Монгол Улс хөрсөн доорхи баялгаараа дэлхийд танигдсанаас хойш Улаанбаатарт маань бишгүй л олон улсын хурал чуулган зохион байгуулах болж. Голдуу л уул уурхай, нөөц баялаг, эдийн засгийн гэсэн тодотголтой байх. Тэр дундаас энэ намар 10 дахь жилтэйгээ золгож байгаа “Discover Mongolia” хамгийн олонд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн нь юм уу даа. Зохион байгуулагчид нь тууштай байсны хүчинд өнөөдөр жил бүрийн намар дор хаяж мянга гаруй хөрөнгө оруулагч Улаанбаатарыг зорьдог, манай компаниуд ч хөрөнгө оруулагчид ирнэ гэсэн хүлээлттэй байдаг болжээ. Аль аль талаас бизнесийн санаа оноо, сүлжээ харилцаа, хөрөнгө оруулалт, хамтрагч түнш эрэлхийлсэн ажил хэрэгч хүмүүсийн уулзалт яриа “Discover Mongolia”-гийн чуулганы танхимд энэ өдрүүдэд өрнөж байна.
Монголд байгаа боломжийг олж хараач хэмээн урин дууддаг “Discover Mongolia” 10 дахь намартаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг хуран цугларуулаад байгаа нь энэ. Чуулганд 10 гаруй орны 400 орчим компанийн 1300 гаруй төлөөлөгч оролцохоор хүрэлцэн иржээ. Ерөнхийдөө өнгөрсөн жилийнхээ балансыг бараг л барьж байгаа бололтой. Тэр үед 1500 орчим төлөөлөгч оролцож байна гэсэн мэдээ хэвлэлүүдээр гарч байсан. Тэдний чухам хэд нь бизнесийн шинэ боломж хайж энд ирснийг хэлж мэдэхгүй ч голлох оролцогчид нь Монголд бизнесийн үйл ажиллагаагаа аль хэдийнэ явуулаад эхэлчихсэн, дөрөө олсон компаниуд байгаа нь харагдана.
Чуулганы гаднах танхимд гарч буй үзэсгэлэнд хэзээний танил компаниудын павилионууд үргэлжлэх. “Оюутолгой”, “Mongolian Mining Corp”, “Xanadu Mine” гээд уул уурхайн компаниуд, тэдэнд бараа үйлчилгээ нийлүүлэгч “Моннис”, “Мобиком”, “Голомт” гээд танил нэрс хөвөрнө. Хөрөнгө оруулагчдын нүдэнд өртөх, бизнесээ өргөжүүлэх, үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлан харуулах боломжийг олгох энэ үзэсгэлэн өөрөө “Discover Mongolia”-гийн танхимд өрнөх яриа хэлэлцүүлгээс дутахгүй чухал. Хүн хөл ч ихтэй, танилцуулга хийх үүрэгтэй сурталчилгааны ажилтнууд завгүй харагдана.
Харин танхим доторхи уур амьсгал арай өөр. Албан ёсны бэлгэдлийн чанартай үйл ажиллагаа нь тэнд өрнөнө. Уламжлал ёсоор эдийн засаг, уул уурхай, хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийн талаархи илтгэл пресентаци ээлжилнэ. Энэ удаагийн чуулганы нээлтийн үгийг экс Ерөнхийлөгч П.Очирбат хэлж, салхи хагалах ёстой байсан ч шинэхэн байгуулагдсан Уул уурхайн яамны сайд Д.Ганхуяг үг хэлнэ гэснээр хөтөлбөрт бага зэрэг өөрчлөлт орж, шинэ сайдын үгийг түрүүлж сонсов. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар баримталсан байр сууриасаа болж “Ашигт малтмалын үндэсний үзэлтэн” хэмээх цол гуншинг гадаадын хэвлэлүүдээс аваад байгаа шинэ сайд хөрөнгө оруулагчдад хандаж хэлэхдээ салбарынхаа хууль эрх зүйн орчныг засч сайжруулах талаар тэднээс санаа оноогоо хэлж байхыг хүсч “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй шүү дээ” гэсэн мессэж өгсөн нь түүнийг ямар бодлого барих бол хэмээн санаа зовнингуй хүлээж байсан хөрөнгө оруулагчдын сэтгэлийг бага ч гэсэн амраасан болов уу.
“Discover Mongolia” буюу “Монголыг нээ” хэмээх чуулганы нэр одоогоос хэдэн жилийн өмнө тун ч оносон санагддаг байж. Гэтэл “mining boom” буюу уул уурхайн огцом үсрэлтийн үе аль хэдийнэ эхэлсэн манайд одоо энэ нэр хэр зохимжтой юм бол доо гэх бодол чуулган болж буй Хүүхдийн ордны төв хаалгаар орох үед төрснийг нуух юун. Хөрөнгө оруулагчид Монголыг нээдгээ нээчихсэн. Манай хөрсөн дор хэдий хэмжээний баялаг байгааг мань мэтээс илүү мэдэж байгаа.
