Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОЮУ ТОЛГОЙН 1000 КГ ХҮДЭРТ 5.4 КГ ЗЭС, 85 ГР АЛТТАЙ

y
Монголын өмнөд нутагт нэгэн том үйлдвэр шинэ оны өмнөхөн ашиглалтад орлоо. Энэ бол Оюу толгойн баяжуулах үйлдвэр. Тус ордыг ашиглаж эхэлснээр 2020 он гэхэд Монгол Улсын эдийн засаг 35 хувиар өснө гэсэн тооцоо бий. Монгол Улсын Засгийн газар уурхайн нийт орлогын 55-70 хувийг төлбөр, татвар нөөцийн төлбөр зэрэг хэлбэрээр авна гэдэг. Ингээд Засгийн газрын жилд олж буй орлогын 30 гаруй хувийг тус ордоос олох судалгаа гарсан байдаг. Оюу толгой ордыг эхний ээлжинд 65 жил ашиглана гэж байгаа.  Нийт баялгийн 80 гаруй хувийг нь далд уурхайгаас олборлоно.

Өнөөдөр далд уурхайн нэвтрэлтийн ажил ид дундаа явагдаж байна. Далд уурхайн эхний хэсгийг 2017 оноос ашиглах бөгөөд 2019 онд бүрэн хүчин чадалдаа хүрнэ гэдэг.  Нэгдүгээр босоо ам доошоо 1385 метрт хүрсэн бөгөөд 1300 метрээс хөндлөн тунель ухаж  байгаа. Одоогоор 5:5 метр өргөн 17 км тунель ухжээ. Ийм босоо ам тавыг  барина. Тэгээд газар доогуур нийт  250 км урт хөндлөн тунель ухах юм. Эхний босоо ам бол ерөнхийдөө агааржуулалтын зориулалттай. Мөн дараа дараагийн босоо амыг барих тоног төхөөрөмжөө оруулах аж. Хоёрдугаар босоо ам нь газрын гадаргаас дээш 96 метр өндөр байгууламж. Үүнээс гадна суурийн байгууламж нь 20 гаруй метр. Тэгээд  доош нь 1300 метр гүнд хүрээд хөндлөн нэвтрэлтүүд хийх нь.  Хоёрдугаар босоо амаар хүдрээ дээш гаргаж ирэх тул  доороо анхдагч бутлууртай байх аж.  Эндээс гарсан хүдэр конвероор дамжаад баяжуулах үйлдвэрт орох юм. Уг босоо ам ирэх хоёр жилд ашиглалтад орно.

Баяжуулах үйлдвэр өдөрт 100 мянган тонн хүдэр боловс­руулах хүчин чадалтай. Цаашид өдөрт 50 мянган тонн хүдэр нэмж боловсруулах өргөтгөл хийх юм байна. ТЭЗҮ-д нь тусгаснаар уг баяжуулах үйлдвэр нэг тонн хүдэр боловсруулахад 2.1 шоо метр ус зарцуулна. Үүнийхээ  82 хувийг дахин ашиглаад  шинээр 0.38 шоо метр ус нэмж хэрэглэх  ажээ. Өөрөөр хэлбэл, хаягдал усныхаа 80 гаруй хувийг эргүүлэн ашиглах юм. Нэг тонн хүдэр 0.54 хувийн зэс, 0.85 гр алтны агууламжтай гэсэн тооцоо бий.  Энгийнээр хэлбэл, 1000 кг хүдэрт  5.4 кг зэс,  85 гр алт байна. Баяжуулах үйлдвэр жилд 35 сая тонн хүдэр боловсруулж 640 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэнэ. Үүн дотор  ойролцоогоор 160 мянган  тонн цэвэр зэс,  704 мянган унци алт байх нь. Ингээд Оюу толгойн баяжуулах үйлдвэрийн нээлтийн үеэр зарим албан тушаалтантай уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Монгол Улс өнөөдөр шинэ зуунд шинэ сайхан үйлдвэртэй болж байна. Оюу толгойн баяжуулах үйлдвэр ашиглалтад орж бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээлд борлуулагдаж эхэлснээр манай улсын ДНБ 30 гаруй хувиар өсөх тооцоо бий” гэлээ.

“Оюу толгой” ХХК-ийн  ТУЗ-ийн дарга Г.Батсүх “Хүдэр баяжуулах үйлдвэр нь энэ уурхайн зүрх. Зүрх цохилж байж бүтээгдэхүүн гарна. Үүнийг аль болох хурдан ажилд оруулахын төлөө манай хамт олон зүтгэж ирлээ” гэсэн юм.
“Оюу толгой” ХХК-ийн  ТУЗ-ийн гишүүн П.Цагаан “Оюу толгой төслийг зөв гольдролоор явуулбал Монгол Улсын эдийн засагт асар их үр ашиг өгнө. Өнгөрсөн 100 жилд Монголын ард түмэн эрх чөлөө тусгаар тогтнолоо олж чадсан. Энэ зуунд эдийн засгийн хувьд цэцэглэн хөгжсөн орон болоход энэ төсөл маш их чухал үүрэгтэй. Дэлхийн зах зээлийн хамгийн өндөр үнээр бүтээгдэхүүнийхээ 75 хувийг борлуулах гэрээ хийсэн” хэмээв.

 “Оюу толгой” ХХК-ийн  ТУЗ-ийн гишүүн Ч.Ганболд “Ийм том үйлдвэрийг 2.6 жилийн хугацаанд босголоо. Энэ бол Оюу толгойг анх нээхээс эхлээд өнөөг хүртэл ажилласан хүмүүс, хөрөнгө оруулагчид, Монгол Улсын Засгийн газрын ажлын үр дүн юм” гэсэн билээ.

Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны ерөнхийлөгч С.Давааням “Ашигт малтмал баяжуулалтын шинжлэх ухаанд ямар чанартай, нийт металлынхаа хэдэн хувийг ялгаж авах вэ гэдэг нь чухал. Оюу толгойн бүтээгдэхүүн хараахан гараагүй байна. Гэвч ТЭЗҮ-д нь тусгагдсан үзүүлэлтүүд нь дэлхийн хэмжээнд нэлээд дээгүүрт орно. АНУ, Канад, Чилийн зарим үйлдвэртэй харьцуулахад техник технологи нь илүү” гэж ярилаа.

Өнөөдөр Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл монголчуудад ашигтай, ашиггүй боллоо гэсэн маргаан дэгдээд буй.  Монгол Улсад зэсийн хүдэр баяжуулах хоёр дахь үйлдвэр ажиллаж эхлэв. Анхны бүтээгдэхүүн нь ирэх зургадугаар сар гэхэд зах зээлд борлуулагдана гэж байгаа. Тэгэхээр ирэх сар, жилүүд тус ордын хөрөнгө оруулалтын гэрээнд дүн тавих боломж олгох юм.


Ш.ОЧИРБАТ: ИЛ УУРХАЙГ 2038 ОН ХҮРТЭЛ АШИГЛАНА

Оюу толгойн ил уурхайн ахлах маркшейдер Ш.Очирбатаас тус уурхайн талаар тодрууллаа.  

-Эхний ээлжинд баяжуулах үйлдвэрийг ил уурхай хүдрээр хангана. Одоогоор хэчнээн тонн хүдэр олборлоод байна?
-Ил уурхайд одоогийн байдлаар 83 сая тонн уулын цул зөөсөн. Ойролцоогоор найман сая тонн хүдрийг агуулахад овоолсон байгаа. Үүнээс 400 мянган тонныг нь баяжуулах үйлдвэрт хүргэсэн.

-Хэчнээн ажилтан, ямар техник хэрэгсэл ил уурхайд ашиглаж байгаа талаар?
-Одоогоор 315 ажилчин бий. 290 мянган тоннын даацтай 28 ширхэг авто машин, дөрвөн эксковатор, 18 шоо метрийн эзэлхүүнтэй шанагатай хоёр ачигч машин байгаа. Мөн уурхайн туслах тоног төхөөрөмжүүд ч бий.

-Ил уурхайн гүн одоо хэдэн метр болов. Хэдэн жил ашиглах вэ?
-Одоогоор тус бүр нь 15 метрийн өндөр гурван үе уурхай нээгээд байна. Нийт 525 метр буюу 43 догол 680 метр гүн суух ёстой. Ил уурхайг 2038 он хүртэл ашиглана.  



Т.БУЯН-ӨЛЗИЙ: ХАНБОГД ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ЗУРАГ ТӨСӨЛ  УДАХГҮЙ ДУУСНА

Ханбогд сумын Засаг дарга Т.Буян-Өлзийгөөс тус сумын өнөөгийн байдал цаашдын хөгжлийн чиг хандлагын тухай тодрууллаа.  

-Орон нутгийн зарим иргэн Оюу толгойг эсэргүүцэж байгаа гэсэн. Энэ асуудал юу болсон бэ?
-Оюу толгойн ордыг ашиглах үйл ажиллагаа эхлээд 10 гаруй жил болж байгаа. Баяжуулах үйлдвэр ашиглалтад орж, бүтээгдэхүүн нь зах зээлд гараад ирвэл Ханбогд сумын хөгжилд нааштай үр дүн гарна гэж итгэж байна. Ханбогдын ард иргэдийн ганц сэтгэл зовж буй зүйл нь говийн  ус. Эмзэг хөрстэй газрын гүний усыг хамаагүй сороод авч болохгүй гэсэн байр суурьтай байдаг. Тиймээс гадагшаа урсаад байгаа тэр гол мөрнөөс говь руу ус  татаж болдоггүй юм уу гэсэн санаа бодлоо Оюу толгой компанийн удирдлагад тавьдаг юм.

-Танай суманд ажилгүйдэл хэр их байна. Том уурхай нээгдэж байгаа болохоор хүн ам өсч байгаа гэдэг?
-Ханбогд суманд одоогоор 500 хүн ажилгүй гэсэн бүртгэл байдаг. Шинэ онд тэднийг тодорхой мэргэжилтэй болгож, ажлын байраар хангах арга хэмжээ авна. Оюу толгой уурхайтай холбоотойгоор манай сум сүүлийн жилүүдэд өргөжин тэлж байна. Өнөөдөр явуулын иргэдтэй нийлээд  сумын төвд 12 мянган хүн амьдарч байгаа судалгаа гарсан.  Сумын уугуул хүн ам нь 4200 юм.

-Оюу толгой орон нутагт  ямар хөрөнгө оруулалт хийж байна?
-Одоогоор Ханбогдын бүтээн байгуулалт эхлээгүй яваа. Хот төлөвлөлтийн төлөвлөгөө батлагдахаар дэд бүтэц байгуулж эхэлнэ гэж бодож байна. Эхний ээлжинд цахилгаан хангамжийн асуудлаа шийдвэрлэж 24 цагийн эрчим хүчтэй болсон. Ер нь, бид, Оюу толгой тусдаа хөтөлбөр батлаад суугаад байдаг. Энэ ажлын уялдаагүйгээс аль хөтөлбөр нь хэрэгжиж, хөгжих вэ гэдэг нь мэдэгдэхгүй явж ирлээ. Өнөөдөр нэг харахад Оюу толгойн Ханбогд болсон ч юм шиг. Уг нь, Ханбогдын Оюу толгой гэж явах ёстой.  Тийм учраас хамтын ажиллагааны асуудлыг нухацтай шийдвэрлэх нь зүйтэй. Оюу толгойн асуудал Засгийн газрын хэмжээнд яригдаад та бүхнийг харж үзнэ гэдэг. Гэтэл Засгийн газар нь улсын төсөв батлуулахдаа танай хажууд Оюу толгой байгаа болохоор бүтээн байгуулалтад тусалж, дэмжлэг үзүүлэх байлгүй гэдэг. Иймд аль аль талдаа үүссэн хүлээлтээс болж Ханбогд сум өнөөдрийг хүртэл хөгжилгүй байна гэж ойлгож болно.

-Ханбогдын хот төлөвлөлтийн зураг төсөл хэзээ бэлэн болох вэ?
-Зураг төслийн ажил дуусах шатандаа явж байна. Үүнийг Барилга хот байгуулалтын яам, Азийн хөгжлийн банкны туслалцаатай хийж байгаа. Энэ сарын сүүлчээр бэлэн болох байх.

0 Сэтгэгдэл
GEREEG YAARALTAI SHINECHIL!!! EH ORONCHDYN CHIN HUSEL ERMLLIIG HANGASAN BAIH YOSTOI GEDGIIG BUGDEEREE MEDTUGEI!!!
mongoldoo yum naaldah bolov uu daa Boroo gould shig yum boloh bii dee Botbold getel odoo diildeshgui mangas boloo biz dee eronhii said hurtel bolloo
Хамгийн их уншсан