Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Сор кашемир”, “Сноу Филдс”, “Улаанбаатар хивс” компанид ажиллалаа.

Ерөнхийлөгч малын гаралтай түүхий эдийн үнэ цэнтэй болгох зорилгоор “Цагаан алт” үндэсний хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн дүнд олон улсын стандартад нийцсэн өрсөлдөх чадвартай, гарал үүсэл, чанарын баталгаатай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт нэмэгдэж, малын гаралтай түүхий эдийн үнэ цэн өснө. Энэ хэрээр малчдын орлого, амьжиргаа сайжирч, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбар шинэ шатанд гарах юм.

“Сор кашемир” ХХК 13 аймгаас жилд 800 тн ноолуур бэлтгэхийн зэрэгцээ 200 орчим тн тэмээний ноос, 30 гаруй тн сарлагийн хөөвөр, 200 гаруй тн хонины ноосыг боловсруулж, цэвэр утас, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Бүтээгдэхүүнээ дэлхийн 17 оронд гаргадаг бөгөөд дотоодын 150 гаруй сүлжих цехийг ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөврөн ээрмэл утсаар хангадаг.

Цаашид хялгас ялгах үйлдвэрээ өргөтгөхөөр төлөвлөсөн тухай компанийн удирдлага танилцууллаа.

“Сноу Филдс” ХХК Дорнод аймгийн гурван сумын 360 малчин өрхтэй хамтран ноос, ноолуураа бэлтгэж, жилд 50 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэн Япон, ОХУ, Украйн, Франц, АНУ, Щвейцари, Герман, Солонгос улсад экспортолж байна.

Мөн жилд 70 тн ноолуур, ноос, хөөврөн утас үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлдэг. Цаашид байгальд ээлтэй ээрсэн утас, сүлжсэн деталийг дахин боловсруулах дамжлага суурилуулж, хуучин ноос, ноолууран хувцсыг ээрмэл утас болгож эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм байна.

“Улаанбаатар хивс” ХК Алтанбулаг, Алтан өргөө, Саян, Улаанбаатар зэрэг нэр төрлийн цэвэр ноосон хивс үйлдвэрлэдэг. Жилд дунджаар 55-60 мянган м2 хивс зах зээлд нийлүүлж байгаа нь дотоодод үйлдвэрлэдэг нийт хивсний 10-12 хувь юм.

Хивсний 30-35 хувийг БНХАУ-д нийлүүлдэг бөгөөд тоног төхөөрөмжөө шинэчилж, хүчин чадлаа нэмэхээр төлөвлөжээ.

“Цагаан алт” үндэсний хөтөлбөр цаг үеэ олсон, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар хөгжих, малчдын орлого нэмэгдэх зэрэг олон давуу талтайг аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд хэлж байлаа.

Энэ жил аж ахуйн нэгжүүдэд нийт 800 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөсөн. 2025 оны 02 дугаар сарын 01-нээс хойш аж ахуйн нэгжүүд 100 гаруй тэрбум төгрөгийн зээл аваад байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх малчидтай хамтран ажиллахын зэрэгцээ олон арван ажлын байр бий болгон, эцсийн бүтээгдэхүүнээ дотоод, гадаадын зах зээлд нийлүүлж, татвараа төлж байгаа аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд талархал илэрхийллээ.

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж нийт 8,000 гаруй ажлын байр бий болгоно. Хөтөлбөрийн дүнд ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг одоогийн 20 хувиас 40 хүртэл хувь, үйлдвэрлэлийг 1,5 их наяд төгрөгөөс 2,3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр гурван мянга гаруй ажлын байр бий болох юм.

 Мөн:

  • Ноосны боловсруулалтын түвшнийг одоогийн 25 хувиас 55 хүртэл хувь, үйлдвэрлэлийг 240 тэрбум төгрөгөөс 670 тэрбум төгрөг, экспортыг 52 сая ам.доллароос 119 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 2,200 орчим ажлын байр,
  • Арьс, ширний боловсруулалтын түвшнийг одоогийн 30 хувиас 50 хүртэл хувь, борлуулалтыг 57,8 тэрбум төгрөгөөс 900 тэрбум төгрөг, экспортыг 9,6 сая ам.доллароос 22,4 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3,000 гаруй ажлын байр бий болно гэж тооцоолж байна.

Үүний зэрэгцээ мал аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортын хэмжээ хоёр дахин нэмэгдэж, 800 орчим сая ам.долларт хүрэх юм.

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн нийт төсөв 2.19 их наяд төгрөг бөгөөд үүнээс 680 гаруй тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Арилжааны банкууд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд 1,5 их наяд төгрөгийн зээл олгох бөгөөд гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг “Цагаан алт” хөтөлбөртэй уялдуулна.

Манай улс жилд дунджаар 50 орчим мянган тн ноос, ноолууран түүхий эд бэлтгэх нөөцтэй.

Үүний 37 мянган тн нь хонины ноос, 10 мянга нь ямааны ноолуур, 2,000 нь тэмээний ноос, 400 тн нь сарлагийн хөөвөр байна. Эдгээрийн 70 гаруй хувийг нь зөвхөн угаагаад экспортод гаргадаг юм.

Нийтэлсэн: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан