсон байна.
Улсын төсөвт түүхий эдийн үнийг тэнцвэржүүлэн тооцдог. Энэ оны төсөвт тонн зэсийн үнэ 6328.9, боловсруулсан нүүрснийх 131.5, коксжих нүүрснийх 80.2, чулуун нүүрснийх 65.5 ам.доллар байхаар тэнцвэржүүлэн тогтоосон байгаа. Зэс, нүүрсний тэнцвэржүүлсэн үнээс дээш гарсан хэсгээс нь авсан татвар Төсвийн тогтворжуулалтын сангийн орлого болох хуультай. Тодруулбал, зэсийн үнэ дэлхийн зах зээлд 8000 ам.доллар байвал тэнцвэржүүлсэн үнээс дээш гарсан хэсэг буюу 1670 ам.доллараас авсан татвар нь тус санд орно. Олон улсын санхүүгийн байгууллагуудаас тонн зэс дунджаар 8152, боловсруулсан нүүрс 161.2, коксжих нүүрс 96.7, чулуун нүүрс 83.17 ам.долларын үнэтэй байна гэсэн төсөөллийг хийжээ.
Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бүрэн эхээрээ энэ жилээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуульд зааснаар Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийг төсвийн орлогын гүйцэтгэлийн зөрүүг нөхөх, ДНБ-ий өсөлт 0 эсвэл хасах хувьтай гарах, гамшгийн хор уршиг, онцгой нөхцөлийн үр дагавар ДНБ-ий таваас дээш хувьд хүрэх тохиолдолд зарцуулах боломжтой. Одоогоор тус сангийн хөрөнгийг ямар нэгэн санхүүжилтэд зарцуулаагүй байна.
Төсвийн тогтворжуулалтын сан 2018 онд гэхэд ДНБ-ий тав, түүнээс илүү хувьтай тэмцэх хэмжээний хөрөнгө хуримтлуулахаар зорин ажиллаж байгаа аж. Тус сан нь ДНБ-ий таваас илүү хувьтай тэнцэх хөрөнгө төвлөрүүлсний дараа тогтворжуулах үүргээ найдвартай гүйцэтгэнэ гэсэн бодлогыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тусгажээ.