Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн ордод хамааруулах тухай асуудлыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний эсвэл жилд Монгол Улсын ДНБ-ий таваас дээш хувийг үйлдвэрлэж байгаа ордыг хэлдэг.
Хөшөөтийн уурхай эхний жилдээ буюу 2011 онд 7.3 тэрбум төгрөгийн төлбөр төлөвлөж байсан нь 4.3 хувь болж, цаашид олборлолт өсөхөд таван хувиас дээш гарахаар байна. Иймд УИХ-ын 2012 оны 27 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулж, стратегийн ордод хамааруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулан ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхайн сайдад даалгав.