Орос яагаад ураныг их сонирхож байна
Хуучин ЗХУ, АНУ-ын хоорондох хүйтэн дайны үеэс өвлөж авсан цөмийн нөөцөөрөө Орос сүүлийн 20 жилд аргагүй л аварга хэвээрээ байна. Оросын ураны “Атомредметзолото” /АРМЗ/ компани Казахстан, Канад, Нигер, Австрали, АНУ, Монголын нэгэн адил дэлхийн уран үйлдвэрлэлийн гол эзэн байхыг эрмэлзэж байна.
АНУ-ын хувьд ч ялгаагүй ураны салбар дахь оросуудын нүдийг хаах нь геополитикийн том ялалт болно гэж тооцож байгаа юм. Өнгөрсөн цаг үед АНУ-тай хийсэн цөмийн өрсөлдөөнийхөө явцад ЗХУ нь чанараас илүүтэй тоонд анхаарч ирсэн. АНУ тэр үед аль болох хор хөнөөл багатай, өндөр хүчин чадалтай байлдааны цэнэгт хошуу бэлтгэхэд анхаарч ирсэн байхад Зөвлөлтүүд аль болох олон бөмбөгтэй болохыг л хүсч байсан.
ЗХУ задрахад Орос улс мянга гаруй тооны зэвсэг, цөмийн түлш үйлдвэрлэх болон боловсруулах дэд бүтэц өвлөн авч үлдсэн юм. Үүнээс хойш стратегийн зэвсэглэлийг хорогдуулах гэрээнээс гадна, ЗХУ-ын цөмийн нөөцөд хяналт тавих талаар АНУ-тай хэлэлцэн тохирох гээд түүхэн цаг үеийг туулсан л даа.
Оросуудын ураныг зэвсгийн зориулалтаар боловсруулах ажиллагаа нь Америк-Оросын дипломат харилцааны түлхүүр болсон юм. “Мегатонноос мегаватт” гэсэн хөтөлбөрийн дагуу оросын өндөр түвшинд боловсруулсан 500 тонн ураныг америкийн цөмийн реакторуудад шилжүүлж өгсөн. Өнөөдөр америкийн цөмийн цахилгаан станцуудын хэрэглэж байгаа түлшний тал хувь нь хуучин зөвлөлтийн байлдааны цэнэгт хошуу шүү дээ.
Гэтэл орос жилдээ зургаан мянган тонн уран үйлдвэрлэсээр л байгаа. Хүйтэн дайнаас хойш Орос, Америкийн ураны нөөц, ашиглаж байгаа материал нь манай гаригийн ураны нийт хэрэгцээний 60 хувийг хангаж, ингэснээрээ ч уран болоод түүний олборлох үнийг тодорхой хэмжээнд барьж байгаа юм.
Гэхдээ орос өнөө байгаа нөөцөө ашиглаад өндөр түвшинд уран боловсруулаад байхад юухай ч 10-15 жилд л хүрэлцээтэй гэдгийг мэдэж байгаа. Тэгэхээр эдийн засгийн ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдлын үүднээс ирээдүйгээ тооцох ёстой нь мэдээж. Ураны нөөцөөс шалтгаалаад дэлхийн зах зээл дээр фунт нь 55 доллараас 70-80 доллар болоод ирэхийн цагт олборлосон хүдрийн урсгал тасарч засгийн газрын өнөөх өндөр түвшинд боловсруулсан нөөц гарч ирнэ.
Хэрэв Энэтхэг, Өмнөд Солонгос, Хятад улсууд Фукушимогийн ослын дараа ч гэсэн өөрийн цөмийн цахилгаан станц барих хөтөлбөрөө түргэлжлүүлээд байвал ураны эрэлт өсөх хандлага ажиглагдаж байна. Ингэж цөмийн салбар өсөөд байвал үйлдвэрлэл бас нэмэгдэж, өмнө байсан нөөц хомсдох нь мэдээж. Энэ үед ч гэсэн Орос улс, АРМЗ цөмийн түлшний гол үйлдвэрлэгч хэвээр байх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл орос XXI зууны цөмийн салбар дахь гол тоглогч, бас ашигтай байрлалд хэвээр үлдэж ураны олборлолт, үйлдвэрлэлд голлох үүрэг гүйцэтгэсээр байх болно. Тэртэй тэргүй ЗХУ-аас өвллөн авсан уран боловсруулах манай гариг дээрх хамгийн өндөр хүчин чадал байгаа юм чинь. Уран боловсруулах хүчин чадлаараа Орос өнөөдөр АНУ-аас 4-5 дахин илүү байгаа нь дэлхийн хүчин чадлын бараг тал хувь гэсэн үг л дээ.
