Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга Ховд аймагт ажиллаж байгаа билээ. Тэрээр тус аймагт ажиллах үеэрээ Дөргөн сумын иргэдтэй уулзав. Дөргөн сумын Аргалант багийн нутагт их хэмжээний алтны нөөц олдсон гэх мэдээг хувиараа алт олборлогчид тарааснаас тэнд “нинжа” нар цугларч байгаль орчныг нь сүйтгээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, ямар ч зөвшөөрөлгүйгээр хуулиас гадуур үйл ажиллагаа явуулж байгаа юм. Дэд сайд Б.Тулга Дөргөн сумын иргэдтэй уулзалт хийх үеэрээ “Дөргөн сумын нутаг дэвсгэр нь эргэн тойрондоо томоохон нуур, гол усаар хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт газар. Энэ хавиар алт олборлох үйл ажиллагааг эхлүүлбэл, улсын тусгай хамгаалалттай Хар ус нуур, Хар нуур, Чоно харайхын гол бохирдож үгүй болох аюул ойрхон болно. Иймд нутгийн иргэд та бүхэн гол усаа хайрлан хамгаалж, алт ухахаар гаднаас ирсэн “нинжа” нарыг нутгаасаа гаргахад идэвхтэй оролцохыг сануулж, аймаг, орон нутгийн удирдлагуудыг харуул хамгаалалтаа сайжруулан алт хайх үйл ажиллагааг бүрмөсөн таслан зогсоохыг анхааруулсан байна. Харин нутгийн иргэд сайдаас гар аргаар алт олборлогчдийн үйл ажиллагааг зохион байгуулах, эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байгааг эрх мэдэл бүхий албан тушаалтнуудад дамжуулж өгөхийг хүсчээ. Өнөөдрийн байдлаар нийт 200 гаруй “нинжа” цугласныг тараасан боловч тэд нутгийн ойр орчимд хэсэг бүлгээр тархсан байдалтай байгаа юм.