Төв аймгийн Заамар сумын иргэн Н.Батбаяр хувиараа алт олборлоод арав гаруй жил болж байгаа аж. Ингээд түүнтэй тус сумын нутагт байгаа “нинжа” болон тэдний өнөөгийн байдлын талаар ярилцлаа.
-”Нинжа” нарыг нөхөрлөл, хоршоолол байгуулж ажилла гэж байгаа. Та үүнд хамрагдсан уу?
-Би “Энх мөнх эргэх холбоо” гэдэг нөхөрлөлд орсон. Манай нөхөрлөл “Мон дулаан трейд” компанитай хамтарч ажиллаж байгаа. Олборлолт хийгээд дууссан үед нь бид нар үлдэгдэл дээр нь орж ажилладаг. Энэ нь ч бас ховор л доо. Жишээлбэл, өнгөрсөн зун бид ажилгүй байсан. Учир нь “Мон дулаан трейд” компани “Алтан дорнод Монгол” компанийн талбайг гэрээгээр ашигласан юм. Гэтэл “Алтан дорнод Монгол” биднийг үлдэгдэл дээр нь оруулахгүй гээд зөвшөөрөөгүй. Ингээд бид ажилгүй хоцорсон. Саяхан тэр компаниудын гэрээ дууссан. Одоо “Мон дулаан трейд” өөрийн талбайдаа ажиллаж байгаа. Иймд бид тус компанийн олборлолт хийсэн эхний талбайд нь ганц хоёр удаа орж ажиллаад байна.
-Олон улсын байгууллагын судалгаагаар нэг ченж өдөрт 0.5 гр алт олборлож байна гэдэг. Өдөрт хэдий хэмжээний алт олборлодог вэ?
-Хэцүү л дээ. Тийм зүйл байхгүй. Өдөржин шороо ухаад олохгүй өдөр ч олон бий. Хоногийн хоолоо олохоос хэтрэхгүй нэг сар ч явдаг удаа байдаг. Бас гайгүй олдог үе ч тохионо. Ер нь янз бүр л байдаг юм.
-Та бүхэн сард 50 мянган төгрөгийн татвар төлөх ёстой. Үүнийг дийлэнх нь төлдөггүй гэдэг. Жишээлбэл та төлдөг үү?
-Энэ бол дэндүү өндөр татвар л даа. Бид тэр татварыг төлөөд аж амьдралаа зохицуулаад явна гэдэг бол хүндрэлтэй. Алт л олохгүй бол бидэнд ямар өөр цалин, орлого байх биш.
-Танай нөхөрлөл олборлосон алтаа хаана борлуулдаг вэ?
-Манайх бол үлдэгдэл дээрээ оруулсан компанидаа өгдөг. Бид амьжиргаагаа залгуулахын тулд ажилгүй үедээ хувиараа олт олборлохоор явна. Тэгээд тэр олборлосон алтаа ченжүүдэд өгнө. Тэр алт бол урагшаа л гардаг байх. Компанид өгсөн нөхцөлд Монголбанкинд тушаагддаг юм.
-”Нинжа” нарын тоо буурсан бас нэмэгдсэн гээд янз бүрийн тоо, судалгаа гардаг. Заамарт одоо яг хэдэн “нинжа” байгаа бол. Та багцаагаар мэдэж байна уу?
-Ер нь олон доо. Багцаагаар гурав дөрвөн мянган хүн байгаа биз. Тогтсон газар байхгүй болохоор энд тэнд газар ухаад л явж байгаа. Уурхайнуудын урьд нь ашиглаад хаясан талбай энд тэнд л бий. Заамарын ар тэр чигээрээ л уурхайн хаягдал болсон. Түүн дээр л “нинжа” нар хэсэг бүлгээрээ тарчихдаг юм.
-Тэгэхээр нөхөн сэргээлт хийсэн талбай байхгүй гэсэн үг үү?
