Манай улс цахилгаан эрчим хүчнийхээ дийлэнхийг дулааны цахилгаан станцуудаас авдаг. Цахилгаан үйлдвэрлэхтэйгээ зэрэгцэн хэрэглээний болон үйлдвэрлэлд шаардлагатай усыг халааж байдаг болохоор ийм төрлийн цахилгаан станцын ашигт үйлийн коэффицент өндөр байдаг давуу талтай. Гэхдээ сүүлийн жилүүдэд дулааны цахилгаан станцууд буюу бидний нэрлэж заншсанаар ТЭЦ-үүдийн байгаль орчинд үзүүлдэг сөрөг нөлөөний талаархи яриа нь давуу талаас илүүтэй сөхөгдөх болсон. Эдгээр сөрөг нөлөө нь цахилгаан боловсруулахдаа түлш болгон ашигладаг нүүрстэй холбоотой. Цахилгаан станцын өндөр яндангаас гарах утааг анхаараад өөр нэг таагүй зүйлийг орхигдуулдаг. Тэр бол нүүрсний үнс.
Асар том станцаас гарч байгаа их хэмжээний нүүрс хүн, хүрээлэн буй орчинд ямар нөлөө үзүүлдэг талаар үе үе хэсэг хугацаанд ярьсан болоод мартдаг. Хөндөж ярихаараа гол төлөв гадаадын хөрөнгө оруулалт, дэмжлэг ороод ахиц гаргах боломжтой тухай л ярих. Жишээлэхэд, Цахилгаан станцын үнсээр хийсэн барилгын шинэ төрлийн материал “Цементгүй бетон-геополимер” үйлдвэрлэх судалгааны болон эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэхийн тулд ХБНГУ-ын Александр фон Хумболдтын сангаас санхүүжилт аван барилгын материалын бат бөхийг үздэг WDW-50 маркийн шинэ багажийг суурилуулсан геополимерийн лабораторыг 2012 оны аравдугаар сарын 5-нд ШУА-ийн Хими, Хими-Технологийн Хүрээлэн дээр ашиглалтад орууллаа гэж интернэтээр мэдээлжээ. Барилгын салбар асар эрчимтэй хөгжиж байгаа ийм үед экспортоор оруулж ирж байгаа цементийн багагүй хувийг гар доорхи үнэгүй материалаар орлуулна гэдэг том давуу тал. Иймд шатахууны үйлдвэр байгуулах дээр анхаарч буйгаас дутахааргүй анхаарал тавьж, өөрсдөө хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Гэхдээ барилгын материалд цахилгаан станцын үнсийг ашиглах дээр үнсэнд агуулагдаж байгаа хүний эрүүл мэндэд хортой бодисоос цэвэрлэхэд онцгой анхаарах шаардлагатай. Үгүй бол хорт бодисоос цэвэрлээгүй үнс орсон барилгын материалыг орон сууц, олон нийтийн барилга байгууламжийг барихад ашиглаж болохгүй.
Үнсийг дахин боловсруулж ашиглах чиглэл зөвхөн барилга, зам угсралтаар хязгаарлагдахгүй гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй. Учир нь, цахилгаан станцын хаягдал үнсний найрлагад талстлаг, шил хэлбэрт ба органик гэсэн гурван бүрдүүлэгч байдаг. Эднээс талстлаг бүрдүүлэгчид гэхэд л 150 хүртэлх нэр төрлийн эрдэс бодис байна. Эдгээрээс алт, цагаан алтыг үйлдвэрлэлийн хэмжээнд олборлох боломжтой. Алт, цагаан алтыг юунд хэрэглэдэг, ямар чухал ач холбогдолтой бүгд багцаалж байгаа болохоор олон зүйл нурших нь илүүц биз. Иттерби ба литийг мөн адил олборлох боломжтой. Нэг кг алт, цагаан алт ямар үнэтэйг уншигч та өдөр болгон сонин, зурагтаас харж байгаа. Тэгэхээр Иттербийг лазерийн технологи, соронзон хайлш, цөмийн эрчим хүчний салбар тусгай шил үйлдвэрлэх зэрэгт ашигладаг бөгөөд нэг кг нь таван жилийн өмнө 270 ам.долларын үнэтэй байсан. Лити нь дулааны цахилгаан хувиргагч, гар утас гэх мэт электрон төхөөрөмжийн цахилгаан зай, лазерийн технологи, сансар ба нисэхийн технологи, электроник, төмөрлөг, хөнгөн цагаан хайлшийн үйлдвэрлэл, цөмийн хаягдлын хадгалалт, анагаах ухаан гээд үйлдвэрлэлийн асар олон салбарт өргөн хэрэглэгддэг элемент. Гурван жилийн өмнө нэг кг лити нь 70 ам.долларын үнэтэй байсан.
Эдгээрээс гадна хар тугалга, мөнгө, хөнгөн цагаан, зэс, төмөр, никель зэрэг элемент байдаг гээд төсөөлөөд үзээрэй.
Мөн цахилгаан станцын үнснээс төмөр агуулагч соронзон баяжмал хоёрдогч нүүрс зэргийг гарган авч ашиглах боломжтой.
Үнсийг флотацийн аргаар судлахад хоёрдогч нүүрс гэж нэрлэгдсэн баяжмал гарган авсан байдаг. Энэ баяжмал нь шатаагүй нүүрс, кокс ба хагас кокс зэргээс бүрддэг бөгөөд 5600 орчим ккал илчлэгтэй. Хүрэн нүүрсний илчлэг энэ хавьцаа байдаг. Ийм нүүрсэн дээр мазут нэмсний дараа дулаан цахилгаан станц дээр дахин хэрэглэж болно, эсвэл хэвэнд шахан гэрийн зууханд түлж болох юм. Үнснээс флотацийн аргаар гарган авдаг төдийгүй боловсруулагдаж байгаа үнсний 10-15 хувь хүртэл гардаг.
Төмөр агуулдаг соронзон баяжмал дахь төмрийн агуулга нь цахилгаан станц дээр ашиглаж байгаа нүүрснээс хамаараад 50-58 хувьтай. Соронзон сепарацийн аргаар үнсийг дахин боловсруулахад нийт ашиглаж байгаа үнсний 10-20 хувьтэй тэнцэх хэмжээний соронзон баяжмал гаргаж авах боломжтой. Ийм баяжмалыг ган ба ширэм хайлмалын үйлдвэрлэл, нунтаг төмөрлөгийн үйлдвэрлэлд анхдагч түүхий эд болгон ашиглах боломжтой.
Мөн хөнгөн цагаант хөндий бичил бөмбөлгүүд байна. Эдгээр нь бөмбөлөг хэлбэртэй, нягтрал багатай болохоор маш олон төрлийн хийцэд дүүргэгч бодисын үүрэг гүйцэтгэдэг. Жишээлэхэд, гэрэл ойлгогч замын тэмдэгт хуванцар, цооногийг уусмалд, халуунд тэсвэртэй бетоны үйлдвэрлэл гэх мэт маш олон бүтээгдэхүүнд ашиглах боломжтой. Хачирхалтай нь, дулааны цахилгаан станцын хувьд бичил бөмбөлгүүд нь эргэлтийн хоолойг дүүргэдэг “дэмий” материал. Энэ материал нь үнсний 60-70 хувийг бүрдүүлж байдаг бөгөөд дээр дурдагдсан бүх хэрэгтэй бодис, хүнд фракц, элементүүдийг ялган авсны дараа цэврээр үүснэ. Мөн мөнгөн ус, хүнд элемент зэрэг хортой бодисоос сайн цэвэрлэсэн тохиолдолд барилгын материалын үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бордоо байдлаар ашиглаж болно.
Энэ мэтээр цахилгаан станцын хаягдал үнсийг дахин боловсруулах, байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг багасгах 300 гаруй технологи байна. Эдгээр технологийг ашиглаад хэнд ч хэрэггүй хаягдал болон хэвтэж хүн ам, байгаль орчныг хордуулж байгаа үнсийг аюулгүй болгох явцдаа хэдий хэмжээний ашигтай бодис, материал гаргаж авч болдог нэг жишээ харуулъя.
Энэ бол манай хойд хөршийн хэсэг эрдэмтдийн өөрийн гэсэн технологиор Хабаровын хязгаар, Владивостокийн дулааны цахилгааны станцуудын хаягдал үнсийг дахин боловсруулжээ.
Ингэхэд 100 мянган тонн үнсийг дахин боловсруулаад
-хоёрдогч нүүрс 10-12 мянган тонн
-төмрийн хүдрийн баяжмал -1,5-2 мянган тонн
-алт-20-60 кг
-барилгын материал -60-80 мянган тонн гаргаж авч болох нь.
Манай улс энэ мэтийн үнс дахин боловсруулах технологийг оруулан ирж өөрийн онцлог нөхцөлд тохируулан ашиглаж эхлэх нь ирээдүй, үр хүүхдийнхээ сайн сайханд хийж байгаа хамгийн сайн хөрөнгө оруулалтын нэг болох нь гарцаагүй.
Манай улсын гол хоёр цахилгаан станц болох гурав ба дөрөвдүгээр цахилгаан станцын хаягдал үнс нийтдээ жил болгон дунджаар 0,4 сая тонноор нэмэгдэж байдаг. Үүн дээр олон арван жилийн турш ашиглалгүй дэмий л хорт хаягдал болгон хуримтлуулсаар ирсэн үнсийг оруулбал...