Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорнод аймагт хийсэн албан томилолтынхоо хүрээнд тус аймагт газрын тосны чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны талаархи мэдээллийг сонсчээ. Аймгийн төлөөлөгчид болон салбарын томоохон компаниудын удирдлагууд мэдээлэл өгсөн байна. Дорнод аймгийн нутаг дэвсгэрт 1993 оноос “Соко” компани газрын тосны хайгуул хийж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар Бүтээгдэхүүн хуваах гэрээт зургаан талбайд дөрвөн компани үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, Матад, Халхгол суманд “Петрочайна Дачин Тамсаг” ХХК, Матад суманд “Петроматад” ХХК, “Гурванзагал”, Чойбалсан, Баянтүмэн суманд “Эн Пи Ай” ХХК, Баянтүмэн, Булган, Сэргэлэн, Цагаан-Овоо, Чойбалсан суманд “Магнай трейд” ХХК ажиллаж байгаа аж.
“Петрочайна дачин тамсаг компанийнхан Ерөнхий сайдад амлалт өгөв
Эдгээр компанийн бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайн нийт хэмжээ 38 мянган ам.км Дорнодын нутаг дэвсгэрийн 30 хувийг эзэлж байна. Гэхдээ бодит байдал дээр Тамсагийн сав газрыг бүхэлд нь хамарсан үйл ажиллагаа явуулж байгаа гэж аймгийн удирдлагууд танилцуулжээ. Дээрх компаниудаас хамгийн том нь болох нефть олборлолт явуулж буй “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааны өнөөгийн явц болон тулгамдсан асуудлын талаар мэдээлэл сонссон юм. Хоёр тал хамтран шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн дөрвөн асуудлыг “Петрочайна дачин тамсаг” компанийн зүгээс Ерөнхий сайдад танилцуулжээ.
Хөрөнгө оруулалтын баталгаатай, тогтвортой орчин бүрдүүлэх, бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөлийг эргэн харах, түүхий тосны олборлолт нэмэгдүүлэх 19, 21 дүгээр талбайн ашиглалтын лицензийг шийдвэрлэж өгөх, Бичигтийн чиглэлийн авто зам барилгын ажилтай холбогдуулан түүхий тос тээвэрлэлтийг зогсоохгүй байх гэсэн асуудлыг тус компанийнхан хэлжээ.
Засгийн газрын тэргүүн газрын тосны олборлолт, үйлдвэрлэлийн талаар авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг танилцуулж, дээрх санал хүсэлтүүдтэй холбогдуулан асуудал хариуцсан яам, агентлагийнхнаас нэмэлт тайлбар өгчээ.
Харин “Петрочайна дачин тамсаг”-ийнхан бүтээн байгуулалтыг хурдасгаж, байгаль орчны нөхөн сэргээлтийг чанартай хийж, ажлын байрны тоог нэмэгдүүлж, боловсон хүчин бэлтгэхэд анхаарч ажиллах амлалт өгсөн байна.
Компанийн удирдлагуудыг Хөдөлмөрийн хууль зөрчдөг гэв
Тус компанийн үйлдвэрлэлийн баазад БНХАУ-ын 26, Монгол Улсын дөрвөн туслан гүйцэтгэгч компанид 1725 хятад, 427 монгол ажилчин ажиллаж байна. Монгол ажилчдын 80 хувь Дорнод аймгийн уугуул иргэд гэнэ. Ажилчдын зүгээс цалин хөлс нэмэгдүүлэх, орон сууцны хангамжийг сайжруулах, ажил амралтын горимд өөрчлөлт оруулах гэх мэт шаардлага хүсэлтийг удаа дараа тавьж ирж. Энэ компанийн ажилчид 40 хоног ажиллаад 20 хоног амардаг, ээлжийн амралт олгодоггүй нь Хөдөлмөрийн хуулийг зөрчиж байна гэж санал гомдол байнга тавьдаг. Орон нутгаас ажиллах хүч авч ажиллуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдийг аймгийн Нийгмийн даатгалын байгууллагад оруулж, шимтгэл төлүүлэх шаардлагатай гэв. Учир нь, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн орон нутгийн ажиллагсдын нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Улаанбаатар хотод баталгаажуулдаг юм байна. Иймээс нийгмийн даатгалын дэвтрээ шалгах боломжгүй, яаралтай тохиолдолд эрүүл мэндийн даатгалын дэвтэр нь бөглөөгүй, гар дээр нь байдаггүй учраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад бэрхшээлтэй байдаг гэнэ.
Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулаад 19 жил болж буй, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аль ч компаниас давуу эрх эдлэн ажиллаж буй энэ компанийн хувьд ийм жижиг асуудлыг жигдрүүлж, одоо бүтээн байгуулалтын том үр дүнгүүд харуулах болсныг мөн энэ уулзалтын үеэр зарим удирдлага хэлэв. Энэ уулзалтаар ярьсан асуудлуудыг богино хугацаанд харилцан шийдвэрлэхийн тулд тодорхой тоон үр дүн, цаг хугацаа, хариуцах эзэнтэй үлдээх ёстойг Ерөнхий сайд сануулж, шийдвэрийг эргэн ярилцахаар боллоо.
Дорнод аймагт газрын тосны компаниуд 170 мянган ам.доллар хандивлажээ
Мөн “Уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгчдээс хандив нэрээр орон нутгийн захиргаа мөнгө авсаар байгаа нь нууц биш. Цаашид газрын тосны үйл ажиллагаа эрхлэгчдээс танай аймаг хандив авах хэрэггүй. Үүнийг албан ёсоор ёс журмаар нь авч, зарцуулалт нь ч ил тод байх зарчимд шилжинэ” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг орон нутгийн удирдлагуудад анхаарууллаа. 2011 онд аймгийн Хөгжлийн санд “Эн Пи Ай” ХХК 50 мянга, “Петрочайна Дачин тамсаг” ХХК 70 мянга, 2012 онд “Эн Пи Ай” ХХК 50 мянган ам.долларын хандив тус тус өгсөн байна.
Газрын тосны үйл ажиллагаа, тэнд ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл байдалтай холбоотой Ерөнхий сайдын сонсголын үеэр орон нутгийн удирдлагын зүгээс шавыг нь тавьсан газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна гэжээ. Засгийн газрын 2011 оны 222 дугаар тогтоолын дагуу зүүн бүсийн гурван аймгийг бензинээр хангах хүчин чадал бүхий жилд 120 мянган тонн газрын тос боловсруулах энэ үйлдвэрийн шавыг Тамсагаас 180-аад км-ийн зайтай орших Булган сумын Зарааны хөндийд тавьсан юм.