“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийнхан Elite International MUN буюу НҮБ-ын загвар хурлыг долоо дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Тус үйл ажиллагаа ирэх сарын 9-11-ний өдрүүдэд болох юм. Энэ жилийн Elite International MUN-ийг “ОХУ, Украины дайны улмаас дэлхий дахинд тулгамдаж буй бэрхшээл” гэх сэдвийн хүрээнд хийх аж. Жил бүхэн зохион байгуулагддаг тус хурал нь англи, монгол, орос, хятад гэсэн дөрвөн хэл дээр болдог бөгөөд улсын болон хувийн сургуулийн сурагчид хамрагдах боломжтой гэдгээрээ онцлог. НҮБ-ын үйл ажиллагааг сурагчдад таниулж, олон улсын мэдлэгийг нь өргөжүүлэх зорилготой энэ удаагийн загвар хурлын талаар зохион байгуулагч багийн сурагчидтай ярилцлаа.
Elite International MUN-н төсөл удирдсан багийн дарга Б.Төгөлдөр:
-Elite International MUN бол НҮБ-ын талаар сурагчдад таниулах зорилготой. Түүнчлэн хурал, уулзалтад оролцсоноор сурагчид өөрийгөө бусдад илэрхийлэх, харилцах, ярилцах чадварт суралцана. Ирээдүйн мэргэжил сонголтод нь ч тус болно гэж найдаж байна. Elite International MUN буюу НҮБ-ын загвар хурал нь жил бүхэн тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулагддаг. Энэ жилийн хувьд ОХУ, Украинаас үүдэж буй бэрхшээл, асуудлын талаар хэлэлцэнэ. Түүнчлэн бид орон нутгийн хүүхдүүдэд оролцох урилга хүргүүлсэн байгаа. Тус төсөл нь орос, англи, монгол, хятад гэсэн дөрвөн хэл дээр зохион байгуулагддаг учир улсын, хувийн болон орон нутгийн сургуулийн хүүхдүүд оролцох боломжтой. Оролцогч хүүхдүүд найман хороонд хуваагдаад олон сэдвийн хүрээнд ярилцаж, хэлэлцэнэ.
“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, хорооны дарга Б.Хангай:
-Би өнгөрсөн жил Elite International MUN-д оролцсон. Харин энэ жил хорооны даргаар ажиллаж байна. Анх ороход тус үйл ажиллагаа маш их таалагдсан учир хорооны даргаар ажиллах гэж бүртгүүлээд, тэнцсэн. Зохион байгуулалтын багт ажиллаж байгаадаа маш баяртай байна. Elite International MUN-д оролцохоор бүртгүүлсэн хүүхдүүдийн материалыг хорооны дарга нар уншаад, тэнцэх эсэхийг нь шийддэг. Сонгон шалгаруулахдаа тухайн хүүхдийн чадвар, туршлага болон сонирхол зэргийг нь харж үздэг. Тэмцээний оролцогч байх, хорооны даргаар оролцох хоёр харилцан адилгүй байдаг юм билээ. Хорооны дарга байх нь илүү их төлөвлөгөө, судалгаа шаардсан ажил байдаг.
“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч, логистик О.Тэнгис:
-Манай үйл ажиллагааны нэг онцлог нь хамгийн анхны дөрвөн хэл дээр зохион байгуулж байгаа НҮБ-ын загвар хурал юм. Түүнчлэн жил бүхэн 300-500 хүүхэд бүртгээд, бүртгэгдсэн хүүхдүүдээс 170-г нь сонгон шалгаруулж авдаг. Мөн 2018 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байна. Хүүхдүүд өөр, өөр улсыг төлөөлж тэмцээнд оролцдог. Улмаар НҮБ-ын хороонуудад хуваагдаж, судалсан сэдвийн хүрээнд хоорондоо мэтгэлцдэг. Манай сургуулийн сурагчид анги дэвшихээрээ зохион байгуулалтын багт оролцож эхэлдэг. Өмнө нь манай дээд ангийн ах, эгч нар бидэнд зааж, зөвлөдөг байсан бол одоо бид дүү нартаа зөвлөж, туслаж байгаа.
“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Elite International MUN-н төсөв хариуцсан дарга Б.Төгөлдөр:
-Би Elite International MUN-д гурав дахь удаагаа оролцож байна. Хүүхдүүд дэлхий дахинд болж буй томоохон үйл явцын талаар мэтгэлцдэг. Ингэснээр тэд дэлхий дахинд болж буй үйл явдлуудын талаарх өөрийнхөө байр суурийг бусдад хуваалцдаг болох хамгийн том суурийг тавьж байгаа хэрэг. Би эхний хоёр жил Elite International MUN-н зохион байгуулагчаар ажилласан. Харин энэ жил санхүүгийн багийн дарга болсон. Elite International MUN дөрвөн хэл дээр зохион байгуулагддаг. Ингэснээр илүү олон хүүхдийг оролцуулж, өргөн хүрээнд зохион байгуулах боломж бүрдэнэ.