Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Алагаа: Алтны компаниуд механикжсан нинжа болсон

-“Discover Mongolia” уул уурхайн олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт саяхан болж өнгөрсөн. Тус чуулга уулзалтыг зохион байгуулагч МУУҮА-ын гүйцэтгэх захирал Н.Алгаатай уулзаж гарсан үр дүнгийн талаар ярилцлаа.

-“Discover Mongolia” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт 10 дахь жилдээ амжилттай боллоо. Хүсэн хүлээж байсан үр дүнд хүрч чадсан уу?
-Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг анх ашигт малтмалын хайгуул, орд нээлгэх зорилготой, уриатай байлаа. Энэ удаагийнх нь “хайгуул, олборлолтоос хөгжил дэвшил өөд” уриан дор зохион байгууллаа. Энэ бол агуулгын хувьд өөрчлөгдөж байгаа юм. Мөн энэ арга хэмжээний гол үр дүн нь оролцогчдын чанар, тоо. Монголд хөрөнгө оруулах хүсэлтэй, хөрөнгө оруулсан, хайгуул олборлолт хийж байгаа хүмүүсийг нэг дор цуглуулж, үнэн бодит мэдээллийг солилцох зорилготой. Ирсэн хүмүүс хангалттай мэдээлэл олж аваад буцвал тэр нь хүсэн хүлээсэн үр дүн юм.

-Энэ жилийн хувьд их онцлогтой боллоо. Шинэ, засаг байгуулагдсан мөн өмнөх жилүүдтэй харьцуулахад олон оролцогч ирлээ?
-Тийм. Оролцогчдын тоо тэгж их нэмэгдсэн гэж хэлэхгүй. Гэхдээ бас үүнээс илүү гарахгүй байх. Яагаад гэвэл, дэлхийн бүх үндэстэн дамнасан корпорациуд Монголд ирж хөрөнгө оруулалт хийхгүй. Тийм нөөц боломж ч байхгүй. Зохион байгуулалттай сайхан боллоо гэж хүмүүс хэлж байсан. Харин Засгийн газрын цаг нь яаж ч сайн байх боломж байсангүй. Учир нь, хуучин яамдууд татан буугдаад шинэ нь байгуулагдсан. Дэд сайдгүй, газар албадын дарга нар байхгүй. Ямар ч гэсэн хуучин яамны хүмүүсийг урьж оролцуулсан. Гэвч статусын хувьд тохирохгүй байсан болохоор нэг их асуулт асуугаагүй байх. Түүнчлэн Засгийн газрын мөрийн хөтөлбөр бэлэн болоогүй байсан.

-Гадаадын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулах сонирхол байгаа нь ажиглагдсан. Гэвч эрх зүйн орчин тийм ч таатай бус байна гэцгээсэн. Гэтэл бид эсрэгээрээ үндэсний аюулгүй байдлын тухай ярьсан. Үүнийг цаашдаа яаж шийдвэрлэх бол?
-Зөвхөн гадаадынх ч биш. Дотоодынх ч хөрөнгө оруулалт гэдэг нүдээр л харж байгаа. Хөрөнгө оруулалт хамгаалагдаж байх ёстой. Тодорхой эрх зүйн орчинд, ямар нэгэн дарамтгүй, тогтвортой орчныг бий болгох ёстой. Гэхдээ гадаадынхан Монголыг ардчилсан орон гэж харж байгаа. Энд хаан алга, дарангуйлагчгүй, тултал нь хахууль өгч авдаг олигархиуд алга гэж л харж байгаа. Харин хоёр талын ашиг сонирхол ойртсон байх ёстой юм. Тэгэхгүй бол нэгнийх сонирхол илүү давамгайлна. Монголд төрийн ашиг сонирхол давамгайлаад байна. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас болоод алтны салбар байхгүй боллоо. Алт олборлоод л байдаг ч Монголбанкинд худалддаггүй. Тэр өндөр татвар алтны компаниудыг механикжсан нинжа болголоо шүү дээ. Ашигт малтмалын хуулиа гурав, дөрвөн удаа шинэчиллээ. Энэ бүхнээсээ сургамж авч л байгаа.

