Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

80 ЖИЛИЙН ДАРАА ГАЗРЫН ТОС ОЛЖЭЭ

Тэртээ 80 жилийн өмнө Боливи ба Парагвай хоёр нь Их Чака нэртэй цөлийг өөрийн болгохын төлөө Латин Америкийн түүхэнд гарч байсан том цуст дайныг дэгдээж байсан юм. Дайн гарах шалтгаан нь газрын тос. Анхнаасаа маргаантай байсан газар нутгийг хоёр тал гэрээ хэлэлцээрийн замаар хуваахдаа тулаад байтал тус цөлд газрын тосны асар том орд газар бий гэсэн цуу яриа бий болсон нь даарин дээр нь давс асгасантай адил зүйл болж хувирчээ. Газрын тосны баялгийг өөрийн болгох гэсэн том компаниуд хоёр улсын Засгийн газруудыг турхирч эхлэх нь тэр. Америкийн “Standard Oil” корпорац Боливийн талыг дэмжин санхүүжүүлж, харин “Shell Oil” компани нь Парагвайн Засгийн газрыг дэмжин санхүүжүүлсэн бай­даг. Ингээд Чака цөлийг өөрийн болгох дайн эхэлж гурван жилийн турш дэгдэж, 100 мянга гаруй хүн амь насаа алдсан юм. Эцэст нь Чака цөлийн 1/4¼-ийг Болив, ¾3/4-ийг Парагвай авахаар болж найрамдсан. Гэтэл эмгэнэлтэй зүйл болж асар их цусаар олж авсан цөлөөс газрын тосны нөөц огт илрүүлж чадаагүй. Ингээд Парагвай нь дайнд ялсан хэдий ч эрчим хүчний хувьд хөрш улсаасаа бүрэн хамааралтай болж хувирсан билээ. Хөршүүд нь мэдээж хэрэг нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтээ улс төр, эдийн засгийн элдэв шахалт дарамттай хослуулж байсан нь ойлгомжтой. Яг манай улстай адил гэсэн үг. Ийм нөхцөлд Парагвайн Засгийн газар Чака цөлд газрын тос байхгүй гэсэн анхны дүгнэлтийг эс тоон эрэл хайгуулын ажлыг тасралтгүй үргэлжлүүлсэнд хамгийн гол давуу тал байгаа юм.

Иймдээ ч энэ оны, энэ сарын 26-ны өдөр Парагвайн Ерөнхий сайд нь Федерико Франко нь Чако цөлөөс газрын тосны орд газар илрүүлсэн гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Наян жил хайсны эцэст энэ газар нутгийн төлөө олон арван мянган хүн дэмий ч нэг амиа золиогүй юм байна гэдгийг уржигдар л мэдсэн хэрэг шүү дээ. Эндээс нээгдсэн газрын тосны орд газар нь чанар сайтай, улс орныг эрчим хүчний хараат байдлаас гаргахад бүрэн хангалттай гэдгийг Парагвай улсын Ерөнхийлөгч мэдэгдэж, олборлолт дараа жилийн хавраас эхэлнэ гэлээ. Ингэснээр Парагвай улс нь ная гаруй жил үргэлжилсэн шатахууны хараат байдлаас бүрэн ангижирлаа.

Наян жил хайна гэдэг бол бага хугацаа биш. Энд манай улсын суралцах ёстой нэг зүйл байна. Өнөөдөр нефть боловсруулах үйлдвэр байгуулаад “Петро Чайна дачин Тамсаг” компанийн олборлож байгаа газрын тосыг шууд тийш нь шилжүүлэх гэвэл бас болохгүй. Хоёр улсын гэрээг сөхнө, дахиад гэрээ байгуулна, ингэтэл доод тал нь манай гурван парламент солигдоно. Тэгэхээр геологи, хайгуулын салбартаа боловсруулалтаас дутахааргүй их хөрөнгө мөнгө зарж, “намайг олооч би энд байна” гээд байгаа олон орд газрыг нээн илрүүлж, нөөц боломж, хэтийн төлөвийг нь тогтоох гэсэн чиг хандлага бий болж байна гэсэн үг.

Гэтэл манайхан өнөөдөр жилдээ сая тонн шатахуун үйлдвэрлэх чадвартай үйлдвэр байгуулах талаар яриад байна уу гэхээс тэр үйлдвэр нь хаанаас тэгэж их газрын тос авах талаар ганц үг ган хийхгүй байна. Энэ бол том алдаа. Ер нь үйлдвэрлэл өндөр төвшинд хүртэл хөгжсөн орнуудад олборлолт ба хайгуул хоёр ямагт ганзага нийлж явж байдаг. Гэтэл манайх энэ тал хэт өрөөсгөл, зөвхөн бэлэн зүйлийг, бүр тэртээ 70-80-90 оны үед илрүүлсэн зүйлсийг олборлох дээр л анхаараад манай улсын хувьд стратегийн чухал газрын тос гэх мэт зүйлсийг шинээр эрж хайхыг умартаж байгаа нь таагүй.

Тонн зэсийн үнэ ундааны хоосон хуванцар савтай адил болтлоо уналаа ч шатахууны үнэ хэзээ ч унахгүй. Тэгэхээр манай улсын алс хэтийн хувьд стратегийн нэн тэргүүний анхаарал тавих ёстой чухал зүйл бол газрын тосны шинэ орд газрыг Зүүн Баян мэт дэд бүтэц сайн хөгжсөн газрууд орчмоос хайж олох нь чухал болж байгаа юм. Ухаалгаар хөрөнгө оруулалт хийх гэж үүнийг л хэлэх байх. Парагвайчууд 80 жил гандан буурахгүй хайсаар олчихлоо шүү дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан