Бүгд Найрамдах Турк Улсаас монгол иргэдээ авчирхаар “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц өнөө өглөө “Чингис хаан” ОУНБ-аас хөөрсөн. Улсын онцгой комиссын шийдвэрээр нислэгийн бүрэлдэхүүнд Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч 2, ХӨСҮТ-ийн 1 эмч багтсан байгаа.
Улсын ахлах байцаагч, эмч нар нислэгийн явцад зорчигчдод эрүүл мэндийн тандалт хийж ажиллах нь. Экипажийн бүрэлдэхүүнд 4 нисгэгч, 2 инженер, техникийн ажилтан, 9 үйлчлэгч багтсан бөгөөд Улсын онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 04 дүгээр тогтоолын дагуу бүгд 14 хоног тусгаарлагдах юм.
Энэхүү онгоцоор ирэх иргэдийн тоо эцсийн байдлаар тогтоогдоогүй байгаа ч урьдчилсан байдлаар 252 зорчигч ирнэ гэсэн мэдээлэл бий. Тэднийг Зүчи зочид буудал, Бага баянгийн амралтын газар, Асралтмед эмнэлгүүдэд тусгаарлахаар бэлтгэлээ хангасан байна. Ингэхдээ голомтот бүс нутгаас ирсэн иргэдийг ХӨСҮТ-д, эмнэлгийн тусламж шаардлагатай иргэдийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлах аж.
Урьдчилсан байдлаар тус онгоцоор биеийн байдал нь хүнд нэг хүүхэд ирэх бөгөөд COVID-19 халдварын улмаас бус өөр өвчнөөр өвдсөн гэдгийг ЭМЯ-наас өнөөдөр өглөө ээлжит мэдээлэл хийх үеэрээ мэдэгдсэн юм.