Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн найман сумын 2700 гаруй иргэнтэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар Ховд аймгийн найман суманд (Алтай, Үенч, Булган, Мөст, Жаргалант, Ховд, Эрдэнэбүрэн, Буянт) ажиллаж, 2700 гаруй иргэнтэй уулзлаа. Уулзалтын үеэр 156 иргэн 300 гаруй асуулт асууж, хариулт аваад байна.

Ховд аймгийн Буянт суманд ажиллах үеэрээ УИХ-ын намрын чуулган завсарласан энэ цаг хугацаанд УИХ-ын гишүүд тойргуудаараа ажиллаж, орон нутгийн иргэдэд батлагдсан хуулиудыг танилцуулж, тэдний дуу хоолойг сонсож, бодлого шийдвэртээ тусган ажиллах нь зүйтэй гэдгийг уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дурдлаа.

Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 126 гишүүнтэй анхны парламент намрын чуулганаараа улстөржилтөөс үүдсэн 30 жилийн хугацаанд гацсан мега төслүүдийг хөдөлгөх эхний алхмыг хийж чадсан гэв. Өөрөөр хэлбэл, улс төрийн таван нам, эвслийн төлөөлөл, салбар бүрийн мэргэжилтнүүдээс бүрдсэн УИХ нэлээд эрчимтэй, асуудлыг тал бүрээс хэлэлцэж, олон ургалч үзлийг дэмжин ажиллаж байна.

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөгөө баталсан. Тус төлөвлөгөөнд хууль иргэн рүүгээ хандсан, хүн төвтэй, хүнийхээ эрхийг хамгаалсан, хангасан байхад чиглэн ажиллахыг эрхэм зорилгоо болгоод байна гэлээ.

Орон нутгийн иргэдийн зүгээс хууль иргэнд үйлчлээд, албан тушаалтнуудад хүрэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа учраас Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөө буюу хууль, эрх зүйн шинэчлэл Гурван төгөлдөршил бодлогыг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Ховд аймгийн Буянт сумын иргэд газрын ховор элементийн Халзан бүргэдэй ордыг ашиглахгүй байх, 1981 онд баригдсан эмнэлгийн барилгыг шинэчлэх, сургуулийн спорт заалыг өргөтгөх, татвар болон зээлийн хүү дарамт үүсгэж байгаа зэрэг асуудлыг шийдвэрлэх талаар санал хэлж байлаа.

Улсын Их Хурлын даргын зүгээс сумдад шаардлагатай дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудыг эрэмбэлж, нэн шаардлагатай ажлуудыг ирэх жилийн төсөвт тусгах талаар дурдаад Буянт сумын эмнэлгийн барилга, спорт заалны асуудлыг шийдвэрлэнэ гэлээ.

Түүнчлэн Халзан бүргэдэй ордын асуудалд иргэдийн санал, бодлыг онцгойлон анхаарч, холбогдох шийдвэр гаргана гэв.

Алс хязгаар нутагт амьдран суугаа Ховд аймгийн иргэд олон нийт, сум, орон нутгийн амьдрал ахуйтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг УИХ-ын дарга сонсож, шийдвэрлэхээр ажиллаж буйд талархалтай байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан