“Discover Mongolia” чуулга уулзалт 10 дахь удаагаа амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн форум шинэ засаг байгуулагдсан үйл явдалтай бараг зэрэг шахам болж буйгаараа онцлог. Ингээд Монгол Улс цаашид уул уурхайн салбарт ямар бодлого баримтлах талаар ЭБЭХЯ-ны УУХҮБГ-ын дарга Б.Батхүүгээс тодрууллаа.
-Шинээр боловсруулж буй ашигт малтмалын татварын хуулийн тухай ямар бодолтой байна вэ?
-Өнөөгийн өсөн нэмэгдэх гэнэтийн ашгийн татварын тухай хуулийг их боломжийн болсон гэж үзэж байгаа. Ийм бодлого хэрэгжүүлж байсан бусад оронд ямар үр дүн гарсныг сайн судалсан. Гэхдээ бас сайжруулах зүйл бий. Ямар нэгэн огцом өндөр татвар тавихгүйгээр тодорхой үнийн өсөлттэй нь зохицуулсан орчинг бий болгож, тогтвортой байдлыг хангасан хууль баталж, урт хугацаанд хэрэгжүүлбэл хөрөнгө оруулагчдад ч таатай, урт хугацааны хөрөнгө оруулж, ашиг олох боломж нь бүрдэнэ. Монголын хувьд ч гэсэн ашигт малтмалын салбарыг зөв гольдролд нь оруулж, эдийн засгийн тэргүүлэх салбар хэвээр авч үлдэх сонирхол байна. Гэнэтийн, огцом татварыг оруулахгүй байх нь зөв.
-Ер нь, компаниуд олсон ашиг орлогоо боловсруулах үйлдвэр барихад зарцуулж байна. Үүнийг татварын бодлогоор ч юм уу, төрөөс ямар нэг байдлаар дэмжиж байна уу?
-Үүнийг шийдсэн. Хүдэр байвал их, баяжмал байвал бага татвартай, эцсийн бүтээгдэхүүнд бүр бага гэх зэргээр зохицуулсан байгаа. Хоёрдугаарт, үйлдвэр технологийн паркийн хууль, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор гээд төрөөс дэд бүтцийг нь шийдэж өгөн, хувийн хэвшлийнхэн боловсруулах үйлдвэр ажиллуулах механизмыг хэрэглэж байна. Үүн дээр нэмээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гаалийн болон НӨАТ-ын хөнгөлөлт үзүүлж байгаа. Мөн үйлдвэр технологийн паркийн хувьд гэхэд эдэлбэр газрын татвараас чөлөөлөх зэрэг зургаан төрлийн хөнгөлөлт үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, нэг үеэ бодвол хүдрээр нь зөөхөөс татгалзаад угааж баяжуулж байгаа нь нэг алхам юм. Одоо эцсийн бүтээгдэхүүний үйлдвэр барихад нь төрөөс хүчтэй дэмжиж өгөх олон арга хэрэглэнэ.
-Ялангуяа, боловсруулах үйлдвэрт томоохон хөрөнгө оруулж буй компаниуд бас Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулахыг хүсдэг. Тэгэхээр үүнийг гадаад, дотоодын гэж ялгалгүй тодорхой босго тавьж хуульчилж байгаа юу?
-Тиймээ. Ийм хуулийн төслийг бид бэлдээд өмнөх парламентын үед Засгийн газрын төвшинд ярьж байгаад Сайншандын аж үйлдвэрийн судалгаа дууссаны дараагаар оруулъя гэж тогтсон. Гэхдээ энэ бол жижиг үйлдвэр гэхээсээ илүү Монгол Улсыг авч явах томоохон газрын тос боловсруулах, нүүрс хийжүүлэх, шингэрүүлэх, зэс хайлуулах үйлдвэр зэрэг томоохон төсөл хэрэгжүүлнэ.
-Хэр хэмжээний хөрөнгө оруулж байж тогтвортой байдлын гэрээ байгуулах вэ?
-Бидний хийж буй төсөлд 250 сая ам.доллараас дээш гэсэн байгаа. Гэхдээ дараа дараачийн шатандаа өөрчлөгдөж магадгүй. Ер нь, ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийж байж л том үйлдвэрүүд барина. Түүнээс биш олон жижиг үйлдвэр барихгүй гэсэн бодлого баримталж байгаа.
-Хайгуулын болон олборлолтын лиценз олгохыг хязгаарласан. Энэ хугацаа хэзээ дуусах бол?
-Ашигт малтмалын хууль баталсны дараа энэ асуудал яригдана. Гэхдээ хуучин шиг түрүүлж ирсэн нь лиценз авдаг байдлыг арилгана. Олгохдоо заавал сонгон шалгаруулж юм уу ямар компани энэ хайгуулыг хийж чадах вэ гэдэгт анхаарна.
-Ингэж хязгаарласнаар одоо лицензтэй байгаа компаниуд үнэ хөөрөгдөх асуудал гарч байна гэх юм. Үүнийг яаж зохицуулах вэ?
-Энэ чинь түр зуурын арга хэмжээ шүү дээ. Мэдээж, энэ байдал хууль батлагдсаны дараа зохицуулагдах болно. Гэхдээ яг үнийн хөөрөгдөл бий болсон гэх нотолгоо алга. Газар доорхи баялгаа олж мэдэхийн тулд хайгуулын ажлыг идэвхжүүлэх хэрэгтэй. Харин үүнийг хэрэгжүүлэхдээ урьдынх шиг хаа хамаагүй хүнд өгдөг байдлыг зогсоогоод, яг хайгуулыг хийж, орд газраа олж чадах компанийг л сонгон шалгаруулах болно. Миний бодлоор ашигт малтмалын хуулийг энэ намрын чуулганаар хэлэлцэх болов уу. Хэрэв тэгвэл үүний дараа бусад асуудал тодорхой болно.