-Хөрөнгө оруулагчид лиценз олгохыг зогсоосон болохоор харзнаад байх шиг. Энэ асуудал хэзээ цэгцрэх вэ?
-Д.Жаргалсайхан нэгдүгээр сарын 1-нээс лиценз олгох юм байна гэж ярьсан. Миний ойлгож буйгаар үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй тохирсон нэг л юм байгаа. Ерөнхийлөгчийн тамгын газраас ашигт малтмалын шинэ хуулийг өргөн барина гээд. Шинэ УИХ энэ ондоо багтаад шийдэх байх. Лиценз шинээр олгохгүй байлаа ч Монголын газар нутгийн 14 хувьд бараг 4000 гаруй лиценз олгогдсон байна шүү дээ. Тэдний шилжилт хөдөлгөөн зогсоогүй. Зөвхөн шинээр олгохыг л зогсоосон.

-Олборлогч компаниуд зөвхөн Хятад руу бус Оросоор дамжуулан Европт экспортлох сонирхолтой байсан. Энэ тал дээр төрөөс хэрхэн дэмжиж байна?
-Хамгийн гол нь, Орос өрөө Дэлхийн худалдааны байгууллагад дөнгөж сая элссэн. Бид элсч байж боломжтой болно. Учир нь, дамжин өнгөрүүлэх татвар нь маш өндөр. Эсхүл хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр л шийдвэрлэнэ. Үүнээс гадна манайхаас гарч байгаа бүтээгдэхүүн Европын стандарт, шаардлагад нийцсэн байх ёстой. Тухайн улсын хэрэглээнд зохицсон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шаардлагатай болж байгаа юм. Монголд зөвхөн коксжсон, коксжих нүүрс л гаргаж байгаа. Үүнээс өмнө нь Монголд үйл ажиллагаагаа явуулж байсан BHP гэж компани 14 төрлийн нүүрс бэлтгэж гаргадаг байлаа шүү дээ. Харамсалтай нь, манайхан гадуурхсаар байгаад гаргачихлаа. Хөрөнгө оруулалтыг дагаад дэд бүтэц, технологийн гээд хоёр, гурав дахин их хөрөнгө оруулалт орж ирдэг байхгүй юу.

-“Discover Mongolia”-аас ямар нэгэн гэрээ хэлцэл хүлээдэггүй юм байна. Энэ 10 жилийн түүхэнд ямар ч гэрээ байгуулж байгаагүй гэж үү?
-Бид 2003 онд анх зохион байгуулж эхлэхдээ дэлхийд топ 10 гэгдэж буй том компаниудаас хоёр нь ирэхэд хангалттай байсан. 2003 онд “Вале” гэж компаниас нэг л хүн ирсэн юм. Гэтэл сарын дараа Монголд салбараа нээсэн. Юу болсон гэхээр тэр хүн буцаж явахдаа онгоцон дотроос мэдээлэл явуулаад, тэр үед нь тус компанийн удирдлагуудын ээлжит хуралдаан болж таарч Монголд салбараа нээе гэсэн шийдвэр гаргасан байгаа юм. Энэ л бидний хүсэн хүлээж байсан үр дүн.

Ц.ЭЛБЭГСАЙХАН

0 Сэтгэгдэл
mexanikjsan ninja ch yaxab tatbar toldog xarin ene noxor ooroo exnerteigee niilj zarsan letsenznii naimaanaasaa tatbar toldog bolobuu deer ni reo tintogoos asar ix xemjeenii abilgal absan xunshuudee Alagaa gej estoi alag nuurtei xun yumdaa ATG gazar shalgabal ch estoi budlianii noxordoo
Хамгийн их уншсан