Өмнийн говийн элсэн цөлийг усжуулах үүднээс Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Орхон голд усан цогцолбор байгуулахаар болсон. Төслийн дагуу Орхон голоос 600 гаруй км урт суваг татаж таван аймаг, 13 сумын нутгаар дамжин урсгаж Өмнийн говийн хүн, малыг ундаалаад зогсохгүй Таван толгой, Оюу толгойн орд газарт ашиглах юм. Энэхүү томоохон төсөл нь Орос улсын экологи болон эдийн засагт заналхийлж байна хэмээн “Оросын дуу хоолой” сайтад мэдээлжээ.
Уг сайтад “Орхон гол Байгаль нуурт цутгадаг, Сэлэнгэ мөрөн рүү урсдаг голын нэг. Байгаль нуурт нийт 60 орчим шоо км ус цутгадаг. Үүний тал хувийг Сэлэнгэ мөрөн цутгадаг. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор Орхоноос суваг татвал Байгаль нуурын зургаагийн нэг хувийг татах төдийгүй Сэлэнгэ мөрөн бүрмөсөн ширгэх юм. 1995 оноос Орос болон Монгол Улс усны нөөцийн тухай гэрээтэй ажиллаж байгаа. Үүний дагуу талууд Сэлэнгэ мөрний сав нутгийн эко системд нөлөөлж болох аж ахуйн үйл ажиллагааныхаа тухай төлөвлөж байгаа зүйлээ мэдээлж байх ёстой. Оновчтой шийдвэр гаргахын тулд бүх гэрээг хамт хэлэлцэнэ. Одоогийн байдлаар Орхон голын ирээдүйн өөрчлөлтүүдийн тухай баримт бичгийг Монголын Засгийн газраас Оросын талд ирүүлээгүй байна. Энэ тухай ирэх есдүгээр сард Улан-Үдэ хотод болох Орос, Монголын Засгийн газрын усны нөөцийн асуудал эрхэлсэн бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалтаар яригдаж магадгүй юм” хэмээн бичжээ.
Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, “Байгаль экологи” байгууллагын тэргүүн Евгений Кисловын үзэж буйгаар Орхон голын төсөл Оросын бүс нутгийг хөгжүүлэх төлөвлөгөөг хүчтэй хямруулж мэдэх аж. Тэрээр “Байгаль нуур Ангар мөрөн хэмжээний их ус авдаг. Монголын төлөвлөгөөний улмаас Байгаль нуур өөрөө усгүйтэхгүй, харин Ангар мөрний усны төвшин багасна. Уг төсөл Эрхүү мужийн эрчим хүчний компаниуд болон тэндхийн хөнгөн цагааны үйлдвэрт хүчтэй цохилт өгч мэднэ. Тэгээд ч тэнд Хятадын хөрөнгө оруулагчдын туслалцаатай хөнгөн цагааны үйлдвэр баригдаж байгаа юм. Би байдлыг хурцатгах гэсэндээ биш, үнэхээр хүнд байна” хэмээн ярьжээ. Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Байгаль нуурын байгаль орчныг ашиглах хүрээлэнгийн дэд захирал Баир Гомбоев хэлэхдээ “Усан санг усаар дүүргэх тэр үед голын усыг дээд зэргээр юүлэх болно. Гэхдээ цааш, цаашдаа мэдээж хэрэг хохирол гарч таарна. Ихэнх тохиолдолд усан сангийн усны гадарга ууршсанаас голын урсгалтай холбоотой байх болно. Монгол Улсад ган гачиг гарахад усны толины гадаргын ууршилтын коэффициент маш их байх болно” гэлээ. Гомбоевын үзэж байгаагаар үүнийг хоёр тал шийдвэрлэж чадах аж. “Сэлэнгэ мөрний сав нутгийн гуравны хоёр нь Монгол Улсын нутгаар урсдаг. Орос, Монгол Улс нь ижил хэмжээний урсгал устай. Энэхүү харилцааг тооцохын хамт бид Сэлэнгэ мөрний усны нөөцөд 50:50 хувийн квотыг оруулж болох юм. Хэрвээ Монголын квот ашиглагдаагүй бол Орос улс илүүдлийг нь ашиглаж болох. Гэхдээ төлбөртэйгээр. Хэрвээ Монгол Улс нормоо хэтрүүлэн ашиглавал, Оросын талд торгууль төлнө” гэж Баир Гомбоев хэлжээ. “Орхон-говь” төслийн усан байгууламжийг Сангийн яам, ЭБЭХЯ, БОАЖЯ, Усны газар, Усны үндэсний хороо, АМГ, “Уул уурхайн мэргэшсэн инженерүүдийн” ТББ хамтран байгуулах юм байна. Энэ талаар тодруулах гэхэд, холбогдох яамдууд нэр зүсээ өөрчилж буй учраас татан буугдаад байгаа Усны газраас тодруул гэв. Усны газрын орлогч дарга З.Батбаяр гадаадад яваа учир хариулт өгөх хүн олдсонгүй.