-Ойрын хоёр гурван жилд “Мон дулаан трейд”, “Шижир алт” компаниуд нөхөн сэргээлт хийж л байна. Гэвч тэд яг байгалийн тогтоц шиг нь нөхөн сэргээж чадахгүй байгаа шүү дээ. Тухайлбал ухсан газрынхаа дунд нэг нуур үлдээх тохиолдол бий. Түүнд нь мал унаж үхэх, хүн осолдох явдал гардаг юм.
-”Нинжа” нар алттай шороогоо яаж угааж байна. Мөнгөн ус, цианит зэрэг химийн бодис хэрэглэж байгаа юу?
-Заамар шороон ордтой тул мөнгөн ус бараг хэрэглэдэггүй. Төмпөнд шороогоо хийж усаар угаадаг. Бас хуурай аргаар алт ялгадаг нэг хэрэгсэл байдаг юм.
-”Нинжа” нар металл хайгч их ашигладаг болсон гэдэг. Энэ нь ямар үнэтэй, хаанаас оруулж ирдэг юм бол?
-Металл хайгч янз бүрийн үнэтэй л дээ. Ер нь том жижгээсээ хамаарч 1-10 сая төгрөгийн хооронд л байдаг.
-Худалдаж авсан мөнгөө хэдий хугацаанд эргүүлж олдог вэ?
-Янз бүр байдаг байх. Зарим нь худалдаж авсан мөнгөө ололгүй нэг жил ч болдог л юм. Металл хайгч ашиглахад зовлон их бий. Наад зах нь түүнийгээ бариад явж байхад цагдаа таарвал хураагаад л авдаг. Тэгээд аргалж байгаад хэдэн төгрөгөөр торгуулаад авна шүү дээ.
-”Нинжа” нар компаниудын лицензын талбайд нэвтэрч зодоон, хэрүүл маргаан нэлээд гаргадаг гэдэг. Заамарт ийм явдал хэр гардаг юм бол?
-Тийм зүйл гарна л даа. Өнгөрсөн хавар “Алтан дорнод Монгол” компанийн хамгаалагч нэг малчин залууг зодож амийг нь хөнөөсөн хэрэг гарсан. Талийгаач бол “нинжа” хийж байгаагүй малчин хүн. Сумын төв орж хэрэгцээний бараагаа аваад гэр өөдөө буцах замд нь ийм эмгэнэлт явдал болсон. Тухайн үед “нинжа” нар тэр компанийн лицензтэй талбай руу дайрч ороод гарсан юм билээ. Гэтэл хамгаалагч нар нь түүнтэй таарч дайрч орсон хүмүүсийн нэг байна гээд л тийм хэрэг гарсан. Ийм хэрэг ер нь олон гардаг. Хууль зөрчих асуудал ч их бий. Одооноос арай гайгүй болж байна.
-Нөхөрлөлийн хэлбэрт шилжихээр ямар үр дүн гарч байна вэ?
-Уг нь боломжийн юм. Гэхдээ ажилгүй удаан хугацаанд сууна гэдэг л чанга. Зөвхөн олборлолт хийсэн газрын хаягдал дээр л ажиллаж байгаа тул түүнийг хүлээхэд их хэцүү. Хоногийн хоолоо залгуулах хэрэгтэй биз дээ. Нөгөө талаар компаниуд биднийг оруулсан тэр талбайгаа булах гээд яардаг. Бид нарт нэг хоёр цаг, өдөр гээд янз бүрийн хугацаа зааж оруулдаг юм. Энэ хооронд олох, олохгүй бас хэцүү л байдаг.
-Нөхөрлөл болж нэгдсэн “нинжа” нарт тэр хаягдсан талбайд ажиллах лиценз олгодог болсон юм биш үү?
-Тийм зүйл манай Заамарт лав байхгүй. Талбай ч олддоггүй юм. Хууль журмандаа бол тиймэрхүү заалт байна лээ. Бид нар л компанитай гэрээ хийж ажиллаж байгаа болохоос биш бусад “нинжа“ бол хулгайн журмаар шахуу л алт олборлодог.
-Нэг гр алт ямар үнээр борлуулж байна вэ?
-Хувь хүнд борлуулахад нэг гр нь 50-60 мянган төгрөг байгаа.