Тиймдээ ч 500-900 ам.долларын такстай энэ чуулганы төлөөлөгчид өнөөдөр хэдэн зуугаараа багшралдаж байгаа биш үү. Одоо нээсэн баялгаа хэрхэн, яаж ашиглах вэ, хэн гүйцэтгэж, хэн ашгийг нь хүртэх вэ гэсэн асуултаар л ярьдаг үе. Сайшаалтай нь, зохион байгуулагчид ч үүнийг мэдэрчээ. Чуулганы эхний хэсгийг даргалсан экс Ерөнхийлөгч П.Очирбатын хэлсэн үг “From Discovering to Developing” буюу “Хайгуул олборлолтоос хөгжил дэвшил өөд” гэсэн нэртэй байлаа. Тийм ээ, баялгаа нээчихлээ, одоо хөгжүүлэх үе ирсэн байна. “Нэгэн үе уул уурхайн салбар учир замбараагаа хараахан олоогүй байхад хайгуулын лицензийг хавтгайруулан олгож, нэг хүн 200-гаар нь хүртэл эзэмшиж байсан тохиолдол бий. Харин одоо энэ бүхнийг цэгцэлнэ, ёс журмаар нь ажил явуулна, хөгжиж дэвшинэ”
Энэ бол “Discover Mongolia” чуулганы зохион байгуулах хороог даргалдаг П.Очирбатын хэлсэн үгнээс олж харсан эхний санаа.
“Discover Mongolia”-гийн индрээс эрх баригчдад дуу хоолойгоо хүргэх нь
Хоёрдугаарт, манай өмнөх парламентын баталсан хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль гадаадын хөрөнгө оруулагчдын санааг зовоож байгаа, гэхдээ бүх юм ард хоцроогүй, энэ хуулийг засч залруулахад санал бодол, байр сууриа чөлөөтэй хэлж болно, тэр индэр нь “Discover Mongolia” байх болно гэдгийг тэрээр хэлсэн юм.
Хятадын төрийн өмчит “Чалко” компани Овоот толгойн ордыг худалдан авах гэж байна гэсэн дуулианаар манай хууль тогтоогчид сонгуулийн өмнөхөн нэгэн хууль яаран сандран баталсан. “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хэмээх бас нэгэн урт нэртэй хууль гаргаж, уул уурхайн салбарынханд “бэлэг” барьсан билээ. Гол утга нь бол стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээ 49 хувиас дээш гарах ёсгүй гэдгийг зааж өгсөн энэ хуулийг баталсны дараа олон улсын хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрж эхэлсэн. Энэ нь ч тэдний дуу хоолой болсон барууны хэвлэлийн хуудаснаас илт мэдрэгдэж, “Монгол чинь юу болов. Цаашид энд ажиллаж болох нь уу” гэсэн болгоомжлол үнэртсэн мэдээ, нийтлэл нэг хэсэгтээ цацагдсан.
Гэтэл тун удалгүй сонгуулийн үр дүнгээр эвслийн Засгийн газар байгуулагдахад хөрөнгө оруулагчдын тийм ч таатай хандаад байдаггүй МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл бүрэлдэхүүнд нь орж ирсэн нь тэдний эргэлзээг бүр ээдрүүлж өгсөн. Оюу толгойн гэрээг эргэн харах ёстой гэж үздэг намын төлөөлөл Засгийн газарт орж, дээр нь “баялгийн үндэсний үзэлтэн” гэгддэг Д.Ганхуяг гишүүн Уул уурхайн сайд болсноор хөрөнгө оруулагчдын хувьд “Цаашид яах бол” гэсэн тодорхойгүй байдал үүсээд байгаа билээ.
Энэ нөхцөл байдлыг экс Ерөнхийлөгч маань товчхон тодорхойлж хэлээд хэдийгээр хууль батлагдчихсан боловч галт тэрэг хараахан холдчихоогүй гэдгийг онцгойлон санууллаа. Үүнийгээ тэрээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн яриаг иш татаж, сайд Д.Ганхуягийн “Discover Mongolia”-гийн индэр дээр хэлсэн үгээр баримтжуулсан юм. Анхны Ерөнхийлөгчийн дамжуулан хэлснээр дөрөв дэх төрийн тэргүүн маань шинэ хуулийн талаар “Хамгийн сайн зохицуулалттай хууль гарлаа гэж хэлж чадахгүй. Гэхдээ үүнийг засч залруулах боломж бий. Энэ талаар гадаадын хөрөнгө оруулагчдын санаа бодлыг нээлттэй сонсоно” гэж хэлсэн аж. Уул уурхайн сайд ч салбарын хууль эрх зүйн зохицуулалтын талаар хөрөнгө оруулагчдын саналыг сонсоно гэж хэлсэн болохоор одоо та бүхэн минь энэ боломжийг ашиглан үгээ хэлээд аваарай гэж захив. Чуулганы эхний өдөр ерөнхийдөө танилцуулга маягийн илтгэлүүд үргэлжилж, хоёр дахь өдөр буюу өнөөдөр Засгийн газар, холбогдох яам агентлаг, бодлого боловсруулагчидтай чуулганы оролцогчид нүүр тулан уулзах учраас жинхэнэ халуун яриа өнөөдөр л өрнөж, хөрөнгө оруулагчид үгээ хэлэх биз.
