Шинэ Засгийн газрын томилгоог гадаадын хөрөнгө оруулагчид биднээс дутахгүй анхааралтай ажиглаж байна. Тэр дундаа уул уурхайн салбарыг ирэх дөрвөн жил удирдах хүн хэн гэгч, ямар байр суурьтай нэгэн болохыг үүх түүхтэй нь судлан шинжиж эхэллээ. Уул уурхайн сайдаар томилогдоод тун удаагүй байгаа Д.Ганхуягийн талаарх мэдээлэл олон улсын хэвлэл, цахим хуудсуудаар сүүлийн долоо хоногийн дотор цөөн биш удаа үзэгдсэн нь үүний нотолгоо болно. Гэхдээ шинэ сайдын талаархи мэдээллүүдээс тийм ч таатай өнгө аяс ажиглагдахгүй байгаагийн дээр гадаадын хөрөнгө оруулагчдын айдас болгоомжлол юун түрүүнд мэдрэгдэж байна. Учир юу гэвэл, гадны хэвлэлүүд салбарын шинжээчид, хөрөнгө оруулагчдын хэлсэн үгийг иш болгон “Баялгийн үндсэрхэг үзэлтэн сайд боллоо” гэсэн утга бүхий мэдээ нийтлэл гаргаж байгаа юм.
Д.Ганхуяг одоогоос гурван жилийн өмнө буюу 2009 онд Оюу толгойн гэрээг өөрчлөх тухай асуудал сөхөгдөхөд “Төр уг ордоос 50 хувь хүртэл эзэмших ёстой” гэсэн байр суурин дээр хатуу зогсч байсан гишүүдийн нэг. Тийм ч учраас уул уурхайн баялаг, орд газрыг төрийн мэдэлд байхыг дэмждэг, үндсэрхэг үзэл бодолтой хэмээн Д.Ганхуягийг гадаадын хөрөнгө оруулагчид дүгнэж байгаа бололтой.
“Origo Partners”-ын Улаанбаатар дахь шинжээч Дэйл Чой “Ройтерс” агентлагт ярихдаа “Д.Ганхуяг бол Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хамгийн хатуу байр суурьтай байсан парламентын гишүүдийн нэг гэдгээр хөрөнгө оруулагчид сайн мэднэ. Гэхдээ түүний байр суурь нь тухайн үеийн Засгийн газар, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалсан байх гэж бид харж байна. Одоо тэрээр шинэ Засгийн газрын нэг бүрэлдэхүүн болсон учраас урьдын хатуу байр сууриа баримтлахгүй байх гэж найдаж байна” гэжээ.
Сайд Д.Ганхуяг 2009 онд УИХ-ын хэсэг гишүүдийн хамт “Рио-Тинто” болон “Айвенхоу Майнз” компанид захидал илгээж, тус ордоос Засгийн газрын эзэмших хувийг 50 хувь хүртэл нэмэх тухай хэлэлцээрт орохыг шаардан, гарын үсгээ зурж байсан юм. Нэг хэсэгтээ гадаадын хөрөнгө оруулагчдыг эргэлзээнд оруулж байсан энэ үйл явдлаас улбаалан уул уурхайн шинэ сайд ирэх дөрвөн жилд ямар бодлого барих бол гэдэг хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн сонирхол татсан бас санаа зовоосон асуудал болоод байгаа бололтой.
Зөвхөн Д.Ганхуяг сайдын томилгоо гэлтгүй анхнаасаа Ардчилсан нам эвслийн Засгийн газар байгуулахдаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран ажиллахаар болсон нь гадаадын хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэснийг тухайн үеийн олон улсын хэвлэлүүдийн хуудаснаас бэлхнээ харж болно. Учир нь, МАХН, түүний дарга Н.Энхбаяр бас л Оюу толгойн гэрээг эргэн харж, засч сайжруулах ёстой гэсэн байр суурь баримталдгаараа аль хэдийнэ хөрөнгө оруулагчдад танил болсон. Гэтэл тийм байр суурьтай нам ирэх дөрвөн жил төр барилцаж, бодлого тодорхойлох болсон нь хөрөнгө оруулагчдыг эргэлзэхэд хүргэсэн юм.
Өнөөдөр Монгол улс уул уурхайн асар их баялгаараа олон улсын хөрөнгө оруулагчдын байнгын анхаарлын төвд орчихоод байгаа. Тэд Монголын улстөрчдөөс хэн нь ямар үзэл бодолтой, уул уурхайн баялгийг төр хэрхэн эзэмших тал дээр ямар байр суурьтай байдгийг нь андахгүй мэддэг болжээ. “Reuters”, “Mineweb.com”, “Chicago Tribune” гээд гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ойрын үед гарч буй дээрх мэдээллүүд ч үүний нэг илрэл биз ээ.