ЭМЯ-наас COVID-19 халдварын нөхцөл байдал манайд болоод бусад улс оронд ямар байгаа талаар ээлжит мэдээллээ хүргэж байна. Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Х.Нарангэрэл “Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр эрсдэлтэй бүсүүдээс хүүхэд, хөгшчүүл, нялх биетэй эмэгтэйчүүд гээд хүндэтгэх шалтгаантай иргэдээ гадаадын улс орнуудаас авч ирсэн. Өвчлөл өндөртэй улс орноос ирж байгаа учраас эрсдэл ихтэй гэдгийг урьдчилан мэдэж тооцоолж бэлэн байдлынхаа арга хэмжээг авсан байсан. Нэгдүгээрт онгоцонд бүх хүнийг масктай оруулсан. Хоёрдугаарт хоол хүнс өгөөгүй. Гуравдугаарт аль болох хоорондоо ярихгүй байх зөвлөмж өгсөн. Мэргэжлийн хяналтын байцаагч эмч нар хүмүүсийн дунд явж ажиглалт хийж, биеийн байдлыг нь эрэмбэлэн ангилалт хийж байсан. Тэгэхээр тархвар судлалын хувьд харьцангуй хүн амд эрсдэл багатай голомт байгаа юм. БНСУ-аас ирсэн хоёр тохиолдол тэндээ эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байсан хүмүүс байгаа. Эмнэлэг гэдэг бол энэ халдварыг цааш нь тархаах үндэс суурь болж байна. Ийм учраас аль болох эмнэлгээр битгий яваарай. Гараа сайн угааж, амны хаалтаа байнга зүүгээрэй. Дархлаагаа дэмжээрэй” гэв.