Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ашигт малтмалын үнэ хямдарч байхад төсөв тэлсээр

Уул уурхайн салбар улсын төсвийн татварын орлогын талаас илүү хувийг бүрдүүлдэг болсон. Тухайлбал, 2011 онд 56 хувь байв. Харин энэ жил 60 хувьд хүрэх төлөв байлаа. Гэвч дэлхийн эдийн засгийн хямрал, ашигт малтмалын үнийн өнөөгийн байдал зэрэг хүчин зүйлээс шалтгаалж дээрх хэмжээнд  хүрэхгүй нь. Энэ оны эхэнд ашигт малтмалын үнэ өндөр байх үед манай улсын эдийн засгийн өсөлт 16.5 хувьтай гарсан. Гэтэл хагас жилийн байдлаар өсөлтийн хурд буурч, 13.2 хувь болсон. Сүүлийн хоёр жилд ДНБ-ий хэмжээ 34 хувиар өссөн бол эдүгээ 25 гэсэн тооцоо гарч байна. ДНБ-ийг мөнгөн дүнгээр үзвэл 13.5 их наяд төгрөг болох судалгаа бий. Ингээд энэ оны төгсгөлд эдийн засгийн бодит өсөлт 12.4 хувьтай гарах төлөв байгаа юм.

Сүүлийн саруудад зэсийн үнэ 500 орчим ам.доллараар хямдрав

Хятадын гангийн үйлдвэрлэл буурч, коксжих нүүрсний экспорт 10.7 хувиар багасч үнэ хямдарчээ. Ингээд манай улсын нүүрсний экспорт зогсоход хүрэв. Оны эхний найман сарын байдлаар нүүрсний экспорт 28 хувиар буурч, 12 сая тонн нүүрс борлуулсан дүн мэдээ гарсан билээ. Үүнээс гадна бусад ашигт малтмалын үнэ уруудах тал руу өнгийсөн тул манай улсын орлого, эдийн засгийн өсөлт саарахад нөлөөлөв. Шинжээчид  дэлхийн эдийн засгийн энэ таагүй байдал ирэх онд ч үргэлжлэх төлөв бий хэмээн тодорхойлж байгаа. Тэгэхээр  ашигт малтмалын үнэ өсөх нь бүү хэл өнөөгийн төвшнөөсөө битгий буурчихаасай.  Оюу толгойн зэс, алтны орд ирэх онд ашиглалтад орж бүтээгдэхүүнээ гаргаж эхэлнэ. Дээр нь, Таван толгой ордын нүүрс олборлолт хоёр дахин нэмэгдэх төлөв бий. Мөн төмрийн хүдэр, газрын тосны олборлолт өсөх төсөөлөл хийж байгаа юм. Эндээс үзэхэд ашигт малтмалын экспорт буурахгүй байх талтай ч үнэ нь хямдрах эрсдэл байсаар байна. Энэ оны төсвийн тодотголд нэг тонн зэсийн үнийг 7970, боловсруулсан нүүрс 166 ам.доллар хэмээн тооцсон. Гэтэл өчигдрийн байдлаар нэг тонн зэсийн үнэ 7800 орчим ам.доллар болжээ. Сүүлийн саруудад зэсийн үнэ буурах тал руу хэлбийх болсон. Тухайлбал, есдүгээр сард нэг тонн цэвэр зэс Лондонгийн металлын бирж дээр 8300 ам.доллар байв. Гэтэл өнөөдөр таван зуу орчим ам.доллараар хямдарлаа. Үнийн энэ уруудалт хэвээр үргэлжилбэл “Эрдэнэт” үйлдвэрээс  улсын төсөвт оруулах  орлого төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байж мэдэх нь.  Нөгөө талаар коксжих нүүрсний үнэ 23-29 хувиар унаад буй юм.  

34 сая тонн нүүрс экспортлохоор улсын төсөвт тооцжээ

Манай улсын энэ жилийн төсвийн орлогыг зургаан их наяд төгрөг хэмээн баталсан ч ашигт малтмалын үнэ буурч, хүндрэх төлөвтэй болсон билээ. Харин одоо ирэх жилийн  төсвийг ид хэлэлцэж байна. Удахгүй батлагдах ёстой.  2013 онд улсын төсвийн орлого долоон их наяд гаруй төгрөг байхаар тогтоосон. Улсын төсвийн орлогийн гурваас дээш хувийг бүрдүүлэх ашигт малтмалын үнийн төсөөллийг дундажлан тооцдог. Иймд ирэх жил 213 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний татварын орлого улсад оруулах ашигт малтмал манай улсын эдийн засгийг тодорхойлох аж. Үүнд, нөгөө л зэс, нүүрс хамгийн эхэнд багтаж буй юм. Эдгээр ашигт малтмалын үнийн дундаж цаашид ямар талаар  “Bloomberg”, Олон улсын валютын сангийн шинжээчдийн дүгнэлт, гаргасан тооцоог нь авч үзжээ. Тэгээд 2013 оны сүүлчээр нэг тонн цэвэр зэс 6328, боловсруулсан нүүрснийх 131 ам.доллар хэмээн тооцсон аж. Мөн коксжих нүүрсний үнэ 80, чулуун нүүрснийх 60 ам.доллар байх дундаж үнэ гарав.
   Ер нь, ирэх оны улсын төсвийг  ашигт малтмалын олборлолт, экспорт нэмэгдэнэ гэсэн өөдрөг дүнтэй тооцоо хийжээ. Жишээлбэл, сүүлийн жилүүдэд буураад байсан алтны экспорт 19.5 тоннд хүрч 121 тэрбум төгрөгийн татвар төсөвт төлөх юм. Бас төмрийн хүдэр, баяжмалын экспорт бараг 10 сая тонн болно. Ингээд 144 тэрбум төгрөгийн татвар төлөх нь. Харин эдүгээ үнэ нь буурч, борлуулалт нь зогсоод буй нүүрсний экспорт 34 сая тонн болж өснө. Үүний татварын орлого 446 тэрбум төгрөгт хүрэх юм. Хөрөнгө оруулалтын гэрээг нь  өөрчлөх асуудал ч сөхөгдөөд байгаа  Оюу толгойн зэс, алтны ордын баяжуулах үйлдвэрийн бүтээгдэхүүн ирэх жилээс дэлхийн зах зээлд борлуулагдаж эхэлнэ. Иймд зэсийн баяжмалын экспорт нэмэгдэж, 945 мянган тоннд хүрэх төлөв гарчээ. Оюу толгойн баяжуулах үйлдвэр  ирэх онд  382 мянган тонн зэсийн баяжмал, 424 мянган унци алт, 802 мянган тонн мөнгө олборлож борлуулах тооцоо гарав. Энэ бүтээгдэхүүний татвар болох 151 тэрбум төгрөг улсын төсөвт орох тооцоо хийжээ.  Хэрэв Оюу толгой ордын хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулбал улсын төсөвт 445 тэрбум төгрөг нэмэгдэх  юм байна. Өнөөдөр ганц “Эрдэнэт” үйлдвэр л зэсийн баяжмал экспортолж буй. Тус үйлдвэр жилд 500 гаруй мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэдэг. Тэгээд улсын төсөвт мөн 500 гаруй тэрбум төгрөгийн татвар төлдөг судалгаа бий.

Тогтворжуулалтын сангийн орлого ба дэлхийн эдийн засаг

Экспортын гол ашигт малтмалын зах зээлийн ханш болон тэнцвэржүүлсэн үнийн зөрүүгээс  орох орлогийг Тогтворжуулалтын санд төвлөрүүлэх ёстой. Тус санд энэ онд 322 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр улсын төсөвт тусгасан байдаг. Гэтэл уг мөнгийг төвлөрүүлж чадахгүй болсон. Тухайлбал, энэ оны эхний найман сарын байдлаар 25 тэрбум төгрөг л оржээ. Учир нь, нүүрс, зэсийн үнэ савлагаа ихтэй, огцом хямдарсан нь ийм бага орлого ороход нөлөөлсөн аж. Гэвч төсвийн тодотголоор нүүрсний орлогыг бууруулан тооцож уг санд оны сүүлч гэхэд нийт 101 тэрбум төгрөг  төвлөрүүлэх болсон. Харин ирэх онд эл орлого нэлээд өсөх төлөв гарчээ. Одоо хэлэлцэж буй төсвийн төсөлд Тогтворжуулалтын санд 169 тэрбум төгрөг хийх юм. Үүний 103 тэрбум төгрөг нь зэс, үлдсэн мөнгө нь нүүрснийх.  
Гэтэл манай ашигт малтмалын ганц худалдан авагч Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саарч, түүхий эдийн экспорт нь буурах хандлага байгаа. Үүний гол шалтгаан нь евро бүсийн эдийн засгийн хямрал билээ. Олон улсын санхүү, эдийн засагт дүн шинжилгээ хийдэг байгууллагууд  хямрал намжих төлөв ажиглагдахгүй, харин ч  улам дордож мэдэх юм гэсэн тайлбар хийж буй.  Ингээд нүүрс болон бусад ашигт малтмалын үнийг нэлээд доогуур тооцож байгаа аж. Дэлхийн эдийн засгийн энэ таагүй  байдал дуусч сайжрах нь мэдээж.  Тэр үед манай улсын орлого суга өсөх нь тодорхой. Гэвч тэр ирээдүйд хүрэхдээ энэ  хямралыг яаж хохирол багатай  туулж гарах вэ гэдэг нь өнөөдөр чухал болоод байна. Олон улсын эдийн засаг, зах зээлийн шинжилгээний байгууллагуудын мэргэжилтнүүдийн дүгнэлт тооцоо­гоор ирэх онд лав хямралын сүүдэр арилахгүй юм. Тэгэхээр монголчууд бид одоо ирэх жилийн улсын төсвийн орлого,  зарлагаа чамбай тооцохгүй  бол болохгүй нь.
Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан