“Чалко”-той хийх гэсэн хувьцааны наймаа нь бүтэлгүйтсэний дараа “SouthGobi Resources” компанийн хувьцаа ганцхан өдрийн дотор 16 хувиар унаж, одоо 2,20 ам.доллараар арилжаалагдаж байна. Энэ бол Саутгобигийн 60 гаруй хувийн хувьцааг нэг бүрийг нь 8,48 ам.доллараар бодож, 926 саяар авъя хэмээн “Чалко” санал тавьж байсан үеийнхээс даруй дөрөв дахин бага үнэ. Ийнхүү өмнө нь “Айвенхоу Майнз” байснаа одоо “Turquoise Hill” /Оюу толгой/ нэртэй болоод Роберт Фрийдландын компани өөрийн ихэнх хувийг эзэмшдэг “SouthGobi Resources” , түүний мэдлийн Овоот толгойг Хятадтай наймаалцах гээд ёстой л их санасан газар есөн шөнө хоосон хонов гэгч боллоо.
“Чалко”-той хийх наймаагаа баталгаажуулахын тулд гэрээ хийх хугацаагаа хоёр ч дахин сунгаж, өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш том тоо мөрөөдөж суусан тус компани өнөөдөр хувьцааны үнийн уналтаас хэдэн сая ногоон алдаж сууна. Саутгобигийн наймаа хааш эргэх нь тодорхойгүй байсан хэдэн сарын хугацаанд хөрөнгө оруулагчдын эргэлзээ лавширч, хувьцааны үнэ цэнэ нь аажмаар алдагдаж байсан ч “Чалко” хувьцаа худалдан авах саналаасаа өнгөрсөн долоо хоногт татгалзсаны дараа бүр мэдэгдэхүйц унасан нь энэ.
Хувийн нэг компанийн хувьцаа уналаа гэж халаглаж гаслах нь юу юм. Гэхдээ Саутгобигийн энэ явдал Монголд хөрөнгө оруулсан, цаашид хөрөнгө оруулах сонирхолтой байгаа гадаадын компаниудад маш том анхааруулах дохио боллоо. Тэд өнөөдөр Монголын хууль эрх зүйн орчин, уул уурхайн салбарт бизнес хийх, хөрөнгө оруулах бат бэх хөрс шороо байна уу, үгүй юү гэдгийг дахин нэг нухацтай бодоход хүрээд байна. Энэ тухай хэдхэн хоногийн өмнө болоод өнгөрсөн уул уурхайн хөрөнгө оруулагчдын олон улсын чуулган “Discover Mongolia”-гийн үеэр энэ салбарынхан гадаад, дотоод гэлтгүй хангалттай ярьсан. Чухам бодлого боловсруулагч, хууль тогтоогчдод үг нь хүрсэн үү гэхээс биш. Уул уурхайн салбарынхан өнгөрсөн тавдугаар сард буюу сонгуулийн өмнөхөн өмнөх парламентаар яаран сандран баталсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хууль бол маш бодлогогүй алхам байсан гэдгийг ээлж дараалан хэлж байсан. Анхны Ерөнхийлөгч П.Очирбатаас эхлээд Уул уурхайн үндэсний ассоциацын удирдлага, дотоодын компаниуд, гадаадын хөрөнгө оруулагчид бүгд л энэ хуулийн талаар таагүй үгс унагаж байлаа. Нэгдүгээрт, энэ хуульд зааж өгсөн 49 хувь гэдэг тоо гадаадын компаниудад биш, харин монголчууддаа хэтэрхий өндөрддсөн босго гэдгийг “МIH” группийн ерөнхийлөгч Д.Жаргалсайханаас эхлээд хэлж байв.
Тус хуульд Монголын компанид хөрөнгө оруулах гадаадын хөрөнгө оруулагчийн эзэмших хувийг 49-өөс илүү байж болохгүй гэж заасан нь үлдсэн 51 хувийн хөрөнгөө монголчууд өөрсдөө босгох ёстой гэсэн үг болж таарч буй. Гэтэл уул уурхайн өртөг зардал өссөөр байгаа энэ үед хөл дээрээ тогтох гэж ядаж байгаа Монголын компани тэр их хөрөнгийг гаргаж чадахгүй гэж дотоодын бизнесмэнүүд маань гомдоллож байна. Энэ бол Монголоо хамгаалах зорилготой хэмээх дээрх хуулийн хамгийн эхний уршиг дагавар.
Харин хоёр дахь хамгийн том муу үр дагавар нь эртнээс цэрвэн болгоомжилж ирсэн өмнөд хөршийнхөө нөлөөллөөс ангижрах гэсэндээ тэрнээс ч чинагш орших олон улсын хөрөнгө оруулагчдыг үргээж магадгүй болсон явдал юм. Овоот толгойн ордыг Хятадын мэдэлд алдах нь манай нүүрсний зах зээлд маш муу, цаашид үнэ буурах эрсдэлтэй нь үнэн боловч тэглээ гээд “Хятадад л лав үгүй” гэсэн хандлагаар эртний хөршдөө яажшуухан ханддагаа дэлхийгээр нэг зарлаж орхисон нь зөвхөн бизнесээр зогсохгүй, улс төр, геополитикийн хувьд ч гэнэн тэнэг алдаа байлаа. Үнэндээ “Хятад” гэхээр л өрвөлзөөд ирдэг манайхны хувьд Овоот толгойгоо “Чалко”-гоос авч үлдэж чадсан нь сайн хэрэг гэж үзэж болох ч ганцхан компанийн наймаанаас болж Монголын парламент бүхэл бүтэн хууль баталсан нь хөрөнгө оруулагчдын хувьд манай одоо байгаа хууль эрхзүйн зохицуулалтад итгэж найдах аргагүй болголоо. Тэд Монголд уул уурхайн бизнес эрхлэхэд улс төрийн оролцоо гэнэт гараад ирдэг юм байна гэсэн ойлголтыг эндээс авлаа.
Саяхан “Wall Street Journal” сэтгүүлд гарсан “Газарзүйн дүрэм буюу Хятадын талаар баримтлах Монголын уул уурхайн стратегийн алдаа” хэмээх нийтлэлд “Хятадаас цэрвэх Монголын болгоомжлолыг ойлгож болох юм. Гэвч Монголын Засгийн газар зөвхөн Хятадын хөрөнгө оруулагчдыг ялгаварлан гадуурхсан нь стратегийн алдаа боллоо. Монголчууд далайд гарцгүй орон гэдэг үнэнийг нэгэнт сөрж чадахгүй, одоохондоо Оросоор дамжуулан дэлхийн зах зээлд нүүрсээ гаргах суваг байхгүй гэдгээ мэдэж байгаа нөхцөлд ийм алхам хийсэн нь буруу. Хятадын компанид орд газраа зарахгүй гэсэн нь ердөө л нэг хүчийг нөгөөгөөр орлуулснаас ялгаа байхгүй. Үнэндээ Америк, Австрали, Канад, Монголын аль нь ч нүүрс олборлосон бай ялгаагүй л Хятадын зах зээл рүү гарна шүү дээ. Хятадын “Винсвей” хэмээх компани нүүрсний худалдаа, тээврийг бараг тэр чигт нь хянаж байгаа энэ үед ийм хууль батлаад ч үр дүнгүй” хэмээн бичсэн байна.
Ийнхүү нэг гараараа хөрөнгө оруулалтыг урин дуудаад байгаа юм шиг, тэгсэн атлаа нөгөө гараараа түлхээд байгаа Монголын энэ парадокс гадаадын хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлнэ үү гэхээс итгэл төрүүлэхгүй нь лав. Ядаж байхад айж цэрвээд байдаг хэрнээ бараг хамаг худалдаа арилжаагаараа хараат болчихоод байгаа Хятадын эдийн засгийн өсөлт удааширснаас болж түүхий эдийн эрэлт нь буурч, үүнийг дагаад өнөөдөр манай нүүрсний салбарынхан хүнд байдалд ороод байна. Нүүрсний үнэ оны эхэнд 120 ам.доллар хүрч байснаасаа одоо хоёр дахин буурч, экспортын маань хэмжээ үлэмж багасч, хэдэн сая тонноос хэдэн зуун мянгаар яригдах хэмжээнд болж буурчээ. Ийнхүү түүхий эдийн зах зээлд бараан мэдээлэл зонхилж байгаа энэ үед дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдадаа “урт, урт” нэртэй хуулиар бэлэг бариад байвал уул уурхайгаар хөгжинө гэдэг үлгэр болох нь байна.