Бал бурам шиг тоо ба бодит амьдралын ялгаа
Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын араас “Behre Dolbear” группийн Ерөнхийлөгч Карр МакКарди Монголын уул уурхайн салбар, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ерөнхий танилцуулгыг хөрөнгө оруулагчдад өгөв. Түүний дараа “Оюу Толгой” компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Камерон МакРей “Оюу Толгой Монголын бахархал” хэмээх гоёмсог нэртэй илтгэл тавьж, төслийнхөө үйл явцыг танилцуулан, Монголын эдийн засгийг хэрхэн тэжээн тэтгэж буйгаа ярилаа. Энэ хоёр илтгэлд чихэнд чимэгтэй сонсогдох тэнгэрийн тоонууд цөөнгүй дурдагдав.
Монгол Улс гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ нэг жилийн дотор 20-д орж байснаа найм болтлоо урагш үсэрсэн, 2011 оны байдлаар ашигт малтмалын салбар ДНБ-ий 36 хувийг бүрдүүлж, эдийн засгийн өсөлт 16 хувьд хүрснээрээ дэлхийд тэргүүлж байна, уул уурхайн нөлөөгөөр худалдаа арилжаа 51 хувиар тэлсэн, ядуурал эрчимтэй буурч байна гээд л бал бурам шиг тоо хөврүүлсэн.
Улс төрийн нөхцөл байдал нь тодорхойгүй, хөрөнгө оруулалтын гэрээний талаар удтал хэлэлцдэгийг эс харгалзан уул уурхайн салбар Монгол руу гадаадын хөрөнгө оруулагчдыг татдаг гол түлхүүр нь хэвээр байгаа, хөрөнгө оруулагчид Монголд эхлүүлсэн бизнесийнхээ ашгийг үзэх гэж дор хаяж 20 жил хүлээж байхад Засгийн газар шууд үр шимийг нь хүртэж байна гэсэн санааг ч давхар хэлэх аж. Үндсэндээ Монголын нөхцөл амаргүй ч гадаадынхан хөрөнгөө оруулж, эдийн засгийг чинь ингэж, ингэж өсгөж байгаа шүү гэж тэд сануулав.
Эдгээр илтгэлийн араас Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал уул уурхайн салбар Монголын эдийн засагт яаж нөлөөлж байгаа юм бэ гэдгийг бодитоор ярьсан нь өмнөх илтгэлүүдэд дурдагдсан тэнгэрийн тоонууд хөрст дэлхийгээсээ хэр хол байгааг харуулах шиг болов. Уул уурхайн салбар манай ажиллах хүчинд тийм ч мэдэгдэхүйц хэмжээнд нөлөөлж чадахгүй байна, энэ салбараас бусад секторт өрсөлдөх чадвар алга, жил ирэх тусам буурсаар байгааг тэрээр ярилаа.
Өнгөрсөн жилүүдэд эрх баригчдын явуулсан популист бодлого, хавтгайрсан халамж хэний ч амьдралыг дээшлүүлж чадсангүй, хэн ч баян болсонгүй, ядуурал өндөр хэвээр байна гэж Монголбанкны дэд ерөнхийлөгч санууллаа. Өнөөдөр Монголд инфляц 16,6 хувь, хүнсний бүтээгдэхүүний тухайд бүр 28 хувьд хүрчихээд байгаа ийм нөхцөлд уул уурхай Монголын эдийн засгийг тогтвортойгоор хөгжүүлж байна гэж ярих үндэс үнэндээ алга гэдгийг Н.Золжаргал хөрөнгө оруулагчдад ний нуугүй хэллээ. Уул уурхайн салбарын хөгжлийг дагаад том, том сайхан тоонууд сонсогдоод байдаг ч жирийн иргэдийн амьдралд огтхон ч хүртээлгүй байна. Тогтвортой хөгжил, тогтвортой өсөлт гэдэг зүйлийн гол хэмжүүр болох дундаж давхаргынхан өнөөдөр хүрээгээ тэлж чадахгүй байгаа нь баялгийн маань үр шим эргээд монгол хөрсөндөө бууж чадахгүй, тэр дээгүүр үүл шиг хөвж яваагийн илрэл гэдгийг тэрээр хэлсэн юм.
Тиймээс одоо шинэ Засгийн газар, эрх баригчид, бодлого боловсруулагчид тэрхүү тоог амьдрал дээр буулгах ажлыг ирэх дөрвөн жилд хийнэ гэж улсын мөнгөний бодлогыг тодорхойлогч төв банкны дэд Ерөнхийлөгч хөрөнгө оруулагчдад амлалаа.