Улс орнууд өөрсдөө дотооддоо баяжуулж эс чадлаа гэхэд тэд “Олон улсын цөмийн түлшний банк” байгуулах санаа бас дэвшүүлж байгаа. Орос бүр үүнд нэгдэнэ гэдгээ хамгийн түрүүнээ илэрхийлж “Энэ банкийг хангахын тулд аль хэдийнээ анхан шатанд баяжуулсан уран үйлдвэрлээд эхэлчихсэн” гэж Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг МАГАТЭ мэдэгдэж байна.
Харин орост өөрт нь ураны хүдрийн ийм их нөөц байхгүй. Тэгэхээр ураны үйлдвэрүүд нь хаагдчихгүй ажиллаж, бас ашиг олохын тулд гадаадаас хямд үнэтэй уран оруулж ирэх ганц зам л үлдэж байгаа юм.
Ийм л болохоор дэлхийн уран үйлдвэрлэлийн дөнгөж долоон хувийг эзэлж байгаа АРМЗ дотоодоосоо уран олборлохоо хязгаарлаж оронд нь гадаадад шинэ эх сурвалж хайж эхлээд байгаа нь энэ.
Сэтгүүлч Хэл Фостер АРМЗ-ын сонирхлыг өнөөдөр дэлхийн ураны хүдрийн 25 хувийг олборлож байгаа бол 2030 он гэхэд 30 хувь болгож өсгөх явдал гэж бичиж байна. Ер нь цаашдаа дэлхийд уран баяжуулах оролцоогоо 40 хувь болгох сонирхолтой гэж байна. “Росатом”-ын тэргүүн Сергей Криенко ч үүнийгээ нуухгүй байна.
АРМЗ-ыг уран үйлдвэрлэлийн хэмжээгээрээ дэлхийд гурав дөрөв дэх байранд очиж болно гэж төсөөлж байна. Ингэхдээ гадаад эх сурвалжуудыг бойкотлох, тэдэнд өөрийн нөлөөллөө нэмэгдүүлэх, Засгийн газрын нөлөөг ашиглах гээд АРМЗ-ын түрэмгий аргуудыг тооцохгүй байгаа хэрэг. Тэдний энэ алхам дэлхийн ураны нөөцийн 12 хувийг эзэмшиж, зах зээлд дээр уран үйлдвэрлэлийн гуравны нэгийг эзэлдэг хөрш Казахстанаас эхэлж мэдэх л юм. 2009 он гэхэд Казахстаны үйлдвэрлэсэн уран өмнөх оноосоо 69 хувь өссөн бол 2015 он гэхэд хоёр дахин өснө гэсэн тооцоо байна.
Ингээд л Оросуудын зүгээс Казахстан руу арилжааны шугамаар ч Засгийн газрын шугамаар ч хандах хандлага нь өсөөд байгаа юм.
Монгол руу чиглэх зам
Казахстанаас гадна Оросын бас нэг хөрш, ураны тодорхой хэмжээний нөөцтэй Монгол байна. Канадын тийм ч том биш Khan Resources компанийн ачаар энэ монголд оросын цөмийн бинг хэрхэн хайрч байсныг мэдэх боломж олдож байгаа юм.
Монголын дорнод нутаг дахь ураны нөөцийг бүр социализмын үед ЗХУ нээгээд, олборлож байсан ураны том байгууламж нь өнөө ч байгаа. Энэ ордыг хамгийн багадаа л 25 мянган тоннын нөөцтэй, жилд хоёр мянган тонныг боловсруулаад байхад жилдээ л 300 сая доллар орж ирэхийн ихэнх нь ашиг болно гэсэн үг. 1989 онд монголд коммунист дэглэмийг халж олон намын тогтолцоот ардчилал гарч ирснээр Дорнодын энэ ордыг барууны уул уурхайн арилжааны хөрөнгө оруулагчдад ил болгосон юм. Ингээд 2009 он гэхэд канадын Khan Resources компани 58 хувь, оросын компани 21, монголын Засгийн газар 21 хувийг нь эзэмшихээр болжээ. Баримт бичгээс үзвэл Khan Resources хайгуул судалгааны болон уурхайн барилга байгууламж барихад 20 сая доллар зарцуулсан гэж мэдэгдсэн байна. Гэтэл 2009 онд Оросын Засгийн газар, АРМЗ монголын уран руу анхаарлаа хандуулж өнөө л Казахстанд хандсан шигээ засгийн газрын ч, бизнесийн ч команд өгдөг маягаараа хандаж эхэлсэн байна. Оросууд Дорнодын ордыг эзэмших эрх авна гэдэгтээ бүрэн итгэлтэй байлаа. “Правда”-д бүр Монголын Дорнодын ураны тухайд “Орос ураны хяналтыг өөртөө авлаа” гэж бичиж байсан.
