Хүн төрөлхтний хөгжил дэвшил ашигт малтмалгүйгээр урагшлахгүй. Бидний амьдрал ахуйдаа байнга хэрэглэдэг нүдэнд үзэгдэж, гарт баригдаж буй бүхий л эд зүйл дэлхийн том, жижиг уурхайнуудаас олборлосон эрдэсээр бүтээдэг гэж хэлж болно. Өнөөдөр ашигт малтмалыг хэрхэн боловсруулж ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаар тухайн улс орны хөгжил дэвшил тодорхойлогдож буй юм. Өндөр хөгжилтэй орнууд өөрийн олборлосон болон бусдаас худалдан авсан ашигт малтмалаа боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэдэг. Ашигт малтмалын хэрэглээний талаар Австралийн Куртины их сургууль нэгэн сонирхолтой судалгаа хийсэн байна. Энэ судалгаанд өндөр хөгжилтэй оронд шинээр мэндэлсэн нэг хүүхэд бүхий л амьдралынхаа турш хэдий хэмжээний ашигт малтмал хэрэглэхийг багцаагаар тооцон үзжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор өндөр хөгжилтэй орнуудын хүн амын дундаж наслалт 79 хэмээдэг. Тэгвэл дээрх судалгаагаар өндөр хөгжилтэй оронд хүн мэндлээд насан эцэстлээ хоолны давс 14474, байгалийн хий 161692, цемент 34040, нүүрс 262610, элс хайрга 780180, төмөр 14811, хөнгөн цагаан 2457, фосфатын чулуулаг 8367, эрдэс болон металл 30859, хар тугалга 413, цайр 351 кг, алт 48 гр-ыг хэрэглэдэг байна. Ингээд нийтдээ 1.3 сая гаруй кг эрдэс, метал, түлш амьдрах хугацаандаа ашиглах нь.
Хамгийн сүүлд 2011 оны байдлаар дэлхийн хүн ам долоон тэрбумд хүрсэн. Ирэх 2020 онд 7.5 тэрбум болох төсөөлөл бий. Иймд дэлхийн хүн ам өсхийн хэрээр жилд олборлож буй эрдэс баялгийн хэмжээ нэмэгдэж байна. Цаашдаа ч улам л өсөх нь тодорхой. Гэтэл ашигт малтмал шавхагддаг зүйл. Том, жижиг ч бай ямар нэг ашигт малтмалын орд бүрэлдэн тогтоход хэдэн арван сая жилийн хугацаа хэрэгтэй гэдэг. Дэлхийд тогтоогдоод буй зарим ашигт малтмалын нөөцийг хэдэн жил ашиглахыг сонирхоё. Энэ талаар олон янзын судалгаа тоо баримт гарсан байдаг. Учир нь, жилд олборлож буй хэмжээ үйлдвэрлэл, шинээр нээсэн орд, хэрэглээний өсөлт, бууралт гээд олон хүчин зүйл нөлөөлдөг ажээ. Тухайлбал, одоо нөөц нь баттай тогтоогдсон төмөр 100, нүүрс 200, зэс 50 жил л хүрэлцэх тооцоо байдаг. Гэвч түүхий эдийн дахин боловсруулалт, хаягдал ашиглах технологи үйлдвэрлэлд нэвтрээд буй юм.
Өнөөдөр олборлолтын хэмжээ, үнэ цэнээрээ нүүрс, төмрийн хүдэр, алт, зэс голлох байр суурьтай байдаг. Жишээлбэл, төмөр, зэс, алт, никельд нийт үйлдвэрлэлийн 80 гаруй хувь ногдож байна. Тэр дундаа металл үйлдвэрлэлийн 40 хувийг төмрийн хүдэр, 16 хувийг алт, 13 хувийг зэсийн боловсруулалт эзэлдэг ажээ. Хөгжиж буй болон хөгжингүй орнуудын нэг хүнд ногдох ДНБ жил бүр өсч буй гэдэг. Тэгэхээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 5000-10000 ам.доллар хүрхэд дэлхийн металлын хэрэглээ огцом өсдөг зах зээлийн судалгаа байдаг. Иймээс дэлхийд хүн амын тоогоор тэргүүлж буй болон эдийн засгийн өсөлт нь өндөр Хятад, Энэтхэг улс ирэх жилүүдэд ашигт малтмал тэр дундаа металлын үнэ, эрэлт хэрэгцээг огцом нэмэгдүүлнэ хэмээн зах зээлийн шинжээчид хэлж буй юм.
Тухайн улсын эдийн засаг зөв тогтолцоотой, өсөлт өндөр, тогтвортой байхад иргэдийн орлого нэмэгдэж бүхий л төрлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.
Жишээлбэл, орон сууц, авто машины эрэлт хэрэгцээ өсдөг ажээ. Нэг авто машин үйлдвэрлэхэд дунджаар хөнгөн цагаан 150, зэс 25, цайр 10 кг ордог. Шатахуун болон цэнэг хураагуураар хослон ажилладаг авто машинд ашигт малтмалын орц нь арай илүү байх нь. Тухайлбал, хос гибрид хөдөлгүүртэй авто машинд 28 кг газрын ховор элемент нэмж орно. Манайхны шатахуун бага зарцуулдаг, байгальд ээлтэй хэмээн унах дуртай “Prius” маркын авто машины цахилгаан хөдөлгүүрт нэг кг неодим шаардагддаг гэнэ. Харин ашиглаж буй цэнэг хураагуурт нь 10-15 кг лантан ордог тооцоо бий аж.
Энэ бүгдээс үзэхэд дэлхийн эдийн засгийн хямралыг эс тооцвол ирэх жилүүдэд ашигт малтмалын хэрэглээ нэмэгдэж, үнэ өсөх нь гарцаагүй. Энэ нь ч манай улсын эдийн засаг өсөх, орлого нэмэгдэхэд чухал нөлөөлнө. Иймд ашигт малтмалаа олборлоод түүхийгээр нь худалдах бус боловсруулан зах зээлд нийлүүлэх улмаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал монголчууд байгалийн баялгынхаа үр шимийг бодитоор хүртэж чадах нь.