Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зэсийн баяжмал “ажилдаа орж” нүүрс түр “амсхийв”

Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд 17 хувиар өссөн. Энэ онд ч уг хурдаа алдахгүй хэмээн таамаглаж байв. Эдийн засгийн ийм огцом өсөлт нь нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын үнэ дэлхийн зах зээл дээр өсч, манай экспорт нэмэгдсэнтэй холбоотой. Тэр дундаа нүүрс улсын төсвийн гол орлогыг тодорхойлогч болж зэсийн баяжмалыг ардаа орхисон билээ.  Ийнхүү нүүрсний үнэ дээш тэмүүлж байх үед Монголыг сонирхсон гадаадын хөрөнгө оруулагчдын хурал чуулган шил шилээ даран болж “Монголын эдийн засгийн хурдасгуур нь нүүрс” хэмээн тодорхойлж байгаа.
Тэгээд энэ онд  30 сая тонн, ирэх хоёр жилд 50 сая тоннд хүрэх зураглал хийгээд байгаа.  Гэтэл энэ оны хоёрдугаар хагасаас хойш нүүрсний үнэ хямдарч эдүгээ экспорт нь зогсоход хүрлээ.
Нүүрс ингэж үнэгүйдсэн нь дэлхийн эдийн засгийн хямрал, манай ганц худалдан авагч Хятадын импорт буурсантай холбоотой.  Урд хөршийн барилга, гангын үйлдвэрлэл буурах хандлагатай байгаа тул нүүрсний импортоо хумьж аль болох дотоодын уурхайгаа дэмжих болсон хэмээн эдийн засагчид, салбарын мэргэжилтэнүүд нь тайлбарлаж буй. Тэгэхээр Хятадын худалдан авалт нэмэгдэж, дэлхийн эдийн засгийн байдал сайжирвал манай нүүрсний үнэ, экспорт өснө. Гэвч уг ашигт малтмалын үнэ ирэх хоёр, гурван жилд төдийлэн сэргэхгүй төлөвтэй хэмээн зах зээлийн шинжээчид хэлж байгаа.  

Зэсийн үнэ дунджаар 7500 ам.доллар байх таамаглал гарав

Валют олж ирэх ганц найдлага нь эдүгээ зэсийн баяжмал болоод байна.  Урд нь “Эрдэнэт” үйлдвэр “саалийн үнээ” хэмээн нэрлэгдэж улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлж ирсэн. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн үнэ 7-8 мянган ам.долларт хэлбэлзэж буй. Гэвч зэсийн эрэлт буурах хандлага ажиглагдаж байгаа аж.  Он гарснаас хойш эдийн засгийн хямралын нөлөөгөөр дэлхийн томоохон металлын биржүүдийн нөөц аажмаар нэмэгдэж зах зээл дээр илүүдэл үүсэх хэмжээнд хүрсэн мэдээлэл бий. Судлаачдын үзэж буйгаар энэ онд дэлхийн зах зээл дэхь зэсийн илүүдэл 44 мянган тонн байх нь. Өнгөрсөн онд 204 мянган тоннын хомсдолтой байсан тул үнэ өсөх шалтгааны нэг болсон байна. Иймд зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн хуулиар үнэ нь хямдрах төлөвтэй болжээ. Тухайлбал, энэ оны эхний найман сарын байдлаар нэг тонн зэсийн дундаж үнэ 7951 ам.доллар байв. Энэ нь өнгөрсөн оныхоос 18 хувиар буюу 1433 ам.доллараар буурсан үзүүлэлт. Цаашид шинэ он гартал зэсийн үнэ дунджаар 7500 ам.доллар байх таамаглал байна. Харин 2013 оны нэгдүгээр сард бага зэрэг өсч ойролцоогоор 7900 ам.долларт хүрэх төлөвтэй хэмээн эдийн засгийн судалгаа шинжилгээний агентлагууд тодорхойлоод байгаа аж.

Газрын тосны үнэ зэсийн ханшийг тодорхойлно

Хэдийгээр уг металлын үнэ одоогийнхоосоо нэг их өөрчлөгдөхгүй дүр зураг ажиглагдаж байгаа ч хямдрах эрсдэл отсоор буй юм. ОУВС-ын эдийн засагчид Евро бүсийн хямрал хурцдаж газрын тосны үнэ 50-иас дээш хувиар өсвөл  нэг тонн зэс болон бусад ашигт малтмалын ханш 25 хувиар уруудах магадлалтай хэмээжээ.  Энэ оны тавдугаар сараас хойш газрын тосны үнэ өсч ирсэн. Эдүгээ нэг барель нь 100 орчим ам.долларт хүрсэн аж. Дэлхийн зах зээл дээрх үнийн хэлбэлзэл манай улсын эдийн засаг, “Эрдэнэт” үйлдвэрийн санхүүгийн байдалд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, 2008 онд Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэс 4000 мянган ам.доллараас доош буусан. Тэр үед валютын орлого тасарч ОУВС, Дэлхийн банкнаас валют гуйхад хүрсэн. Иймээс тус үйлдвэрийн экспортод үнийн эрсдэлийн менежмент нэвтрүүлэх шаардлагатай бөгөөд энэ талын судалгаа, шинжилгээ хийх хэрэгтэй болжээ. Өөрөөр хэлбэл, зах зээл дэх үнийн хэлбэлзлээс үүдэн гарч болох эрсдэлээс хамгаалан даатгуулж болдог аж. Үнийн эрсдэлээс хамгаалах даатгалын зарчим нь зах зээлийн үнэ нь гэрээнд тусгагдсан үнээс өндөр бол үйлдвэрлэгч зах зээлийн үнээр, харин бага бол зах зээлийн үнэ гэрээний үнийн хоорондын зөрүүг үнийн даатгалын бодлогоор тэнцвэржүүлдэг байна.   

Дэлхийн аж үйлдвэрийн өсөлт энэ онд 50 хувиар буурна

Өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд 19 сая тонн цэвэр зэс хэрэглэсэн бол энэ жил 20 сая тоннд хүрнэ гэж тооцож байсан. “Эрдэнэт” үйлдвэр жилд 530 орчим мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэдэг. Энэ нь дэлхийн зэсийн хэрэглээний гурван хувийг хангаж буй юм. Хятад улс дэлхийд жилд хэрэглэх зэсийн 40 орчим хувийг худалдан авдаг гэдэг. Тус улсын зэсийн хэрэглээ энэ онд 5.8 хувиар өссөн судалгаа бий. Гэвч дотоодын олборлолтоо 20 хувиар нэмэгдүүлж, импортоо буруулсан нь үнийн савлагаа үүсгэх нэг шалтгаан болжээ. Үүнээс гадна дэлхийн аж үйлдвэрлэлийн байдал зэсийн үнэд шууд нөлөөлдөг.  Өнгөрсөн жил дэлхийн аж үйлдвэрлэл 4.4 хувиар өссөн тул уг металлын үнэ өндөр байж. Энэ онд уг өсөлт даруй 50 хувиар буурах төлөв гарчээ.   
Харин ирэх жилээс зугуухан өсч 3.2 хувьтай байна гэсэн дүгнэлтийг судлаачид хийжээ. Эндээс үзэхэд,  зэсийн үнэ буурах, эс буурахын зааг дээр байна гэж болох юм. Гэвч “Эрдэнэт” үйлдвэрт тулгарч буй нэг бэрхшээл бол хүдэр дэх зэсийн агууламж буурч буй явдал.  
Иймд тус үйлдвэр сүүлийн жилүүдэд технологийн шинэчлэлт, нэмэлт хайгуул хийж иржээ.  Ингээд үнэ нь өнөөгийн төвшнөөсөө уначихгүй л бол зэсийн баяжмал нүүрсэнд өгсөн урдын ачаагаа үүрэх нь. Өөрөөр хэлбэл, улсын төсөвт валют олж ирэх ганц эх үүсвэр болж буй юм.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан