Австралийн уул уурхайн оргил үе дууссан гэдгийг тус улсын Нөөц баялгийн сайд мэдэгдлээ. Эдийн засгийнх нь өсөлтийг тэтгэгч гол салбарын нэг болох уул уурхайн салбар эрчимтэй өргөжиж тэлж байсан үе ард хоцорсон болохыг сайд Мартин Фергюсон “ABC” радиод ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Түүний энэ мэдэгдлийн өмнөхөн Англи-Австралийн “BHP Biliton” компани төлөвлөснөөсөө 35 хувиар бага ашиг олсон тухайгаа зарласан юм. Уул уурхайн аварга том корпорацуудын нэг болох “BHP Biliton”-ы орлого ашиг буурсан нь энэ салбарын ойрын үеийн нөхцөл байдал сайнгүй байгааг харуулж буй юм. Австралийн Нөөц баялгийн сайд ингэж мэдэгдэж байгаа ч Сангийн сайд нь өөр байр суурьтай байна. Сайд Пенни Вонг хэлэхдээ “Манай уул уурхайд цааш өсч дэвжих цаг хугацаа зөндөө бий. Манайд орж ирэхээр яригдаж буй хагас триллион долларын хөрөнгө оруулалт бий” гэжээ.