Баавгайн олон төрөл зүйл өдгөө амьдарч байна. Австралид коала, Хятад улсад хулсны баавгай панда, хойд туйлд цагаан баавгай гээд л улс бүрт баавгай бий. Манай улсад дэлхийд өөр хаана ч байхгүй мазаалай амьдарч байгаа. Харамсалтай нь, сүүлийн хэдэн жил тоо толгой нь эрс цөөрч найман эр, 14 эм баавгай үлдэж, “Улаан ном”-нд орсон энэ амьтан ор мөргүй устах аюулд тулгарлаа. Судлаачид мазаалай баавгайн аж амьдрал, орчин, хоол хүнсийг судалж, хамгаалах арга хэмжээ авахаар олон удаа ярилцжээ. Хоёр удаа зөвлөлгөөн хийхэд эрдэмтдийн санал хоёр хуваагдчихаад үр дүн гарсангүй. Нэгдүгээрт, хятадууд пандагаа шууд хязгаарлагдмал талбайд “хорьж”, анхаарч эхэлснээр өнөөдөр устаж, үгүй болохоос хамгаалж, тодорхой амжилтад хүрсэн. Гэтэл байгалийн зэрлэг амьтан мазаалайг ингэж хамаагүй хорих нь буруу хэмээн үзэж. Ингэж санал дэмжигдээгүй нь өнөөдөр мазаалай дөнгөж 22-хон болж цөөрөхөд тодорхой хэмжээнд нөлөөлсөн болов уу. АНУ-ын судлаачид зургаан жилийн турш эрдэм шинжилгээний ажил хийжээ. Гэвч судалсаар байтал мазаалай оргүй болох нь гэж эрдэмтэн О.Доржраа гуай халаглаж сууна.
Олон нийтийн сүлжээ твиттер /жиргээ/ хуудаснаа сүүлийн үед мазаалайд анхаарал хандуулах болсныг сануулах хүн олон болсон. Тэд уулзаж, санаагаа нэгтгэж, үйл ажиллагаа зохион байгуулж, мазаалайг хамгаалах ажил бодитоор нь эхлүүлье гэж цугласан юм.Уулзалтад мазаалайг хамгаалах ТББ-ын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, маркетингийн мэргэжилтнүүд, сэтгүүлчид, оюутан залуус, байгаль орчны салбарынхан гээд олон салбарын төлөөлөл оролцлоо. Өөрсдийн салбартаа хийж болох ажлыг хэлж, хэлэлцэхдээ энэ бүхнийг нэгтгэн ажил болгох нь зөв гэж шийдсэн юм. Үүний тулд “Үндэсний бахархал мазаалай” гэдэг ТББ-ыг шинээр байгууллаа. Байгаль орчны чиглэлээр, ялангуяа мазаалайн төлөө үйл ажиллагаа эрхэлдэг ТББ олон бий. Гэсэн ч ихэнх нь ажиллахаа больж, санхүүжилт нь зогссон гэх зэрэг асуудалтай учраас шинээр байгуулсан нь энэ. “Үндэсний бахархал мазаалай” ТББ нь иргэн бүрийн дэмжлэгийг авч, 22 мазаалайг хамгаалж үлдэх цаашид үржүүлэн идэвхтэй ажиллахын төлөө бүх төрлийн санаачилгыг нээлттэй хүлээн авах иргэн бүрийн оролцооны байгууллага юм.
Одоо ичээндээ байгаа 22 мазаалайд “туслах” хамгийн түрүүний арга хэмжээ бол нэмэлт хүнс хүргэх. БОНХЯ 2013 онд мазаалайг хамгаалах олон ажил төлөвлөснөөс гадна урьд нь гурван баавгайд радио долгионы аппарат суулгаж, судалгаа шинжилгээний лаборатор байгуулж, нэмэлт тэжээл хүргэх 15 пункер байрлуулсан аж. Хүнсний 15 цэгт хоол хүргэж хахирган хаврыг давахад дэмжих хэрэгтэй гэсэн санал хамгийн түрүүнд дэмжлэг авлаа. Үүний тулд төрийн төсөвлөсөн мөнгөнөөс гадна иргэдийн хандив, тусламж хэрэгтэй гэж үзсэн юм. Энэ хандивыг олон нийтийн дунд нээлттэй байлгахын тулд бүгд дансанд мөнгө тушаасан баримтаа ямар нэг байдлаар олон нийтэд дэлгэн харуулах нь зүйтэй гэв.
Мазаалай хосолмол хүнстэй амьтан аж. Мах иддэг хэдий ч панда шиг адил ургамлаар хооллох нь бий. Тухайлбал, бажууны үндэс, голио царцаа, мэрэгч амьтан, том амьтны сэг зэм, хармагны жимс иддэг. Гэтэл сүүлийн үед ган гачиг их тохиосноос болоод ч тэр үү мэрэгч амьтад ховордсон учраас ихэнхдээ ургамлаар хооллох болжээ. Энэ нь бие организмд нь өөрчлөлт оруулсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэжээвэр амьтанд өгдөг бэлэн хүнс нь мазаалайд тохирно гэдгийг мэргэжилтнүүд хэлээд тодорхой ажил болгох боломжтойг гэлээ. Тухайлбал, “Педигри” фирмийн амьтны тэжээлийг авах бол тус компаниас ашиг нэмээгүй үндсэн үнээр хямд нийлүүлж болно гэсэн байна. ТББ энэ ажлыг зохион байгуулах боломжтой болж байгаа юм.