Усан байгууламж барихаар зэхэж буй Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн зохицуулагч Б.Энхбаатар “Үйлдвэрлэл явуулж буй уул уурхайн компаниуд энэ хэвээрээ 10 жил ажиллавал говийн бүс усны нөөцгүй болох нь гэсэн судалгаа гарсан. Одоогийн байдлаар төслийн ажлын хэсэг байгуулагдаад байгаль орчны нөлөө, гаднах судалгааг хийж байна. Голыг тэр чигээр нь бооно гэсэн үг биш. Голын урсацын тодорхой хэсэгт далан бариад тэр усаа газар доогуурхи хоолойгоор говийн бүс рүүгээ холбох л тогтоцтой юм. Уул уурхайн үйлдвэрлэлд ашиглахаас гадна газар тариалан, хүн амын ахуйн хэрэглээнд ашиглаж болно” гэсэн байх юм.
Усны газрын Усны нөөцийн хэлтсээс уг төслийн талаар дараахь судалгааг гаргажээ. “Орхон-говь” төслийн саналыг Засгийн газар, УИХ-аас дэмжсэн учир БОАЖЯ-ны шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг Орхон голын урсацад тохируулга хийж, усан цогцолбор байгуулах ТЭЗҮ-г боловсруулах техникийн даалгаврыг “Гидро-Эко” ХХК-д боловсруулан Усны газрын Мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, БОАЖЯ-нд хүргүүлээд байна. Орхон голын олон жилийн дундаж урсац 1400 сая шоо метр, үүнээс ашиглаж болох боломжтой нь 168 сая шоо метр. Төслийн нийт ус хэрэглээ 2.5 м3/с буюу 42,0 сая шоо метр. Голын дундаж урсацын гурван хувь буюу зөвшөөрөгдсөн нөөцийн 23 хувьтай тэнцэж байна. Орхон голын урсацын олон жилийн тохируулга хийж, гидротехникийн цогцолбор барилга байгууламжийн тусламжтайгаар 723.5 сая шоо метр эзлэхүүнтэй усан сан, 20-25 MW чадалтай усан цахилгаан станц байгуулах ба усыг далд яндан хоолойгоор татаж хэрэглэгчдэд хүргэнэ. Гидротехникийн цогцолбор барилга байгууламж нь 62м өндөр, 300 м урт бетонон боомт бүхий усан сан, усан цахилгаан станц, ус татамжийн болон ёроолын ус гаргуур, илүүдэл ус хаях, загас өнгөрөөх байгууламж зэрэг тус бүрдээ өөр өөрийн зориулалттай барилга байгууламжаас бүрдэх аж.
Юутай ч, олон жилийн турш хүн амьтныг ундаалж амьдралын эх булаг болсон Орхон мөрөн өнөөдөр олон улсын маргааны эх үүсвэр болчихоод байна. Энэ сард хуралдах Орос, Монголын Засгийн газрын усны нөөцийн асуудал эрхэлсэн бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалтаас энэхүү төслийн хувь заяа шийдэгдэх нь ээ.