Б.Шатараас уурхайн өнөөгийн байдлын талаар тодруулсан юм.
-Өвлийн бэлтгэлээ хэр хангав?
-Боломжийн хэмжээнд хангасан. Гэхдээ хөрс хуулалт жаахан дутуу. Үүнээс гадна дизелийн түлш нөөцөлж амжаагүй байна. Цахилгаан станцаас нүүрсний мөнгөө авчихвал шатахууны нөөцөө бэлдэнэ.
-Танай уурхай энэ жил хэчнээн тонн нүүрс олборлох вэ?
-Дорнодын цахилгаан станцад ирэх өвөл 380 мянган тонн нүүрс нийлүүлнэ. Үүнээс гадна ард иргэдэд 450 мянган тонн нүүрс борлуулах төлөвлөгөө бий. Ер нь, жилд 1.3 сая тонн нүүрс борлуулах боломж бий. Одоо уулын ажлын төлөвлөгөөгөө гаргаж байна. Аравдугаар сарын эхээр ашигт малтмалын газарт аваачиж өгөх ёстой.
-Нүүрсний үнэ нэмэх санал удаа дараа тавиад байгаа. Энэ талаар ямар нэг шийд гарах нь уу?
-Манай уурхай нэг тонн нүүрснээс 3000 төгрөгийн алдагдал хүлээдэг. Эрчим хүчний зохицуулах хороо нэг тонн нүүрсээ хэдэн төгрөгөөр нэмэх судалгаа, тооцоо хийж өг гэсэн.
Одоо үүнийг бэлдэж байна. Нэг тонн нүүрсээ 12700 төгрөгөөр борлуулдаг болбол алдагдалгүй ажиллах юм. Цахилгаан станцтай хуучин үнээрээ нүүрс борлуулах гэрээ хийсэн. Хэрэв үнэ нэмэгдвэл гэрээнд бага зэрэг өөрчлөлт орох байх.
-Уурхайн өр, авлагын байдал ямар байгаа вэ?
-Манай уурхай банкнаас 450 сая төгрөгийн зээл авсан. Үүнийгээ төлж чадахгүй л байна. Нүүрсний үнэ нэмэгдвэл төлөх боломжтой болох байх. Цахилгаан станцаас 620 сая төгрөг авах ёстой. Одоо болтол энэ мөнгөө авч чадаагүй.