Өнөөдрийн байдлаар 73 төрлийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээг давхардсан тоогоор хоёр сая 655 мянган хүнд олгож байна. Хэдийгээр энэ нь давхардал ихтэй ч дотоодын нийт бүтээгдэхүүний 3.6 хувьтай дүйцэж байгаа аж.
Үүнтэй харьцуулахад ихэнх хөгжингүй орнуудын нийгмийн халамжийн үйлчилгээний зардал дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувьтай дүйцдэг аж. Харин БНХАУ дотоодын нийт бүтээгдэхүүний найм орчим хувийг халамжид төсөвлөсөн байна.
Монгол Улсын одоогийн системийн дутагдал нь тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээнд хамрагдах иргэдийн хүсэлтийг нийт 36 төрлийн бичиг баримт, материалд үндэслэн банкаар дамжуулж олгодог. Энэ нь олон шат дамжлага, дараалал, хүнд суртлыг бий болгосон гэж 2021 оны төсвийн төсөлд тусгажээ.
Энэхүү хүндрэлийг арилгахын тулд ирэх оноос нэмж 41 халамжийг цахим системд бүртгүүлэн олгож эхлэх юм байна. Ирэх жилүүдэд аажмаар давхардлыг арилгах ажил төлөвлөжээ.