ЗХУ, Орос тэнд 1988 оноос 1995 он хүртэл өөрийн 10 мянга орчим ажилчинтай уурхай ажиллуулж байснаар бүхэл бүтэн 600 сая доллар монголоос олсон юм. Дорнодын ураны хүдрийг төмөр замаар 400 км зөөж Өвөрбайгаль дахь Приаргуны уул-химийн үйлдвэрт авчран баяжуулж байсан. Одоо эргээд Дорнодын энэ ордыг мэдэлдээ авбал Приаргуны үйлдвэрлэл хоёр дахин өснө гэж оросууд тооцож байлаа. Ингээд 2009 онд Орос Монгол хоёр уран олборлох асуудлаар хамтарсан хуралдаан зарлав. Khan Resources-ын шүүхийн материалаас үзвэл энэ нь Дорнодын төслөөс канадуудыг шахах кампанит ажлын эхлэл болсон байна. Оны төгсгөл гэхэд АРМЗ Khan-д албан ёсын хүсэлт тавихад тус компанийн захирлуудын зөвлөл татгалсан хариу өгсөн юм.
Дараа нь 2010 оны эхээр монголын УИХ Дорнодын ордын 51 хувийг монголын тал зээмших ёстой гэсэн хууль гаргах нь тэр. Энэ бол хувийн хэвшлийн хувь эзэмшигчийн санаанд ороогүй зүйл байлаа.
Khan Resources эцэст нь гомдолтой ч гэсэн хэлцэлд хүрч, ингэснээрээ хэчнээн бага хувь хүртлээ ч гэсэн оросын түншийн зүгээс ирэх дарамт, бойкотыг таслан зогсооно гэж тооцсон байна. Asia Times Online-ийн зүгээс Khan-ы удирдлагатай холбоо тогтоох гэсэн оролдлого амжилтгүй болсон юм.
Нөхцөл байдал улам л ээдрээтэй болж Khan хятадын China National Nuclear Corp-ийн бүрэлдхүүнд багтдаг Overseas Uranium Corporation компанийг оролцуулахаар ярьж ярьж үр дүнгүй болохоор нь эцсийн эцэст зөвшөөрөх болсон байна. “Правда”-д бичсэнээр бол Khan Resources-т хандаж байга Монголчуудын хандлагаас болоод оролцохоо больсон бололтой.
Үнэхээр Улаанбаатар канадчуудтай үйл ажиллагаагаа зохицуулж чадаагүй, хятадуудыг ч оруулж ирэхийг хүсээгүй. Ийм л шалтгаанаар Khan Resources-ийн монгол дахь салбар TSAUK лицензээсээ татгалзахад хүрч, улмаар монголчууд дорнодын ордоо оросын компанитай хамтран ашиглахад хүрч байгаа юм.
АРМЗ ч Дорнодын орд дахь Khan Resources-ийн лиценз хүчингүй гээд зарлачихлаа. Khan Resources хариуд нь манай лиценз хүчинтэй хэвээр байгаа, монголын засгийн газрын зүгээс буцаах талаар ямар ч шаардлага ирээгүй гэж эсэргүүцсэн.
Гэхдээ бас дөрөвдүгээр сард нь Khan-ы лицензийг хүчингүй гээд зарлачихсан, тэгээд Khan монголын шүүхэд хандахаар шүүх нь канадчуудын талд шийдвэр гаргачихсан байсан хэрэг л дээ. Khan Resources бүр арбитрын шүүхэд хандаж монголын хуулиар байгалийн нөөц ашиглахын тулд 200 сая доллар өгөх ёстой гэдгийг ч дурдсан байна. Эцэст нь Khan канадын шүүхэд хандаж 200 сая долларын төлбөрийг АРМЗ болон Дриаргуны уул-химийн үйлдвэр гаргах ёстой гэсэн ч Оросын хуульзүйн яам “үндэсний аюулгүй байдал, тусгаар тогнол” гэсэн шалтгаанаар татгалзсан байна.
