Оюу толгойд Хятадаас цахилгаан татах тухай хэлэлцээр амжилттай урагшилж байгаа тухай Рио-Тинто компанийн зэсийн хэлтсийг хариуцсан Эндрью Хардинг мэдэгдлээ. Түүний хэлснээр энэ оны гуравдугаар улирал гэхэд Хятадаас цахилгаанаа авч эхлэхээр төлөвлөж буй бөгөөд хэрэв хэлэлцээр амжилтгүй болвол Оюу толгой өөрөө цахилгаан станц барих шаардлагатай болно. Хэрэв тэгвэл ирэх онд үйлдвэрлэлээ эхлэнэ хэмээн товлож байсан нь хойшлох болно гэж Э.Хардинг “Brisbane Times”-д ярьжээ. Тэрээр Оюу толгой хэдий үед ашиглалтад орохыг дурдаагүй ч ирэх ондоо 60-70 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн тооцоотой байгаагаа мөн дурджээ.
Өнгөрсөн онд 520 мянган тонн зэс үйлдвэрлэсэн Рио Тинто компанийн Оюу толгой төсөл жилдээ 425 мянган тонн зэс, 460 мянган унц алт олборлох хүчин чадалтай юм. Тус компанийн орлого энэ оны эхний хагас жилд 22 хувиар буурсан дүнтэй гарсан ч ирэх жилүүдэд дэлхий нийтийн зэсийн эрэлт хэрэгцээ өссөөр байна гэж шинжээчид таамаглаж буй. 2020 он хүртэл дэлхийн зэсийн эрэлт 25 хувиар өсч, 25,5 сая тоннд хүрнэ гэсэн тооцоог Рио-Тинто гаргажээ. Одоогоор Рио-Тинто компанийн орлогын 78 хувийг төмрийн хүдэр бүрдүүлж байгаа ч цаашид зэсээс орж ирэх ашиг нэмэгдэнэ гэж таамаглаж байгаа аж. 2014 он гэхэд Риогийн орлогын дөрөвний нэг хувийг зэс бүрдүүлэх бөгөөд үүнд Оюу толгой хувь нэмрээ оруулна гэж “JPMorgan Chase &Co”-гийн шинжээч Линдон Фаган “Bloomberg”-т ярьсан байна.