Манай улсад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна гэж хүн бүр л ярьж байна. Үүнийг дагаад иргэдийн худалдан авах чадвар ч муудаж байгааг худалдаа наймаа эрхлэгчид үзэж байлаа. Тэгвэл бид “Хүчит шонхор буюу Дэнжийн 1000-ын захыг зорин очиж, махны үнэ ханш ямар байгааг сурвалжиллаа. Тус худалдааны төвд өглөө долоон цагт очиход мах зарж буй худалдаачид хөл ороом их байх авч харин худалдан авагч иргэд тун хомс дүр зурагтай байлаа. Худалдаа наймаа эрхлэгчдээс энэ талаар тодруулахад иргэдийн эдийн засгийн чадамж буурч, тус захыг зорьж ирэх нь эрс багасаад байна гэж байв.
Ченжүүдээс гадна аймгуудаас зорьж ирсэн малчид мах худалдаалж байлаа. Тэдний хувьд өнгөрсөн хаврын зудаар малаа ихээр алдсан учраас махны нийлүүлэлт бага байгаа учраас үнэ нэмэгдсэн. Мөн “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд их хэмжээний зээл олгосноос үүдэж, малын үнэ орон нутагт өндөр байгаатай холбоотой. Би ченжид махаа өгөхгүйгээр өөрөө худалдаалж байна. Өөрсдөө зарж хэдэн төгрөг олж, зээл болон цагаан сарын бэлтгэлээ базаана гэж байв. Махаа жижиглэн болон бөөний үнээр худалдаалж байна” гэв.
Нойтон махны олдоц их ховордсон
Худалдагч Нараа “Ченж гэхээсээ илүү малчид махаа их үнэтэй худалдаалж байна. Энэ нь зуднаас шалтгаалж, ингэж өсөөд байх шиг байна. Энэ жил махны үнэ ерөөсөө буусангүй. Иргэдийн худалдан авах чадвар их муудсан. Өмнө нь өдөрт 100 орчим гулууз зарж байсан бол өнөөдрийн байдлаар 20 орчмыг л зарж байна. Иргэд гулуузаар мах авах нь эрс багассан. Голчлон өрөөлдөж, таллаж авч байна. Мөн махны олдоц их ховордсон. Өвлийн улиралд малчид малаа зарахгүй байгаатай холбоотой байх. Нойтон махны нийлүүлэлт муудсан. Харин хөлдөөсөн махны олдоц хэвийн байна” гэв.
Махны худалдаачин “Энэ жил мах их үнэтэй байна. Өглөө үүрээр ирэхэд мах бөөний үнэ нь 12 мянгатай байх жишээтэй. Хамгийн бага ууц 350-450 мянгын ханштай байна. Ямааны мах 8500-9000 мянгын хооронд байна. Өнгөрсөн жилийн энэ үед хонины мах ийм ханштай байсан бол энэ жилийн хувьд хонины махны бөөний үнэ 11.000 мянгаас буухгүй байна. Мөн дэнжийн 1000-ын зах дээр мах зарахад 45 мянган төгрөгийн татвар төлдөг байсан бол 2025 оны 1-р сарын 1-нээс энэ мөнгө 90 мянга болж өссөн. Бидний татвар нэмэгдэж байгаа учраас бидэнд үнэ нэмэхээс өөр арга байхгүй байна” гэлээ.
Махны үнийн хувьд хонины мах жижиглэнгээр 14.000-15.000 төгрөг, ямааны ястай мах 11.000-12.000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Харин үхрийн мах 18500-21.500 төгрөг, адууны мах жижиглэнгээр 10.000-10.500 төгрөгийн ханштай байв. Мөн үхрийн мах бөөндөө 14500, адууны мах 7500, хонины мах 11500, ямааны мах 7500 төгрөгийн ханштай байна. Харин үхрийн өвчүү килограмм нь 16500 төгрөг, үхрийн булууны яс нэг ширхэг нь 3000 төгрөгийн үнэтэй байна.
Малчид хонины ууц зарж эхэлжээ. Тодруулбал, хонины ууцны үнэ 350 мянгаас эхэлж байв. Хамгийн үнэтэйн жингээсээ хамаараад 700 мянга хүртэл үнэтэй байлаа.
Үнийн хөөрөгдөл арай л байна
Иргэн Дугарсүрэн “Тэтгэвэр нэмэгдсэн ч сарын хоол хүнсэнд хүрэхгүй байна. Хүнс барааны үнэ өдөр өдрөөр нэмэгдэж байна. Миний хувьд өнөөдөр 1.5 грамм үхрийн мах аваад явж байна. Энэ жил мах их үнэтэй байна. Бөөний үнэ гэхэд л хонины мах 12 мянгаас эхэлж байна. Ууц хамгийн багадаа 350 мянгаас эхлээд 700 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Энд үнэтэй байгаа юм чинь бусад газар бүр үнэтэй байгаа байх. Үнийн хөөрөгдөл арай л байна. Саяхан 1072 хувьцааны мөнгө тараасан нь үнэд нөлөөлсөн байх гэж бодож байна” гэлээ.
Иргэн Отгонбаяр “Махны үнэ их өндөр байна. Манайх 5 ам бүлтэй. Хоёр сар болоод Хүчит шонхороос мах худалдаж авдаг. Өнгөрсөн 11 сарын эхээр хонины мах бөөндөө 9500 төгрөгийн үнэтэй байсан. Одоо 12.000 төгрөгөөр худалдан авч байна. Хоёр сарын дараа ирэхэд үнэ нэмэгдсэн байна. Манайд улсад үнэ нэмэгдэхгүй юм байхгүй байна” гэлээ.
Нийтэлсэн: О.Ундармаа