Khan-ы эсрэг талынхан тэднийг 200 сая биш өмнө нь тэдний амлаж байсан арай бага хэмжээгээр төлбөр хийгээд зарцуулсан хөрөнгөө алдахгүйгээр нөхцөл байдлаас гарах байх гэж тооцож байсан юм. “Америкийн дуу хоолой”-гоор мэдээлснийг үзвэл оросууд хувьцааг нь 0,65 канад доллараар буюу нийтдээ 35 сая канад доллараар авах санал дэвшүүлсэн бол хятадууд нэг бүрийг нь 096 канад доллараар буюу нийтдээ 53 сая канад доллараар үнэлсэн санал тавьсан юм.
Гэтэл зах зээл дээр хувьцаа нь 2007 онд 5,64 долларт хүрч байсан Khan-ы хувьд оросын ч хятадын ч санал нь хэтэрхий бага байсан болохоор таалагдахгүй байлаа. Гаднын хөрөнгө оруулагчдад ингэж таагүй хандаж байгаа Монголын засгийн газар Khan Resources-т хэрхэн хандаж байгаа нь тодорхойгүй байв. Дэлхийн цөмийн холбооны (World Nuclear Association) монголын цөмийн салбарт зориулсан тоймд “Маргаантай байгаа энэ төслийн талаарх Засгийн газрын шийдвэр нь асуудлыг шийдэхийг хүлээж чадахгүй байгаа “Росатом”-ын тэвчээргүй байгаатай холбоотой гэж Монгол улсын ерөнхий сайд мэдэгдлээ” гэсэн байдаг. Нөгөө талаас Дорнодын төслөөс Khan-ыг шахан зайлуулах гэсэн оросын талын хүч оролцоо байсан гэдэг нь маргаангүй. 2009 онд ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путины монголд хийсэн айлчлалын үеэр яриа хэлэлцээрийн гол сэдэв нь монголын уран байсан юмдаг. Сарын дараа ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Улаанбаатарт АРМЗ-ын ерөнхийлөгчийг дагуулан ирж бас л энэ асуудлар ярилцсан. Монголчуудын орост төлөх их өрийг 98 хувиар хөнгөлж, монголын мах сүүг орост оруулахын тулд малыг нь эрүүлжүүлэхэд зориулан 375 сая рубль өгөхөөр амлалаа.
Үүнээс гадна Таван толгойн төсөлд оролцож, төмөр зам барих урьдчилсан нөхцөлтэйгээр Дорнод төсөл дээр хамтрах санал тавьсан гэсэн яриа ч бий.
Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хувьд оросын удирдлагатай их хүйтэн харьцаатай. Үүнд 2011 оны зун оросын дизель түлш нийлүүлэх асуудлаас болж ургац алдах дөхсөн нь нөлөөлсөн гэсэн цуу яриа ч байдаг. Энэ бүхнээс болоод оросуудын учиргүй их анхаараад байгаа ураны асуудлыг нэг их дэмжихгүй байж болох. Оросуудтай ингэж байх зуур ураны асуудлаар АНУ-тай хийж байсан яриа хэлэлцээр нь нэг их амжилтад хүрэхгүй байсан юм.
Хэргийн учир нь хэлэлцээрт оролцож байсан бүрэн эрхт элчин сайд А.Ундраа нарын баг бүрэлдхүүнээрээ татгалзсанаас болоод 2011 оны есдүгээр сард Ц.Элбэгдорж АНУ, Японтой хийж байсан Монголд цөмийн хаягдал булшлах тухай асуудлаарх нууц хэлэлцээрүүдийг зогсоосон юм. Тэд бүр америкчуудын саналыг сонсохоор АНУ явж байсан юм.
2011 оны тавдугаар сард Австрийн Венад суугаа Монголын Элчин сайд энэ талаарх яриаг няцааж мэдээлэл тараасан. Энд “Монголын хэвлэл мэдээлийн зарим хэрэгсэл албаны хүмүүсийн оролцоотойгоор энэ мэдээллийн талаар дэлхийн мэдээллийн томоохон агентлагууд, тухайлбал Reuters, CNN болон японы Mainichi сонинд монголын засгийн газрын байр суурийг түгээж байна. Монгол Улсын Гадаад харилцаны яам, Атомын энергийн “Мон-Атом” агентлагийн төлөөлөгчид энэ мэдээллийг няцааж, монголын засгийн газар монголд цөмийн хаягдал булшлах талаар хэнтэй ч, ямар ч яриа хэлэлцээр хийгээгүй, ийм хэлэлцээр хийх эрх зүйн үндэс байхгүй гэдгийг мэдэгдэж байна” гэсэн юм. Америкийн засаг захиргаа эхлээд ийм санал дэвшүүлсэн, дараа нь энэ байр суурийг дэмжсэн мэдэгдэл гаргасан, харамсалтай нь 2011 оны тавдугаар сард Arms Control Wonk байгууллагын Жеффри Льюисийн энэ мэдэгдлийг “худал” гэсэн юм.
“Би Эрчим хүчний яамны мэдэгдэлд хамаарах “худал” гэсэн энэ үгийг үзэн ядаж байна. Ганцхан АНУ-ын Төрийн департаментын олон улсын аюулгүй байдлын товчооны цөмийн энергийн газрын дарга Дик Стратфорд Карнегийн сангийн цөмийн асуудлаарх олон улсын бага хурал дээр америк монголын албан ёсны хүмүүс “Монгол гурав дахь орны цөмийн хаягдал булшлах газар болох уу, үгүй юу” гэсэн асуудлаар яриа хэлэлцээр хийж байсан гэж баталж байсан юм. Би Стратфордоос энэ яриа америкийн цөмийн боловсруулчихсан түлштэй хамаатай юу гэж бичгээр асуусан. Тэр “Тийм ээ, би америкийн цөмийн хаягдлыг дамжуулах хувилбарыг дэмжиж байгаа” гэж хариулсан.
Монголчууд харин унаган байгальтай говь тал нутагтаа цөмийн хаягдал булшлахыг эсэргүүцсэн юм. Гэхдээ монголын талын өмнө өгүүлсэн няцаалт нь нэг сонин өгүүлбэртэй. Тэнд “Хэрэв энэ орнууд монголоос цөмийн түлш худалдан авахгүй бол бид бусад орны цөмийн хаягдлыг нутагтаа хадгалах албагүй” гэсэн байгаа юм.
Хэрэв монголчууд америкийн дэмжлэгтэйгээр цөмийн хаягдал булшлах эрхтэй болох энэ боломжоо ашигласан бол ураны түлшний бизнест ёстой хараат бус тоглогч болох байсан л даа. Үнэхээр төлөвлөгөө нь ийм байсан бол Ц.Элбэгдорж энэ талаар байр суринаасаа гэнэт буцсан л болж таарч байна. 2011 оны есдүгээр сард өгсөн нэг ярилцлагадаа тэр“ Бусад орны цөмийн хаягдал гэдэг бол бусдын бие дээр ургаж байгаа хорт хавдар” гэсэн байдаг. Уран боловсруулах юм уу, гадаадад гаргасныхаа төлөө цөмийн хаягдал эх нутагтаа оруулна гэдэг бол алба биш, энэ бол ганцхан цөмийн том гүрнүүдийн итгүүлэх гэсэн хуурмаг арга л даа.
Ямартай ч хуулийн ачаар, ер нь ямар нэг шалтгаанаар цөмийн хаягдал монголд орж ирэхийг хааж чадсан юм. Одоо бол Монголд ураны хөтөлбөрийн тухайд цор ганц түнш Оростойгоо л хамтарч АРМЗ-ын Приаргуны үйлдвэрт түүхий эдээ нийлүүлэх л үлдэж байна даа.
Ямар ч тохиолдолд утаа замхрахыг л хүлээж, оросууд үндсэндээ Дорнодын ордод бэхжээд авлаа. Ураны худалдаанд тэргүүлэх гэсэн Оросын энэ эрмэлзэл рүү америкийн талын сонирхол дутсан л даа. Тэгээд бас барууны дипломатуудын дунд болоод хэвлэлд 2011 он гэхэд хятадын газрын ховор металлын сэдэв их тархсан нь нөлөөлсөн байх.
АНУ, ер нь дэлхий даяар газрын ховор элементийн нөөцийн тухай ярьж боловсруулах ажлыг эхлэх нь зүйтэй гэсэн яриа гарсан нь хятадын хувьд гадаадад гаргахаа багасгахад хүргэсэн юм. Өнгөрсөн түүхэнд үндэсний аюулгүй байдалд аюул учруулах хэмжээний тохиолдол гарч байсан удаа бий. АНУ-ын Калифорнийн Майнтин-Пассын газрын ховор элементийн ордыг Molycorp компани 30 жилээр эзэмших авч 2011 оны аравдугаар сарын 24-нд ажлаа сэргээсэн байдаг.
Нөгөө талаас дэлхий дээр оросуудын гар хүрээгүй ураны орд бараг байхгүй болохоор энэ салбарт ураны хүдэр олборлох, худалдан авах яриа хэлэлцээр хийх сонирхол өссөөр байгаа юм.