Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газраас Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, шүүх хуралдааныг шууд дамжуулах нөхцөлийг бүрдүүлэх нь” сэдэвт уулзалтыг танхим болон цахим хослуулан 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтад Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ууганбаяр, Мэдээллийн аюулгүй байдал, технологийн албаны дарга Б.Энхтөр, Эрүүгийн хэргийн танхим хариуцсан ахлах референт М.Хатанзориг, Шүүхийн академийн Мэдээллийн төвийн дарга С.Насанжаргал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн удирдлагын газрын Мэдээлэл технологийн ахлах референт Г.Мөнхбаяр, Хуулийн хэлтсийн дарга Б.Оюунгэрэл, Мэдээллийн төвийн дарга М.Наранчимэг, нийслэл, аймгуудын анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга, холбогдох мэргэжилтнүүд оролцсон юм.
Уулзалтын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн удирдлагын газрын Мэдээлэл технологийн ахлах референт Г.Мөнхбаяр “Нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст байршуулах журам”-ын талаар танилцуулга хийж, “Шүүх бүр өөрийн цахим хуудаст цэс үүсгэж, шүүх хуралдааны бичлэгийг байршуулна. Шүүх хуралдааны бичлэгийг шийдвэр албажиж гарснаас хойш ажлын таван өдрийн дотор, гурван хоногийн хугацаатай шүүхийн цахим хуудаст байршуулна. 2025 онд 50-60 шүүх хуралдааны танхимыг хууль болон журмын шаардлагад нийцсэн төхөөрөмжөөр хангахаар ажиллаж байна” гэдгийг тодотгож байв.
Түүнчлэн Улсын дээд шүүхийн Мэдээллийн аюулгүй байдал, технологийн албаны дарга Б.Энхтөр Монгол Улсын дээд шүүхийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлж буй байдал, шүүх хуралдааны шууд дамжуулалтын үеэр ашиглаж буй техник, технологи, ДАН системээр шүүх хурлыг хэрхэн үзэх талаар мэдээлэл өгсөн юм.
Харин Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим хариуцсан ахлах референт М.Хатанзориг “Авлигын гэмт хэргийн шүүх хуралдааныг нээлттэйгээр дамжуулах зохицуулалтын хэрэгжилт, анхаарах асуудлууд” сэдвийн хүрээнд тухайлан танилцуулга хийв.
Мөн Шүүхийн академийн Мэдээллийн төвийн дарга С.Насанжаргал “Шүүхийн суваг” Фейсбүүк хуудсаар бүх шатны шүүхүүдийн шууд дамжуулалт болон цаг үеийн мэдээллийг нэгтгэн мэдээлж буй талаар мэдээлэл өгч, түгээлтэд анхаарч дэмжиж ажиллахыг хүсэв.
Уулзалтад оролцогчид шүүх хуралдааны шууд дамжуулалтай холбоотой журмын талаар мэдээлэл авч, Улсын дээд шүүхийн адил ДАН системийг ашиглан цахим хуудсаар шууд дамжуулалт явуулах боломж бусад шүүхэд хэзээ бүрдүүлэх, цахимжилттай холбоотой хүний нөөцийг нэмэгдүүлэх, техник хэрэгслээр хангах шаардлагатай байгаа талаар ШЕЗ-д санал гаргаж, мэдээлэл солилцлоо.
Уулзалтыг хааж, Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр “Өнөөдрийн уулзалтын зорилго нь шүүх хуралдааны шууд дамжуулалтыг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд нэгдсэн ойлголтод хүрэх, гарц шийдлийг ярилцах, санал солилцоход оршиж байна. Энэ ажлыг орон даяар жигдрүүлэхэд Улсын дээд шүүхээс Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Манай Тамгын газраас туршлага, мэдээллээ нээлттэй хуваалцана. Хуулийн хэрэгжилтийг богино хугацаанд үр дүнд хүргэхэд Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүхүүдийн Тамгын газрын хамтын ажиллагаа, оролцоо чухал” гэдгийг онцоллоо.