“Дэлхийн дулаарал туйлын цагаан баавгайд л сөргөөр нөлөөлнө гэж боддог хүмүүс байж болох юм. Гэтэл түүнээс илүү говийн баавгай буюу Монголын мазаалайд хамгийн түрүүнд хор хөнөөлийг мэдрүүлнэ” гэж Америкийн шинжлэх ухааны сэтгүүлд бичжээ. Цаг агаарын хэм алгуурхан хэдий ч нэмэгдэх тусам говийн ус, ургамлын хэмжээ багасч, мазаалайн идэх хоол хорогдсоор байгаа нь сэтгэл түгшээж байна. Ялангуяа өвлийн ид хүйтэн ирж буй энэ үед ичээндээ орох ёстой баавгай өвлийг өнтэй давах хүнсээ нөөцөлдөг. Өндөр илчлэгтэй хоол базаах мазаалайн ажил намраас намарт илүү урт хугацаанд үргэлжилж, жилээс жилд хүнсний хэмжээ багассаар байна. Мазаалай нь ургамлын иш, үндэс, жимс, үр болон говийн зарим шавж, мэрэгч амьтдаар хооллодог.
Өнгөрсөн арван жилийн хугацаанд говийн амьтдын хүнсний олдоц багасч, тэжээллэг хоол ховорджээ. Учир нь, олон жил ган тохиож 1993-2007 оны хооронд жилийн хур тунадасны хэмжээ 100 мм байснаа хоёр дахин багассаныг судлаачид хэллээ. 14 жилийн ган гачиг мазаалайн биеийн онцлог болон нөхөн үржихүйн явцад ямар нэг байдлаар нөлөөлсөн нь тодорхой. 2007 оноос хойш говийн бүст ган болохоо больж, уур амьсгал сайжирсан ч хур тунадасны хэмжээ жилээс жилд буурч байгааг төв Азийн мэдээллийн сайт “Eurasianet” мэдээллээ.
Тэдний мэдээлэлд дурдсанаар манай говьд найман эм, 14 эр нийт 22 мазаалай үлджээ. Говийн их дархан цаазат газрын 2.1 сая га талбайн Цагаан богд, Атас-Ингэс, Шар хулсны нуруунд 3-4 бүл үүсгэн амьдарч байгаа аж. Хэдхэн жилийн өмнө 50 гаруй мазаалай байсан ч дэлхийн дулаарал болон бусад шалтгаанаар хоёр дахин хорогдоод байна.
Дэлхийн өөр хаана ч байхгүй энэ төрөл зүйл 22-хон болсон нь бид хамгаалах, үржүүлэх ажил хийх ёстойг харанга дэлдэн сануулна. Монгол Улсын Ногоон хөгжил, байгаль орчны яам 2013 оныг говийн баавгай мазаалайн жил болгожээ. Энэ үеэр мазаалайд олон нийтийн анхаарлыг хандуулж, бүх нийтээрээ хамгаалах ажлыг өрнүүлэх юм. Мэргэжлийн байгууллагууд ч үүнд хамрагдана. Тухайлбал, баавгайнуудыг тоо толгойгоор бүртгэх, зураг мэдээллийг авч, тодорхой цэгүүдэд GPS радио төхөөрөмж байршуулах юм. Ингэснээр мазаалайн амьдарч байгаа газар нутгийн бүсийг тогтоож, амьдрах хэвшлийг тодорхойлох боломж бүрдэнэ.
Мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр тодорхой ажил хийж байжээ. Хавар, намартаа ган гачиг ихтэй үед идэш тэжээл онцгой шаардлагатайг судлаачид илрүүлээд тодорхой цэгүүдэд нэмэлт тэжээл, хүнсний сав байршуулжээ. Мазаалайн ичээнээс гарах, төллөх болон ган гачигтай үе тохиоход дээрх савыг хүнсээр дүүргэдэг болсон байна. Тухайлбал, ургамлын гаралтай тэжээл, амин дэм, өөх тосон бүтээгдэхүүнийг өгдөг. Энэ нь тодорхой хэмжээнд ач холбогдолтой ч мазаалайн тоо толгойг хамгаалахад хангалттай үр дүн өгөхгүй байгаа аж.
Учир нь, хилийн цэргийн застав, зарим суурин газрыг байгуулахад говийн булаг шанд, баянбүрдийг түшиглэнэ. Гэтэл тэдгээр баянбүрд нь мазаалайн амьдарч байсан орчин учир тэндээс дайжихаас өөр аргагүй болдог байна. Зарим цагт ган, зуд тохиолдвол нутгийн малчид дархан цаазат бүс рүү нэвтэрч баянбүрд барааддаг аж. Үүнээс болж говийн баавгай тогтвортой нутаглах нөхцөл бүрддэггүйг тогтоожээ. Түүнээс гадна мазаалайн үржил, хөгжил муу байгаад хэтэрхий өргөн газар нутагт/Их говийн дархан цаазат бүсийн 2.1 сая га/ тархсантай холбоотой. 50 гаруй байснаа цөөрч 22 болсон мазаалай өмнөхөөсөө ч урт замыг туулж нөхөн үржилд орох шаардлагатай болж байгаа юм. Тиймээс мазаалайнууд амьдрах, нөхөн үржих бичил орчинг /1.5-2 га/ үүсгэж өгөх шаардлагатай гэнэ. Монголын говьд эртний амьтад үүсч, өсч үржиж, мөхсөн гэдэг төдийгүй тэр үед мазаалайн төрөл амьдарч байсан ч гэж үздэг. Мазаалай бусад баавгайн төрлөөс хавьгүй эрт буюу 500-700 жилийн өмнө үүсчээ. 2010 оны “Говийн баавгай төсөл”-д дурдсанаар мазаалай баавгайн төрөл дотроо хамгийн дасан зохицох чадвар сайтай нь аж. Тодруулбал, өвлийн хүйтэнд дунджаар -34 хэм зуны оргил үед +46 хэм хүртэл халуунд амьдарч чаддаг тэсвэртэй амьтан. Дэлхий нийт төдийгүй монголчууд мазаалайг 1950 он хүртэл мэддэггүй байжээ. Улаан номонд орсон мазаалайг судлах ажил 1950-аад онд эхэлж, сүүлийн нэгэн жаранд л бидний танил болжээ. 1953 оноос мазаалайг агнахыг хориглож, дархан цаазат амьтан болгосон билээ. Монгол Улсын өмнөд хэсэг Алтайн өвөр говийг мазаалайн гол амьдрах орчин гэж үзээд 1975 онд Их говийн дархан цаазат газар болгон хамгаалалтын захиргаа байгуулж байлаа. 1991 онд ЮНЕСКО дэлхийн хүн, байгалийн шим мандлын дархан газрын сүлжээнд бүртгэсэн бол хожим УИХ-аар дархан цаазат газрын эрх зүйн орчныг баталгаажуулжээ. Төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо, хийх ажил дээрх үйл ажиллагаанд ач холбогдолтой гэдэг нь тодорхой. Гэвч эгэл иргэн, нутгийн оршин суугчдын амьдралын зан үйлээс хамаарах зүйл байгааг бодож үзэх ёстой. Дэлхий нийтийн анхаарлын төвд байгалийн нэгэн төрөл зүйл мөхлийн ирмэгт тулсныг сонордуулах нь ч мазаалайн төлөөх нэгэн үйл хэрэг. Нас бие гүйцсэн эр мазаалайг шармаахай гэдэг бол эмийг нь эвш хэмээдэг. Хоёр жилд нэг удаа төллөж, ихэнхдээ ихэр аламцаг /үр төл/ төрүүлдэг байна. Шармаахай нь зун хүрэн бор өнгөтэй, өвөлдөө бор саарал зүстэй болдог. Хүзүү, хөл нь их биеэсээ бараан өнгөтэй, хүзүүнийхээ угт цайвар толботой байдаг. Мазаалайн биеийн дундаж жин 90-100 кг байдаг бол урт нь 150 см, өндөр нь 80-90 см байдаг.