“Харбин-2025” Азийн өвлийн спортын наадмын зургаа дахь өдөр уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 25 тамирчин оролцож байгаа бол манай улсаас дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (30.64 оноо), дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (26.32 оноо) нар өрсөлдлөө.
Өнөөдрийн богино үзүүлбэрийн дараах байдлаар ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын хүрэл медальт Каори Сакамото (75.03 оноо), ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (71.88 оноо) нар тэргүүлж байна. Харин Монголын тамирчин Г.Марал-Эрдэнэ 16, О.Мишээл 19 дүгээр байрт бичигдэж байна. Чөлөөт үзүүлбэрийн дүн гарсанаар медалийн эзэд тодорно.
Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам энэ. О.Мишээл зургаа дахь гараа, Г.Марал-Эрдэнэ ес дэх гараанд гарч үзүүлбэр үзүүлнэ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болж байна.
Эх сурвалж: Биеийн тамир спортын хороо