Монголын Экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Д.Галсандоржтой ашигт малтмалын экспортын өнөөгийн байдал, үнэ ханшийн талаар ярилцлаа.
-Уул уурхайн салбар жил ирэх бүр өргөжин тэлэх боллоо. Ашигт малтмалын экспортын өнөөгийн байдал ямар байна вэ?
-Сүүлийн жилүүдэд манай ашигт малтмалын экспортын хэмжээ өсч байна. Иймээс экспортлогч компаниудын тоо ч нэмэгдэж байгаа юм. Манай холбоо ашигт малтмалын экспорт, борлуулалтын талаар судалгаа хийсэн. Судалгаагаар Монголын компаниуд олон улсын зарчмаар худалдаа хийж чадаж байгаа эсэхийг тогтоосон л доо. Ний нуугүй хэлэхэд, “Эрдэнэт”, “Монголросцветмет”, “Энержи ресурс”-оос бусад компани эцсийн хэрэглэгчдэд олборлосон ашигт малтмалаа борлуулж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, Монголд орж ирсэн зуучлагч компаниудад борлуулж байгаа юм. Иймд манай эрдэс баялаг үнэд хүрэхгүй байна.
Үүнээс гадна экспортод гарч буй ашигт малтмалын 90 гаруй хувь нь түүхийгээрээ болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн байгаа нь үнэ хямдхан байх нэг үндэс. Тухайлбал, төмөр болон жоншийг хүдэр, баяжмалаар нь худалдаалдаг юм. Мөн зэс, цайрын баяжмал экспортолдог. Гэвч барууны томоохон худалдан авагч, хэрэглэгч нар манай зах зээлд оролцох бололцоо муу байна. Жишээ нь, зэсийн баяжмал авъя гэхэд хэдхэн түншдээ өгөөд өөр худалдан авагч хүлээж авдаггүй. Тэгэхээр зэс, цайрын баяжмалын худалдаа хаалттай байгаа юм.
-Яагаад тэр вэ. Учир юунд байна?
-Ер нь, үйлдвэрийн менежменттэй холбоотой. Зэсийн баяжмалын арилжаанд төр оролцдог. Өөрөөр хэлбэл, төр засаг төрийн өмчит компанийн экспорт, импортын арилжаанд хэтэрхий оролцдог нь нөлөөлж байна. Тэгэхээр төрийн оролцоог багасгах хэрэгтэй. Жишээлбэл, төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн 2015 он хүртэл олборлох нүүрсний экспортод гаргах үнийг Засгийн газраас нэг тонныг нь 70 ам.доллараар зар гээд гэрээг нь хийчихсэн. Тэгээд урьдчилгаа төлбөр аваад ард түмэнд тараачихсан шүү дээ. Иймд төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг ил тод, зах зээлийн зарчмаар худалдаа хийх бололцоог хангаж өгөх нь зүйтэй. Олон улсын хамгийн шилдэг арга бол бирж байгуулаад ажиллуулах явдал. Ашигт малтмалын биржтэй болчихвол хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээний үндсэн дээр зах зээлийнхээ үнийг тогтоож, ил тод байх учиртай. Мөн үнэ, орлого, Монгол Улсын төсвийн орлого эрс нэмэгдэнэ.
-Ашигт малтмалаа боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь ашигтай гэдэг. Гэвч ийм үйлдвэрүүд байгуулахад ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд шууд хэрэглэгчдэд нь өгвөл эрдэс баялгаа үнэд хүргэх учиртай. Нэг жишээ дурдъя. Өнөөгийн байдлаар нүүрс угаах, баяжуулах хэд хэдэн үйлдвэр сүүлийн жилүүдэд ашиглалтад орж байна. Нүүрсээ угаагаад, баяжуулахад экспортын үнэ нь 50-60 хувиар нэмэгддэг юм. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн, Таван толгой, Оюу толгой гээд томоохон ордоо ашиглаж эхэлж байгаа нь манай эдийн засагт чухал нөлөөлж байна. Гэвч ашигт малтмалын үнэ, боловсруулалт, нийлүүлэлттэй холбоотой тулгамдсан асуудал бий. Өнөөдөр “Эрдмин” үйлдвэр л зэс утас бага хэмжээгээр гаргаж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ үйлдвэр жилд гурван мянган тонн бүтээгдэхүүн гаргаж байна.
-Ирэх жил дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ ямар байх судалгаа, төсөөлөл гарч байна вэ?
-Олон улсын судалгааны байгууллагуудын төсөөллөөр ирэх жил нүүрс, төмрийн хүдэр, жоншны баяжмалын үнэ тодорхой хэмжээгээр унана гэсэн. Одоо ч хямдарсан шүү дээ. Үүнд, дэлхийн эдийн засгийн байдал, Хятадын үйлдвэрлэл буурсан явдал нөлөөлж байна. Нөгөө талаар, урд хөршид манай экспортолж байгаа нүүрс, төмрийн хүдэр нийлүүлэгчид олширсон юм. Эдгээр шалтгааны улмаас эрэлт хэрэгцээ нь буурлаа. Иймд ирэх жил дээрх ашигт малтмалын үнэ 10-25 хувиар хямдрах төсөөлөлтэй байна.
-Тэгэхээр ашигт малтмалын үнэ одоогийнхоос уначихвал манай улсын төсвийн орлого хэцүүднэ. Ямар арга хэмжээ авбал зохилтой гэж та үзэж байна вэ?
-Ашигт малтмал экспортолж байгаа аж ахуйн нэгжүүдийг зах зээлийн зарчмаар наймаа хийлгэх хэрэгтэй. Ялангуяа, ашигт малтмалаа тээвэрлэх төмөр зам барих ажлаа түргэтгэх шаардлагатай юм. Мөн эрдэс баялгаа боловсруулах дэд бүтцийг байгуулах нь чухал. Хэрэв түүхийгээр нь болон хагас боловсруулж буй өнөө үед экспортлох хэмжээг нь ашигт малтмал тус бүр дээр нь оновчтой тогтоож өгөх учиртай. Ингэхгүй болохоор манай аж ахуйн нэгжүүд нүүрс, төмөр дээр экспортлох тоо хэмжээний хойноос хөөцөлдөөд борлуулах үнэ ханшаа унагаад байна. Эдгээр асуудлыг төр засагт зохицуулж өгөх шаардлага өнөөдөр тулгарч байгаа юм.
-Төр засгаас гадна ижил төрлийн ашигт малтмал олборлож байгаа компаниуд нийлээд эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр байгуулах бололцоо хэр байдаг юм бол?
-Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулах тооцоо, судалгаа бэлэн болсон байгаа. Жишээ нь, жилд хоёр сая тонн төмрийн хүдэр боловсруулж ангижруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийн тооцоо хийгдсэн. Үүнээс гадна төмөр боловсруулах үйлдвэр Дарханд бас байгуулах хэрэгтэй. Энэ бүс нутагт төмрийн хүдрийн хэд хэдэн орд бий. Одоо гурав дөрвөн уурхай ажиллаж, төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр ч байгуулагдаж байна. Ийм учраас Дарханы металлургийн үйлдвэрийн баазыг ашиглаж, жилд нэг сая тонн төмөр ангижруулах үйлдвэр байгуулах нь зүйтэй гэж боддог. Төмрийн эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр байгуулахад хамтарч ажиллая гэсэн хөрөнгө оруулагч олон байгаа. Засгийн газар саяхан бонд гаргалаа. ТЭЗҮ нь бэлэн болсон ашигтай төсөл одоохондоо цөөхөн байна. Тэгэхээр энэ хөрөнгийг эхний ээлжинд төмөр боловсруулах, коксжсон нүүрсний үйлдвэрт оруулах нь зүйтэй болов уу. Мөн Таван толгойн нүүрсний ордоо түшиглээд цахилгаан станц байгуулж, Оюу толгойн эрчим хүчний хэрэгцээг хангах ажил ойрын гурав дөрвөн жилд хэрэгжүүлэхгүй бол Монгол Улсын уул уурхайн салбар хүнд байдал орно.