Мазаалай баавгай Монголын говийн их дархан цаазат газрын өргөн уудам нутагт 3-4 бүл болж амьдарч байна. Хавар хээлтэх цаг нь болоход асар өргөн газарт бие биеэ олохгүй байх тохиолдол байдаг аж. Нэгэнт хээлтэх үе нь өнгөрсөн учраас бамбарууш буюу мазаахай шинээр төрөх боломж хомс ирдэг гэнэ. Тийм учраас талбайг багасгаж, хоорондоо таарах нөхцөлийг бүрдүүлэх нь “Үндэсний бахархал мазаалай” ТББ-ынхны хийх ажлын нэг болоод байна.
Нөгөө талаас судлаачид амьтны нэг төрөл зүйл 50-иас цөөн үлдсэн бол цус ойртож, үржих боломжгүй гэж үздэг байна. Энэ нь 22 ширхэг мазаалайн хувьд устсанаас ялгаагүй гэсэн тун таагүй мэдээ. Гэсэн ч шинжлэх ухааны хувьд эс хуваах буюу колоний аргаар амьтдыг үржүүлэх боломж бас бий. Энэ мэтээр байж болох бүхий л аргаар ховордсон мазаалайн тоо толгойг хоёр дахин өсгөхийн төлөө монголчууд нэгдлээ.
Үгүй болох дөхсөн амьтнаа хамгаалах, үржүүлэх ажилд бид туршлагатай улс. Тахь устахын даваанд гадаадад аваачиж өсгөж үржүүлээд эх нутагтаа эргүүлэн авчирсэн. Хамгийн сүүлд Япон улсад дөрвөн тахь бэлэглэх тухай ярьж шийдвэрлэлээ. Одоо дараагийн амьтан мазаалайд энэ анхаарал, халамжийг үзүүлэх цаг болжээ.
2013 оныг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам мазаалайд анхаарал хандуулах жил болгосон учир яамны хийх ажлыг “Үндэсний бахархал мазаалай” ТББ давхардуулахгүй байхыг эрмэлзэнэ. Харин эсрэгээрээ хийгээгүй ажлыг нь гүйцээж, хийж буйг дэмжиж явах нь зүйтэй гэсэн юм. “Улаан ном”-нд орсон ховор амьтныг ТББ халамжлах эрх зүйн боломж нээлттэй биш учир төрийн холбогдох албаныхантай ярилцаж, энэ нөхцөл байдлыг шийдвэрлэхээр болсон.
Нэн ховордсон баавгайн нэр болон зургийг ашиглаж байгаа албан байгууллага, үйл ажиллагаа нь үүнийхээ хариуд мазаалайг хамгаалах үйлсэд оролцох ёстой гэж үзлээ. Жишээ нь, Баянхонгор аймагт “Мазаалай” гэдэг архи байдаг ч баавгайн төлөө юу ч хийгээгүй. Мөн ийм нэртэй хөлбөмбөгийн баг, компани, үйлдвэр ч байдаг гэнэ. Зарим спортын тэмцээний лого тэмдэгтэд мазаалайн дүрс орсон байдаг ч өнөөдөр мазаалай 22 ширхэг үлдчихээд байхад ч ямар нэг үр дүнтэй ажил хийгээгүйг уулзалтад оролцсон хүмүүс шүүмжиллээ.
Мазаалайг хамгаалах монголчуудын уулзалтыг санаачилсан хүмүүс нь маркетинг, бизнесийн салбарын хэсэг залуус байлаа. Тийм учраас тэдний зүгээс менежмент, маркетингийн саналаа ч оруулсан юм. Боловсруулж ирсэн төлөвлөгөөнд хоёр үндсэн зорилгыг тусгасан байлаа. Нэгдүгээрт, мазаалайг хамгаалах, өсгөн үржүүлэх. Хоёрдугаарт, маркетинг үйл ажиллагаагаар цаашид мазаалайг хамгаалах ажлын санхүүжилтийг тогтвортой хангадаг болгох. Ямар нэг ашиг олох ажил биш төдийгүй мазаалайг хамгаалах ажлыг тасралтгүй үргэлжлэхийн төлөө нэгдсэн билээ. Тухайлбал, худалдааны тэмдэгт гаргах, нийгмийн хариуцлагатай компаниудтай хамтрах, үндэсний бахархалт амьтан гэдэг нэрийг “борлуулах”, олны танил хүмүүсийн дэмжлэгээр бүх иргэдэд таниулах, ойлгуулах, үйл ажиллагааг ивээн тэтгэгчтэй болох гэх мэт. Олон улсад мазаалайг говийн баавгай гэдэг нэрээр мэддэг. Гэтэл панда, коала баавгайг хулсны эсвэл уутат гэж тодотгон нэрлэдэггүй. Тийм учраас үндэсний брэнд гэдгээр нь дэлхий дахинд говийн баавгай биш мазаалай гэдэг нэрээр нь ярьж, таниулахыг чухалчилж байна.