ОХУ-ын эрх баригчид Нанна-Лугара нэртэй хөтөлбөрийг үргэлжлэхийг хүсэхгүй байна. Энэ хөтөлбөрийг хүрээнд АНУ нь задран унасан Зөвлөлтийн цөмийн зэвсгийн илүүдлийг устгаж байсан юм. Өөрөөр хэлбэл хэт хуучирсан цөмийн пуужингийн хошууг цахилгаан станцад ашиглах хэмжээнд хүртэл баяжмалыг нь бууруулан ашиглаж байв. Энэ хөтөлбөрийн хүрээнд цөмийн төдийгүй биологийн болон химийн зэвсгийг устгаж байсан юм.
Гэтэл газрын тосны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор Оросын эдийн засаг сэргэж, дэлхийн эдийн засгийн төдийгүй улс төрийн үзүүлэх нөлөө ч нэмэгдсэн. Үүнийг дагаад сул дорой байх үедээ АНУ-тай байгуулсан олон гэрээгээ цуцалж, өөрчилж эхэлсэн билээ.
Үүний нэг нь энэ гэрээ юм.
Оросын тал гадаадын тусламжгүйгээр хуучирсан цөмийн пуужингийн цэнэгээ өөрсдөө аюулгүй болгох чадвартай гэж үзсэн байна.
Ингээд ч зогсохгүй америкчууд найман тэрбум ам.доллар зарцуулан хэрэгжүүлж байгаа төсөл их “но”-той гэж үзжээ. Учир нь төслийг хэрэгжүүлэх явцад Америкийн тал Оросын үй олноор хөнөөх зэвсгийн талаар хэт их мэдээлэл авч байна гэж тооцсон байна.
Үүний хариуд АНУ-ын Төрийн департаментын эх сурвалж нь “Энэ хөтөлбөр нь цөмийн цэнэгт хошууг байхгүй болгох гээд АНУ-аас ОХУ-д зүгээр нэг мөнгө өгөөд байгаа юм биш. Хорт бодисыг ажиглах ба аюулгүй болгох, ийм төрлийн объектуудыг хамгаалахад хамтран ажиллахад л гол үнэ цэнэ нь байгаа юм” гэсэн байна.
Улмаар энэ хөтөлбөрийг дуусгавар болгосноор ОХУ-ын нутаг дэвсгэр дээрх үй олноор хөнөөх зэвсгийн агуулахын харуул, хамгаалалт муудах аюултай гэдгийг АНУ-ын тал мэдэгджээ.
ОХУ-ын тал нь эдийн засаг, улс төрийн гүн хямралын үед байгуулсан гэрээг дахин байгуулж, өөрийн улсын ашиг сонирхлыг хамгаалахын тулд л ийм алхам хийж байгаа гэдгээ далдуур ойлгуулж. АНУ ч оросуудын эрх ашгийг арай бага шамшигдуулсан гэрээ байгуулахад дахин ажиллахад бэлэн байгаагаа мэдэгджээ.
Энэ гэрээний хүрээнд аюулгүй болгож байгаа хуучин Зөвлөлтийн үеийн пуужингийн цөмийн цэнэгт хошуу асар олон. АНУ болон бусад улсын олон цахилгаан станц энэ уранаар ажиллаж байгаа юм. Энэ гэрээ 2013 онд дуусах болохоор дараа жилээс эхлэн дэлхийн зах зээл дээрх ураны үнэ зөвхөн эрэлтээс шалтгаалан өөрчлөгдөх болно. Өөрөөр хэлбэл, тууштай өсч эхэлнэ. Харин энэ бол манай улсад байгаа ураны уурхайнуудыг ашиглах гарцаагүй байдалд оруулах байх гэж үзэхэд хүргэж байгаа юм.