Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.ДАМБА: “ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” КОМПАНИ Л ӨРӨӨ ТӨЛЖ НҮҮРС ЭКСПОРТОЛЖ БАЙГАА

Монголын уул уурхайн ассоциацын ерөнхийлөгч Д.Дамбатай ашигт малтмалын үнэ ханш, гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдлын талаар ярилцлаа.
 

-Эдийн засгийн хям­ра­лын нөлөөгөөр дэлхийн зах зээл дээр  ашигт малтмалын үнэ хямдарч байна. Ер нь ойрын хугацаанд сэргэх янз бий болов уу?
-Ашигт малмалын үнээр дамжиж манай улсад хямрал нүүрлэх төлөвтэй боллоо. Эдийн засгийн шинжээч, судлаачид ашигт малтмалын үнэ ойрын хугацаанд сэргэнэ гэж хэлэхгүй байна л даа. Яагаад гэвэл дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр ойрын нэг, хоёр жилд Хятадын гангийн үйлдвэрлэл сэргэх төлөв харагдахгүй байгаа юм. Иймд гангийн үйлдвэрлэлд гол хэрэглээ болдог манай коксжих нүүрсний борлуулалт буурсан. Одоо Өмнөговь аймагт нүүрс экспортолж буй компани цөөхөн болсон.
Тэгээд энэ нь  улс орны эдийн засаг, ард түмний амьдралд хүнд цохилт болох нь. Энэ нь ямар нэг буруу үйл ажиллагаанаас шалтгаалаагүй. Дэлхий нийтээр нэрвэгдэж буй давагдашгүй хүчин зүйлтэй тулгарлаа.
Гэхдээ бид өнөөдөр үүнийг яаж хохирол багатай давж гарах вэ гэдгээ л бодох ёстой. Нүүрс борлогдохгүй, үнэ ханш нь унасан өнөө үед зэс, алт борлуулах хэрэгтэй гэж бодож байна. Одоогоор зэс, алтны үнэ дэлхийн зах зээл дээр учиргүй буураагүй, боломжийн байгаа. Иймд Оюу толгойгоо эргэлтэд оруулж, үйлдвэрийнх нь нээлтийг хийх нь зүйтэй болов уу. Энэ нь төрийн бодлого, компаниудын үйл ажиллагаа, идэвхи чармайлтаас л хамаарна.
-Тэгэхээр нүүрсний экспорт ер нь зогсчихсон гэсэн үг үү?
-Тийм. Экспорт зогссон гэж хэлж болно. “Эрдэнэс Таван толгой” компани Хятадын төрийн өмчит “Чалко” компанид их хэмжээний зээл тавьсан шүү дээ. Тэр мөнгөө  ард түмэнд бэлнээр тараасан. Одоо энэ өрөө төлж л нүүрс  гаргаж өгч байгаа. Өнөөдөр нэг тонн нүүрс олборлоод тээвэрлэх зардал, борлуулах үнэ адилхан болсон. Иймд хувийн хэвшлийн компаниуд үйл ажиллагаагаа зогсоосон юм. Зарим нь ажилчдаа түр амраасан л даа. Энэ жил 30 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Гэвч 15 сая тоннд хүрэх хандлага бий.  Гэтэл өнгөрсөн жил 22 сая тонныг экспортолж байлаа.
-Сүүлийн жилүүдэд төмрийн хүдрийн экспорт эрс өссөн. Уг ашигт малтмалаа боловсруулах нь зүйтэй гэж ярьдаг.  Энэ ажил ямар шатанд яваа юм бол?
-Төр засгаас төмрийн хүдрээ экспортлохгүй байх эдийн засгийн механизм хийж  байгаа. Энэ нь зөв алхам гэж би хувьдаа дэмждэг. Дор хаяж баяжуулаад экспортлох хэрэгтэй. Уурхайгаас шууд ачаад хүдрээр нь борлуулахаар үнэ хүрдэггүй, бөөн зардал болдог юм. Ашигт малтмалын хуульд нэмэлт  өөрчлөлт оруулаад өнгөрсөн жил нөөц ашиглсаны төлбөрийг үе шаттай тогтоосон.  Тэгэхээр үүнд зааснаар түүхий эдээр нь гаргавал хамгийн өндөр татвар төлнө. Ингээд төмрийн хүдрийн экспорт эрчимжээгүй. Гэвч тодорхой хэмжээгээр экспортолж л байгаа. Ер нь эцсийн бүтээгдэхүүнд чиглэсэн үе шаттай ангилалтай татвар тогтоох нь зүйтэй л дээ.
-Стратегийн орд газруудын гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоох хууль батлагдсан. Энэ хуулиар Монголын тал 51 хувийг эзэмших ёстой гэж байгаа. Үүнээс болоод уул уурхайн салбарт орж ирэх хөрөнгө оруулалт багассан гэдэг. Байдал ямар байна вэ?  
-Энэ хуулиас болоод гадаадын хөрөнгө оруулагчид үргээд байгаа зүйл алга. Хөрөнгө оруулагчид,  хувийн хэвшлийнхэн Ашигт малтмалын хууль яаж шинэчлэгдэхийг л хүлээсэн байдалтай байна. Урьд нь орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт, бизнес хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Шинээр нэмж хөрөнгө оруулалт татахдаа аль аль талдаа хохиролгүй байхыг бодолцсон хууль эрх зүйтэй байх нь бидний хувьд чухал юм.
-Ашигт малтмалын хуулийг ойрын үед хэлэлцэх болов уу?
-Хуулийн төсөл Ерөнхийлөгчийн тамгын газарт очсон байгаа. УИХ-д хэзээ өргөн барьж хэлэлцүүлэхийг хүлээж байна. Үүнийг төрийн байгууллагууд л шийднэ. Бид  Ашигт малтмалын хуулийн өөрчлөлт шинэчлэлтээ ойрын хугацаанд хийгээд жигдрээсэй л гэдэг. Хүлээлтийн байдалтай байна гэдэг бол аливаа бизнест том цохилт, алдагдал юм.
-Уул уурхайн салбарт жилд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирж байгаа вэ?
-Урьд нь жилд нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт орж ирдэг байсан. Энэ жилийн гүйцэтгэл арай гараагүй байна. Ер нь  уул уурхайн салбарт сүүлийн жилүүдэд нийт  зургаан тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн гэсэн тооцоо бий.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан